Хуушуурын гуанзнаас гарч ирсэн залуу тамхины ишээ газар руу няслахын зэрэгцээ халааснаасаа юу ч юм аваад хаячихав. “Хогийн саванд хийгээч” гэтэл муухан мушилзсанаа хамт явж байсан хэд рүүгээ харж, хөхрөлдсөөр холдов. Гудамжинд давхарлан тавьсан цаасан хайрцагнууд дээр оймс, бээлий, үсний боолт дэлгэн, зардаг эмэгтэйгээс “Орой тараад хайрцагнуудаа аваад явдаг уу” гэж асуухад “Эндээ үлдээдэг, эвдэрч хэмхэрсэн байвал дэлгүүрийнхнээс шинийг олчихно. Өөрсдөө гаргаад тавьчихдаг тул бүтэн, зузаанаас нь авдаг” гэлээ. Энэ хавьд хог овоорох нөхцөл үүсгэж буйгаа мэдэх үү, ядаж хогийн цэгт хая” гэвэл “Хаа сайгүй л хогтой биз дээ” хэмээн шилбэлзэв.
Манай байрныхан (Баянгол дүүргийн XIX хороо орчим) гэрээс гарангуут хоёр байшингийн дундуур нарийвтар зайгаар гарч авто замд хүрдэг юм. Тэр зайд үхсэн хүнээс бусад нь байдаг гэвэл хилсдэхгүй. Том, жижиг гялгар уут, ноорхой хувцас, хоолны үлдэгдэл, тамхины иш, бэлгэвч, тэр ч бүү хэл, согтуу хүн хэвтэх нь ч бий. Хүний биеийн дээд, доод сүвээр гарсан ялгадас өвлийн улиралд байшингийн хананаас эхлэн, явах зам дагуу урсан хөлдөж, гялтайсан нь элбэг. Цэвэрлэгч нь (албан газрууд хааш хаашаа 50 метр талбайг цэвэрлэх үүрэгтэй) зарим өглөө хүрзээр тас нясхийтэл цохиж байх тул хүн рүү ойх нь ч дүүрч, нүүр, нүд рүү үсэрчих вий гэдгээс болгоомжлон гараараа тагласхийн өнгөрөх нь бий. Энэ бол Баянгол дүүрэг, бидний нэрлэж заншсанаар III, IV хорооллын хог багтаж шингэхээ больсны багахан жишээ. Хог бөөгнүүлэх зориулалтаар тавьсан тэвшнь дүүрч, сагаж халиад, овоо үүсгэжээ. 100 метр гаруй явахад л хогийн савнууд байх ч мөн л бохир нь хальжээ. Автобусны буудал, ТҮЦ, дэлгүүрүүдийн ойролцоох тамхины иш, бохь, чихрийн цаас, өнгө алаглана. Хаврын хавсарга эхлэхээр нэгэн найрагчийн шүлэглэсэнчлэн “Гялгар уутнууд хонох газраа хайж нисэлдэнэ” дээ.
Улбар шар хантаазтай, үйлчилгээний ажилтнууд шүүрээ “тачигнуулан” тосгуур, хүрз, түрдэг тэргээр зэвсэглэн ажилласаар байгаа ч хог овоолгоостой хэвээр. Ялангуяа өглөөд илүү олноороо харагддаг тэд цэвэрлээд хүч хүрдэггүй юү, эсвэл ажлаа дутуу хийдэг үү. Үүнийг тодруулахаар Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрыг зорилоо. Дүүргийн Засаг даргын орлогч Э.Батбилэг “Хог дийлдэхгүй, та нар ажлаа хийдэггүй гэх гомдол дүүрэг бүрт ирдэг болов уу. Манай дүүргийн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээнд өдөр бүр 90 ажилчин, 44 машин гардаг. Ялангуяа III, IV хороолол маш олон үйлчилгээний төв, цэнгээний газар, орон сууц, дэлгүүртэй. Энэ хэрээр хүмүүс холхин, хог ч их тарина. Бүх боломжоороо цэвэрлэж буй ч хүч хүрдэггүй. Үйлчилгээний төвүүдээс гарсан хогийг цэвэрлэж, зайлуулсны хөлсийг бүрэн авч чаддаггүй. Гэр хорооллын нэг хашаанд бүртгэлтэй айлаар нь тооцон төлбөр авдаг ч бүртгэлгүй олон өрх завшиж үлддэг. Мөн гудамжинд наймаа хийдэг хүмүүс хогийн төлбөр төлдөггүй. Түүнчлэн хог зайлуулах өртөг 2013 оны баталсан дүнгээр буюу нэг тонн нь 2100-3000 төгрөг хэвээр буй нь байгууллагын төсвийг хүндрүүлдэг. Бас дүүргийн хогийн хэмжээ сүүлийн нэг жилд 12 000 тонноор нэмэгдсэн. Энэ нь зөвшөөрөлгүй барилга барьж, хүн амын тоо өссөн болон гар дээрээс худалдаа эрхлэгч, ТҮЦ-ийн тоо олширсонтой холбоотой. Хамгийн гол нь яаж ч цэвэрлээд нэмэргүй, хогийн цэгийн тухай ойлголтгүй шахам иргэдийн гайгаар өөдлөхгүй байна” хэмээн халаглав.