Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад удаагүй байна. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тэргүүн эгнээнд уг хуулийн төсөл “харайлгаж” яваа сурагтай.
Өнөөдөр мөрдөж буй Хөдөлмөрийн тухай хууль үеэ өнгөрөөгөөд, хэрэгцээ шаардлага хангахаа больсныг нийгмийн даатгал төлж буй хүн бүхэн шүүмжилдэг гэхэд хилсдэхгүй.
Нүдэн балай, чихэн дүлий хууль гэцгээх нь ч бий. 1999 онд баталсан уг хууль наад захын гэрээ байгуулахаас өмнөх хөдөлмөрийн харилцааг ч зохицуулж чадахгүй байгаа учраас иргэд ийн гоочилж буй юм.
Иймээс 2009 онд Хөдөлмөрийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. 10 жил нухсан учир ажилтан, албан хаагчийн эрхийг хамгаалсан бузгай сайн хууль болсон гэж ам уралдан магтах нэг хэсэг байна. Гэхдээ долоо хэмжиж, нэг огтлох учиртай амин чухал хууль учир шүүсийг нь сайн шавхах хэрэгтэй хэмээх “эсэргүү” нөхөд бас цөөнгүй. Зарим зүйл заалт нь ажилтан, албан хаагчийн эрхийг хохирооно гэж шүүмжлэх хуульчтай ч таарлаа. Сайн, бас саар мэдээний аль алиныг нь судалж үзлээ. Муугаас нь эхэлье.
Хуулийн шинэчилсэн найруулгад сонирхлын маргаан гаргах эрхийг хязгаарласнаараа ажилтан албан хаагчид эвлэлдэн нэгдэж, үг хэлэх үндсэн эрхийг нь зөрчсөн гэж үзэж буй. Тухайлбал, хуулийн төсөлд ажилтан, албан хаагч ажил олгогчтой гэрээ байгуулах эрхтэй гэж заажээ. Гэрээнд цалингийн нэмэгдлийг хуулийн дагуу олгоно, ажиллах нөхцөлийг сайжруулна, илүү цагийн мөнгийг төд болгон өсгөнө гэх мэтээр санал гаргаж болохыг нэмж өгчээ. Мянган сайхан үг, өгүүлбэр гэрээнд тусгаж болно. Хамгийн гол нь гэрээнд заасан үүргээ удирдлагаас шаардаж, үйлдвэрчний эвлэлүүд эвлэлдэн нэгдэж, үг хэлэх, жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг хориглосон заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан нь өмнөхөө дордуулсан өөрчлөлт гэж үзэж байна. Угаас жагсахгүй л бол ажилтан, албан хаагчид хохирч үлддэг жишээ Монголд олон бий. Нөгөөтээгүүр олуулаа хамтарч жагсаж байж, сая нэг юм эрхээ хамгаалуулдаг нь гашуун үнэн юм.
Хоёрдугаарт, одоогийн мөрдөж буй хуулийн 97.1.1-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд таван сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгоно” гэж заасныг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаагүй аж. Өнгөрсөн 20 жилд хөдөлмөрийн чадвараа 30 хүртэлх хувиар алдсан цөөнгүй иргэнийг ажилдаа тэнцэхгүй хэмээн халж, сольж иржээ. Тэгсэн хэрнээ таван сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн олговор өгдөггүй байсан гэх. Тиймээс хэрэгждэггүй заалт хэмээн хассан гэнэ. Харин МҮЭХ-ныхон өөр байр суурьтай байна. Хэрэгждэггүй заалт хэмээн хасах биш, хэрэгжүүлдэг болох талаас нь анхаарч, хуульд нарийвчлан тусгаж өгвөл олон хүний эрхийг хамгаална хэмээсэн.
Уул уурхай, барилга, тээврийн салбарт осол гарах нь элбэг байдаг. Үүнийг МХЕГ-аас гаргаж буй судалгаа нотолно. Ажиллах хүч зуучлах компаниар дамжуулан ажилд ордог хүн цөөнгүй. Тэд эрүүл мэндээрээ хохирч, осолд өртсөн тохиолдолд эрсдэлийг өөрөө үүрч үлдэх нь олонтоо. Компанийн захирлууд ажиллах хүч зуучлах компанид хандах нь элбэг гэнэ. Аливаа эрсдэлээс зугтах, зардлаа хэмнэх гэсэн далд санаатайгаар ийн ханддаг гэх. Өөрөөр хэлбэл, ажилтан, албан хаагч осолд ороход зуучилсан компаниасаа төлбөрөө ав хэмээн нүүр буруулдаг. Харин зуучлагч компани “Бид өглөө бүр ажлын байранд чинь очоод уул уурхайн заавар зөвлөгөө өгөхгүй, аюулгүйн дүрэм журам танилцуулах үүрэг хүлээхгүй, тийм боломж ч байхгүй” хэмээн бас бултдаг. Энэ асуудлыг хуулийн төсөлд тодорхой тусгаж өгөөгүйг үйлдвэрчний эвлэлийн байгууллагынхан эсэргүүцэж буй.
