Шатарт хоёр нүүдлийн цаадхыг харсан нь хождог. Улс төрд хоёр нүүдлийг зэрэг хийж чадсан нь хол явдаг. Тийм хүнийг стратегич гэх ба МАН-ынхан С.Баярыг тийм шалгуурт тэнцүүлж ярьдаг. Харин У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхийлөгчтэй хослон тоглож байгаа ч стратегийн улс төр хийж байна гэж харах боломжгүй. Гэхдээ тэр одоогоор Ерөнхийлөгч Х.Баттулгын стратегийн дэмжлэг доор хүссэнээ авч, УИХ, Засгийн газар, МАН-ын түвшинд “У.Хүрэлсүхийн ханлиг”-ийг байгуулж чадав. Үүний хамгийн том нотолгоо нь УИХ-ын даргын томилгоо юм. Хэдэн жилийн өмнө Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулж, Ч.Сайханбилэгийг Засгийн газрын тэргүүнээр томилсон. Тэр үед хэвлэлүүд эхэндээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг “Өндөр Алтанхуяг” гэж бичиж байв. Үүнтэй нэгэн адил, УИХ-ын дарга Г.Занданшатар бол одоогоор, ер нь цаашдаа бэрс гарч чадахгүй бол арай өндөр Хүрэлсүх л харагдана.
Уг нь тэрбээр эзэмшсэн боловсрол, улс төрд хашсан албан тушаалынхаа эрэмбээр УИХ-ын дарга байхад мэдлэг, ажлын туршлага дутахын зовлонгүй. Гэвч улс төрийн харьяалал, нөлөөллөөр нь Г.Занданшатарыг У.Хүрэлсүхээс салгаж харах аргагүй, түүний үгнээс зөрж алх цохино гэдэгт итгэх боломжгүй. Хувь хүний зан характер нь зөөлөн ч, хатуухан хэлэхэд, чуулганы танхимд Б.Пүрэвдорж гишүүний “Хүрэлсүхийн хүүхэлдэй” гэсэн нь улс төрд, улс төрийн амьдралд бол үнэний ортой.
М.Энхболдыг огцруулсны дараа УИХ-ын дарга болох боломжит кандидат МАН-д олон байсан бол У.Хүрэлсүхэд өөрөөс нь урвахгүй, үг зөрөхгүй ганц л хүн байсан нь Г.Занданшатар юм. Энэ үйл явдлын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн бус хэрнээ “Сразу майор” гэдэг шиг өөрийг нь Ерөнхий сайдаар томилсон, бас Засгийн газрыг нь хянах үүрэгтэй УИХ-ынхаа албан бус дарга болов. Эрх баригч намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ыг давхар “удирдсан”, ҮАБЗ-ийн гурван саналын хоёрыг халаасалсан Хүүкийг одоо хэн хянах вэ?
Өнөөдөр битгий хэл, 1990 оноос хойших Монголын улс төрд парламентын гаднаас ингэж эрх баригч нам-Засгийн газар-УИХ-ыг гурвууланг нь давхар удирдсан хүн гараагүй юм. 2001 онд УИХ-ын дарга Л.Энэбиш нас барсны дараа тэр үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр иймэрхүү эрэмбэд хүрсэн. Н.Энхбаяр анхнаасаа намаа сонгуульд удирдаж орсон намын дарга, нам нь ялсан учраас Ерөнхий сайд болсон, өөрөө УИХ-ын гишүүн байв. Харин У.Хүрэлсүх 2016 оны сонгуульд өөрөө нэр дэвшээгүй хэрнээ энэхүү ялалтын үр дүнгээр намын дарга, Ерөнхий сайд, улмаар УИХ-ын дарга гээд бүгдийг замын дундаас цуглуулж чадсанаараа Н.Энхбаяраас ялгаатай юм. Яг хууль ном, УИХ дахь кнопны дэмжлэг, төрийн институцүүдийн эрх мэдлийн хуваарилалт талаасаа У.Хүрэлсүхийг хянах боломж Ерөнхийлөгчид ч бараг байхгүй болов. Нам дотор нь гэхэд 2020 оны сонгууль ойртох тусам нэр дэвших мандатаа авахын тулд тэрсэлдэгчид нь хүртэл түүнтэй тэврэлдэхийг илүүд үзэж байна. Тийм ээ, У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхийлөгчийг давхар удирдах хаан болж амжаагүй ч Монголын улс төрд бүгдийг мэдэх, удирдах заан болж чаджээ.
