Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын ахмадын холбооны удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож байгаа иргэдийн төлөөллийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзлаа. Ахмадууд Засгийн газрын үйл ажиллагаа, тэр дундаа олон жил ярьж ирсэн, томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, шударга ёс тогтоон, сахилга, хариуцлагыг чангатгаж байгааг нь дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу тэднийг үнэ төлбөргүй эмчилдэг Геронтологийн төвийг нэн даруй ашиглалтад оруулах, тэтгэврийн зөрүүг арилгах, ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хуваарилдаг төсвийг нэмэх, орон нутагт ахмадын түрээсийн орон сууц барих, аймгийн Засаг дарга нартай байгуулдаг үр дүнгийн гэрээнд ахмадуудыг дэмжих чиглэлээр заалт нэмэх, 2020 оныг Ахмадын жил болгохыг хүсэв.
Эдгээр санал, хүсэлтийг нь анхааралдаа авахаа Ерөнхий сайд хэлээд, эдийн засгийн өсөлтийн үр шимийг ахмад настнууддаа хүртээхийн төлөө ажиллана гэлээ. Ахмадуудад тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг орон нутагтаа шийдэх чиглэлээр бодитой арга хэмжээ авахыг Засаг дарга нарт даалгаж, албан даалгавар гаргахаа ч илэрхийллээ. Мөн “Ахмадын холбооны санхүүжилтийг бололцооныхоо хүрээнд нэмнэ” гэв.