Сайн тал нь гэвэл гэрээ байгуулсан, эсэхээс үл хамааран ажилтны эрх ашгийг шинэ хуулиар хамгаална. Ерөнхийдөө олон улсын конвенц, дэлхийн хөдөлмөрийн байгууллагаас мөрддөг зүйл заалттай шинэ хуулиа аль болох уялдуулахыг төслийн багийнхан анхаарсан аж. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүний хөдөлмөрлөх эрхийг дээдэлсэн, суурь эрхийг хамгаалсан заалтууд түлхүү оруулжээ. Тухайлбал, ажил олгогч нар ажилтнаасаа барьцаа шаарддаг. Худалдагч, борлуулагчаас барьцаа хөрөнгө, үйлчлэгч, тогоочоос иргэний үнэмлэх, дипломыг эх хувиар шаардах нь энүүхэнд. Биеийн байцаалт, дипломыг нь хурааж авсан тохиолдол бишгүйдээ гардаг. Тэгвэл үүнийг шинэ хуулиар хязгаарлажээ. Нөгөөтээгүүр, гэрийн үйлчлэгч, бие хамгаалагч, жолооч зэрэг хувь хүн, айл өрхөд ажил эрхэлж хүмүүс нийгмийн даатгалд хамрагдаж чаддаггүй. Шинэ хуулиар дээр дурдсан ажил эрхэлдэг хүмүүсийн нийгмийн даатгалыг заавал төлөх үүргийг ажил олгогч нарт даалгажээ. Тодруулбал, гэртээ байлгаж байгаа бол дэлхийн жишиг, олон улсын хэм хэмжээг баримтална гэж хуульчилжээ.
Туслах малчин нийгмийн даатгал төлдөггүй байсан. Тэгвэл Хөдөлмөрийн тухай хууль батлагдсанаар тэд нийгмийн даатгалаа нөхөн төлүүлж эхэлнэ. Түүнчлэн цалин хөлсөө байнга мөнгөөр бус, ямар нэгэн эд бараагаар, эсвэл малаар орлуулж авдаг байсан аж. Харин дээрх хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд туслах малчинд цалингийн 30 хувийг мөнгөн бусаар өгч болно. Үлдсэнийг нь заавал бэлэн мөнгөөр өгөх заалт оруулжээ.
Ажлын байрны ялгаварлан гадуурхах асуудлыг мөн хуулийн төсөлд нарийвчлан тусгажээ. Хэл амаар доромжлох, гаднах төрхөөр ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамтад оруулах зэрэг үйлдлийг хязгаарлажээ. Одоогийн мөрдөж буй хуульд дээрх асуудлыг зохицуулаагүй байдаг аж. Ажлын байрны бэлгийн дарамт ихэвчлэн удирдах ажилтнаас ирдэг гэх судалгаа бий. Тиймээс хуулийн төсөлд энэ тухай гомдлыг Хүний эрхийн үндэсний комисст гаргах ёстой хэмээн заажээ. Харин МҮЭХ энэ заалтаа илүү боловсронгуй болгох ёстойг онцолсон. Учир нь ХЭҮК нь шийдвэр, тушаал гаргах эрх бүхий байгууллага биш. Зөвхөн зөвлөмж гаргадаг учир ажилтны эрх ашгийг бүрэн хамгаалж чадахгүй хэмээсэн. Тиймээс компанийн захирал бол ТУЗ-д, улсын байгууллага бол дээд шатны байгууллагад гомдлоо давхар гаргах асуудлыг нарийвчлан тусгах ёстой гэсэн юм.
Энэ мэтээр ажилтан, албан хаагчид хууль батлагдахын өмнө хоёр тал болон мэтгэлцэж байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 15-аас дээш насны 1 238 868 иргэн ажил эрхэлж буй. Дусалсан хөлс бүхнээ үнэ цэнтэй байлгаж, Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаажуулахад бидний санал чухал үүрэгтэй. Угаас энэ хууль насанд хүрсэн хүн бүрт хамаатай. Хуулийн төсөлд хөнгөн хуумгай хандах нь эргээд бидэнд сөргөөр нөлөөлөх учраас батлагдахаас нь өмнө саналаа өгөхийг дахин сануулъя.