НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр хуралдаж, хотын захирагчийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Нийслэлийн Засаг даргыг сонгох өмнөх санал хураалтаар С.Мөнхчулуун олонхийн санал авсан ч Ерөнхий сайд батламжлаагүй. Харин энэ удаагийн НИТХ-аар Ерөнхий сайд шууд батламжлах хулуийн заалттай.
Ингээд хуралдаанаар Хотын даргыг томилох саналыг НИТХ дахь МАН-ын дарга Р.Дагва танилцуулах байсан ч Ардчилсан намын бүлгийн зүгээс нэг цагийн завсарлага авах санал гаргасан юм. Ингээд НИТХ-ын дарга С.Амарсайхан Ардчилсан намын бүлэгт нэг цагийн завсарлага өглөө.
Ташрамд, өмнөх хуралдаанд олонхийн санал авсан төлөөлөгч С.Мөнхчулуун дахин нэр дэвшсэн бол эрх баригч намаас С.Амарсайханыг нэр дэвшүүлэхээр болсон юм.
Гэтэл хурал болж буй Хангарьд ордонд ТҮЦ эрхлэгчид болоод бизнес эрхлэгч эмэгтэйчүүд орж ирж НИТХ-ын дарга С.Амарсайханыг эсэргүүцэж, эсэргүүцэл зарлалаа. Ингээд эмх замбараагүй байдал үүссэн тул цагдаа нар тус эмэгтэйчүүдийг хурлын танхимаас хүчээр гаргасан юм.
Харин энэ талаар "Бид хурлыг аль болох нээлттэй явуулах үүднээс шууд дамжуулалт явуулж байгаа. Хэрэв иргэдийн төлөөллөөс хуралд оролцохыг хүсвэл урьдчилсан байдлаар нэрээ өгч бүртгүүлэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, албан бичгээр урьдчилж хүсэлтээ өгөөгүй тохиолдолд хурлын танхим руу оруулах боломжгүй юм. ТҮЦ буулгах асуудалд нэлээдгүй бухимдалтай байх шиг байна. НИТХ-ын дарга С.Амарсайхан бол шийдвэр гаргадаг биш, харин бодлого тодорхойлдог хүн юм" хэмээн албаныхан хэллээ.