Монгол бол салхи нь зөв үлээвэл ялтнаа хаан, салхи нь буруу эргэвэл хаанаа ч ялтан болгох улс төрийн ардчилалтай орон. 1990 оноос хойш тийм л явж ирсэн, үүнийг У.Хүрэлсүх сайн мэднэ. Харин сүүлийн жилүүдэд салхи зөв үлээх, буруу эргэхийг нийгмийн сүлжээ илүү удирдаад байх шиг. Нийгмийн сүлжээн дэх Ерөнхийлөгчийн баг нь энэ талдаа Ерөнхий сайд болон МАН-ынхнаас арай хүчтэй харагддаг. Тэгэхдээ Ерөнхийлөгч стратегийн сонирхолдоо хүртэл, Ерөнхий сайд Хэнтийн нөхөн сонгууль өнгөртөл энэ хоёр хүний хоршил тийм ч амар харшилдахгүй л болов уу!
Ерөнхийлөгчийн стратегийн, холын сонирхлыг яг баттай мэдэхгүй. Нийгмийн сүлжээгээр л Монголыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д элсүүлэх гэж байна гэх, дэмжигчид нь энэ сэдвийг сэвэх, элсвэл олон тэрбум ам.долларын буцалтгүй тусламж өгөх учраас Ерөнхий сайд дэмжээд байгаа гэх юм... зэрэг жиргээ урсах юм. Энэ бол маш том бөгөөд миний анзааны хүн анализ хийдэг, ер нь хүн бүр амныхаа зоргоор ярьдаг, мэдэмхийрдэг сэдэв ч биш байх. Би бол ШХАБ нь эдийн засгийн гэхээсээ цэргийн эвсэл талдаа илүү, энэ байгууллагын гишүүн бүх орон нэг хүний буюу Ерөнхийлөгчийн засаглалтай, бас бүгдээрээ шахам газар нутгийн маргаантай, гишүүн орнууддаа ОУВС шиг эдийн засгийн дэмжлэггүй, хил, газар нутгийн маргаанд илүү анхаардаг байгууллага гэх ерөнхий мэдээлэлтэй л нэгэн. Хэрвээ ШХАБ-д элсвэл Монгол Улс хоёр хөрштэйгөө өнөөдрийнх шиг толгой дээгүүр харилцаж чадах уу, эсвэл тэдний суганд толгойгоо хавчуулсан нэгэн болох уу гэдгийг дотооддоо арай өндөр түвшинд нээлттэй ярилцаж, гадагшаа “нэг ам”-аар цацах ёстой юм болов уу. Хэрвээ Монгол Улс ШХАБ-д элсвэл эх орон, эрх чөлөө хоёр минь хавханд орох, эсэхийг, элсэхгүй бол ШХАБ-ын дундах ардчиллын арал болж үлдэж чадах, үгүйг шийддэг газар нь ярьж, түүхийн өмнөх хариуцлагаа хүлээх ёстой бөгөөд үүрэгтэй.
Харин Хэнтийн нөхөн сонгуулийн тоймыг арай өөрөөр харна, ханатай буудна. Шуудхан хэлэхэд, энэ сонгууль хэнтийчүүд, 42 дугаар тойргийнхонд онцын ач холбогдолгүй. Тэнд нэр дэвшүүлсэн намууддаа л илүү ач холбогдолтой. Наадмын өмнөх бөхчүүдийн их сорилго, хурдан морьдын сунгаа гэдэг шиг 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг тодорхойлно. Зөвхөн намууд бус, зарим улстөрчийн улс төрийн амьдрал, карьерт цохилт өгөх магадлал нь илүү. Энэ утгаараа, хөлбөмбөгөөр бол 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөх “Үхлийн хэсэг” нь Хэнтийн нөхөн сонгуулийн 42 дугаар тойрог. Тэнд лидерүүд, шилдгүүдийн өрсөлдөөн болно гэсэн үг биш, харин улс төрд амьд үлдэх намууд хийгээд хувь улстөрчдийн тулаан болно гэсэн санаа.
МАН, АН, МАХН-ын аль нь ч ялсан, УИХ дахь хүчний харьцаанд өөрчлөлт орохгүй, ач холбогдол ч байхгүй. АН ялбал наймуулаа болж, УИХ-д бүлгээ дахин сэргээн байгуулах боломжтой гэх ч маргаантай. Хуульд УИХ-ын ээлжит сонгуулиар найм ба түүнээс дээш суудал авсан нам бүлэг байгуулах эрхтэйг заасан. Ээлжит сонгууль гэж тодотгосны учир нь нөхөн сонгуулийн дүнг тооцохгүй гэсэн утга. Гэвч Монголын улстөрчид хуулийг тохиролцоо, цаг үе, улс төрийн эрх ашигтаа тааруулан тайлбарладаг, хэрэглэдэг учир энд эцэслэх боломжгүй. Үүнийг эс тооцвол МАН эргээд 65-уул, АН найм, МАХН хоёр, бие даагчид хоёр болохын аль нь ч ялгаагүй. Харин ялагдсан нам рейтинггүй, олон нийтийн дэмжлэггүйн дохио болж уншигдана. Намын нэр хүнд гэдэг нь намын даргын нэр хүндийн тал байдаг учир ялагдсан намынхаа нэр хүндийг дагаад намын дарга-хувь улстөрчийн нэр хүнд унана, түүнтэй улс төрийн хариуцлагын асуудал ярина.
