Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль цаг үетэйгээ нийцэхгүй болсныг Хөдөлмөр нийгмийн хамгаалын яам (ХНХЯ)-ны Хөдөлмөр эрхлэлтийн хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгс хэллээ. 2001 онд баталсан уг хуульд мэргэжлийн чиг баримжааг нарийн тусгаж, ангилаагүй аж. Нэгэнт нийгмийн шаардлага хангахгүй болсон тул ХНХЯ-наас ажлын хэсэг гарч, хуулийн төсөл боловсруулж буй гэнэ. Одоогоор хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж, иргэдээр хэлэлцүүлэхэд бэлэн болжээ. Мэргэжлийн өндөр ур чадвартай, нарийн мэргэшсэн гадаад хүнийг ажилд авна гэх заалт одоо мөрдөж буй хуульд бий. Өөрөөр хэлбэл, томоохон төсөл, хөтөлбөр дээр ажиллах дээд боловсролтой, нарийн мэргэшсэн боловсон хүчнийг л гадаадаас авахаар хуульчилсан. Харамсалтай нь, манайд ажиллаж буй гадаад иргэдийн боловсролын түвшин дээрх заалттай харшилж буй. Тодруулбал, манай улсад ажиллаж буй гадаад иргэдийн 1988 нь дээд боловсролтой.
3705 нь техникч мэргэжилтэй, 3932 нь бүрэн дунд, 676 нь бүрэн бус дунд, үлдсэн нь тусгай дунд болон бага боловсролтой хүмүүс аж. Үүнээс үзэхэд өнгөрсөн онд манай улсад ирж ажилласан, 105 орны 10 653 иргэний өчүүхэн бага хувь нь дээд боловсролтой болж таарах нь. Тэдний олонх нь барилгын салбарт ажилладаг. Мөн бөөний болон жижиглэнгийн худалдаа, машин мотоциклын засвар, үйлчилгээ, уул уурхайн олборлолт, боловсруулах үйлдвэр, боловсролын салбар эхний тавд эрэмбэлэгдэж байна. Өндөр ур чадвар шаардсан нарийн мэргэжлийн бус, нийтлэг мэргэжлийн хүмүүс олноор манай улсыг зорьж байгаа нь бөөний болон жижиглэнгийн худалдааны ажилтан түлхүү ирснээс харагдах болов уу.
Үүнээс гадна дээд боловсролтой хэмээн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-т мэдүүлсэн ч Монголд ирээд массажист, гэрийн үйлчлэгч, тогооч, бариа засалч хийх нь цөөнгүй гэнэ. Монгол хүний хийж чадахгүйг гадаадынхан хийдэг гэх ойлголт өрөөсгөл гэдгийг дээрх баримтаас харж болно. ХХҮЕГ гадаадын иргэнд ажил эрхлэх зөвшөөрөл олгохдоо салбарын яам, агентлагаас тодорхойлолт авдаг. Салбарын яам, агентлагаас дээд боловсролтой, эсэхийг үл харгалзан “Энэ хүн манай улсад зайлшгүй хэрэгтэй. Тухайн ажил үүргийг хийж чадна” гэх тодорхойлолт ирүүлдэг учир үүнийг үндэслэн ажиллах зөвшөөрөл өгдөг аж. Гадаадын иргэн Монголд дээд тал нь нэг жил ажиллах хуулийн заалттай. Гэвч өнгөрсөн жил манайд улсад ирсэн 10 653 иргэний 4502 нь оршин суух хугацаагаа сунгуулжээ. Оршин суух хугацаагаа сунгасан иргэний 2507 нь хөдөө, 1995 нь нийслэлд ажиллаж байна.
Гадаадын иргэн Монголд ирээд оршин суух зөвшөөрөл авахаасаа өмнө эрүүл мэндийн үзлэгт орох ёстой. Орон нутгийн боомтоор хил нэвтэрсэн бол тухайн газрынхаа харьяа үзлэг, оношлогооны төвд шуурхай хандах журам бий. Буянт-Ухаа боомтоор Улаанбаатарт орж ирсэн бол нийслэлд эрүүл мэндийн шинжилгээ өгнө. Харамсалтай нь, гадаадын иргэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орох нэгдсэн төв байдаггүй тул тэд хаа дуртай газраа шинжилгээ өгч, хуурамч дүгнэлт гаргуулах нь цөөнгүй гэнэ. Тухайлбал, он гарсаар есөн аж ахуйн нэгж эрүүл мэндийн хуурамч дүгнэлт гарган гадаад иргэдийг ажилд авсан нь илэрчээ. ХХҮЕГ-аас Эрүүл мэндийн хөгжлийн төвд энэ тухай мэдэгдсэн байна. Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.3.4-т “Виз, эрх бүхий байгууллагаас олгодог аливаа зөвшөөрөл, баримт бичгийг засварласан, хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн” гэж заасныг зөрчсөн есөн газрыг шалгуулахаар хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Үүнээс гадна HG ангиллын виз буюу хөдөлмөрлөх зөвшөөрөлтэй иргэдээс өнгөрсөн жил сүрьеэ, тэмбүүтэй хүн цөөнгүй илэрсэн сурагтай. Үүнээс өмнөх жилүүдэд В, С вирус, тэмбүү, сүрьеэ, ДОХ-ын халдвартай гадаадын иргэн цөөнгүй ирснийг эх сурвалж онцолсон. Монгол Улсад ажиллахаар ирж буй гадаадын иргэд эрүүл байх ёстой гэсэн үндсэн зарчмаа мөрдөхгүй байгаа нь хамгийн их эрсдэл дагуулдаг. Учир нь нийгмийн гоц халдварт өвчин тээгч нэг хүний ард 200 хүн нуугддаг гэх дэлхийн суурь судалгаа бий. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос энэ талаар тодруулахад “Гадаадаас авч буй ажилтантай холбоотойгоор ХЗДХЯ болон ЭМЯ-тай нягт хамтрах шаардлагатай. Тэдгээр ажилтны зарим нь хэрэг, зөрчил гаргахаас гадна халдварт өвчин тээгч, тараагч болж буй учраас хяналтаа чангатгана. Үүний дагуу гадаадаас ажиллах хүч авахтай холбоотой зарим асуудалд өөрчлөлт оруулсан. Ерөнхийдөө гадаад ажилтны тоог цөөлөх бодлого хэрэгжүүлж буй.
Тодруулбал, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2016-2020 онд гадаад ажилтны тоог 50 хувь бууруулахаар тусгасан. 2018 оныг 2016 онтой харьцуулахад 42, өнгөрсөн жилийг 2017 онтой харьцуулахад гадаад ажилтны тоо 23 хувиар буурсан. Энэ жил 20 хувиар бууруулах бодлого баримталж байна. Мөн машин болон мотоцикл засвар, үйлчилгээний ажилтныг гадаадаас авахаа болино. МСҮТ-ийн төгсөгчид авто засварын зах зээлийн эрэлтийг хангах боломж бүрдсэн” гэлээ. Гадаадаас ажиллах хүч авахыг хязгаарлах бодлоготой холбоотойгоор ХХҮЕГ-аас аж ахуйн нэгж, байгууллагуудтай дараах гэрээг байгуулжээ. Энэ нь нийт гадаад ажилчдын 20 хувьтай тэнцэх монгол хүнийг дадлагажуулах асуудал юм. Тодруулбал, энэ жил 200 ажилтан авсан А компани ирэх жил 160-ыг авч, 40 ажлын байранд өмнөх жил нь дагалдан хийсэн монголчуудыг авна гэсэн үг.
Нөгөөтээгүүр, манай улсад аяллын визтэй ирсэн хэрнээ ажил үйлчилгээ явуулсан цөөнгүй тохиолдол гарчээ. Хамгийн сүүлд оны өмнөхөн J буюу жуулчны визээр манай улсад ирсэн хоёр иргэн шашин сурталчилж байсныг илрүүлсэн аж. Тэдний нэг нь солонгос, нөгөө нь япон хүн байжээ. Үүнээс гадна хөдөлмөр эрхлэх визний хугацаа дууссан ч нутаг буцалгүй Монголд “хайр зарлах” иргэн ч бий. Тэд ажлын байрны төлбөрөө төлдөггүйгээс гадна хэрэг, зөрчилд холбогдох нь цөөнгүй юм байна. Гадаадын тэр дундаа Монголд “харласан” иргэд голдуу татвараас зайлсхийх, хар тамхи борлуулах, мөрийтэй тоглох, өөр хоорондоо зодолдох, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах хэрэгт холбогддог. Жишээ нь, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-нд Дархан-Уул аймагт хоёр вьетнам иргэн мөнгөнөөс болж маргалдан, нэгнийхээ аминд хүрчээ. Тэд Монгол Улсад оршин суух зөвшөөрөлгүйгээс гадна нууцаар мөрийтэй тоглоом тоглуулдаг байсан гэх. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаад прокурорт шилжүүлсэн байна. Манай иргэд гадагшаа сурч, ажиллахаар явахдаа тодорхой хугацаанд хэлний бэлтгэлд хамрагдаж, тухайн улсынхаа хэл, соёлын талаар мэдээлэлтэй болдог. Харин гадаадынхан Монголд ирэхээсээ өмнө энэ мэт хэл, соёлын сургалтад хамрагддаггүй гэнэ. Тиймээс Монгол Улсад оршин суухдаа дагаж мөрдөх хууль тогтоомжийг судалдаггүй, монгол хэлний анхан шатны мэдлэггүй, түүх, соёлын ойлголтгүй, цахим орчинд түгээмэл байдаг товч мэдээллээс өөрийг мэддэггүй аж.