МАН ялагдлаа гэхэд даргатайгаа хариуцлага ярина, эс ярьсан ч У.Хүрэлсүхийн цаашдын карьерт сануулга болж үлдэнэ. У.Хүрэлсүх өөрөө нэр дэвшээд ялагдвал УИХ-ын жижиг тойрогт, тэгээд төрсөн нутагтаа ялагдаж байгаа хүн дараа нь 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд улсын хэмжээнд ялах боломжтой, эсэхийг бодох хэрэгтэй болно. МАН-ын дарга давхар зовлон олонтой. Хэнтийн сонгуульд тэр өөрөө нэр дэвших үү, өрөөлийг нэр дэвшүүлэх үү гэдэг нь хамгийн хэцүү шийдвэр. Аль ч хувилбар дээр ялалтын гавьяа, ялагдлын алдааны хамгийн хүндийг У.Хүрэлсүх өөрөө үүрэх бөгөөд тийм үүрэгтэй. Яагаад гэвэл тэр намын дарга. Тэр өөрөө нэр дэвшлээ гэхэд ялах нь ч, ялагдах нь ч эргэлзээтэй. Түүнтэй хамт МАН намаараа эрсдэлд орно. Хэрвээ өөр хүн нэр дэвшвэл МАН-ын ялагдах магадлал нь намын дарга нэр дэвшсэнээс ч илүү болно. Өөр нэгэн дэвшээд ялагдвал нэр дэвшигч л ялагдсан болно, харин У.Хүрэлсүх дэвшээд ялагдвал МАН-ын дарга нь намтайгаа, Ерөнхий сайд нь Засгийн газартайгаа ялагдсан болно. Энэ мэтээр У.Хүрэлсүх нэр дэвшихээс бултаж чадлаа ч МАН ялагдсан тохиолдолд хариуцлагаас бултах боломжгүй юм. Ер нь тэгээд ч жанжин Чапаев цэргийнхээ өмнө явдаг болохоос хойно нь сууж үлддэггүйг, үлддэггүйн учрыг цэргийн мэргэжилтэй Ерөнхий сайд өөрөө сайн мэднэ дээ. Харин ялбал өөр хэрэг, илүү хүчирхэгжинэ. Иймд түүнийг ялуулахын төлөө зүтгэх хүч, мөн ялагдуулахын төлөө зугтаах хүчний аль аль нь МАН дотор бий. Ашигтай нүүдлээ хараад одоогийн алтан түнш-Ерөнхийлөгч ч МАН, МАН-ын нэр дэвшигчийн ялагдлын төлөө далдуур ажиллахыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь энэ бүхнийг урьдчилж харах, хараад эцсийн шийдвэр гаргах онцгой эрх гагцхүү У.Хүрэлсүхэд байгаа нь бас л давуу тал.
Харин АН ялагдвал тус нам 2016 оноос хойш сэргээгүйг илтгэнэ. Эрх баригч намынхан “60 тэрбум”-ын хэрэг, ЖДҮ-гээр талцан сандал суудал булаацалдан, бүрэн эрхийнхээ хамаг хугацааг өнгөрөөж, нэр хүндээ алдсан энэ “сайхан боломж” дээр ялж чадахгүй бол юуных нь АН байх билээ. Хэрвээ АН ялагдвал С.Эрдэнийг намын даргаас өөрчлөхгүйгээр 2020 онд ялахгүй, явахгүй юм байна гэдэг улс төр тус нам дотор хүчээ авна. Тэгж үзэхээс ч өөр хувилбаргүй. АН ялбал С.Эрдэнийн намын даргын суудлын ганхаа арилж, бэхжинэ. Үүнтэй нэгэн адил МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшээд ялагдвал О.Баасанхүү намын дарга болно гээд л үзнэ. Харин Н.Энхбаяр ялах нь МАН-д ашиггүй, их хортой. 2020 онд нэр дэвших боломжоо алдсан, тойроггүй үлдэх нөхөд хадаг өвөртлөөд шинэхэн УИХ-ын гишүүн Н.Энхбаярын өрөө рүү сэмхэн алхаж мэднэ. Тийм хүмүүс, тэгж нам сэлгээд сурчихсан, албан тушаалын шантаажаар гаршсан хүмүүс энэ УИХ-ын дотор төдийгүй У.Хүрэлсхийн Засгийн газрын танхимд ч бий.
Энэ бүгдээс харвал Хэнтийн нөхөн сонгууль нь бага газрын их тулаан болох болов уу!
Бэлтгэсэн: Г.Отгонбаяр