Хаврын эхэн сар дундаа орох дөхсөн ч хүйтний эрч улам чангаран, голын ай саваар шөнөдөө -40 хэм хүрч жавар тачигнасан өдрүүдэд Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн малчин Д.Цэндбаярынхыг зорив. Алтанбулаг сумаас төрсөн анхны улсын аварга саальчин, гэрийн эзэгтэй П.Лхагвасүрэнгийн нэг өдрийг сурвалжлахаар яваа нь энэ.
06.30. Малчны хөдөлмөр цаг наргүй. Тэдний ажлын өдөр үүр цайхаас өмнө эхэлж, үдшийн бүрий тасарсан хойно дуусдаг. Бид аварга саальчны нэг өдрийг сурвалжлахын тулд өмнөх орой нь хотоос гарч, шөнө хагаслан, зорьсон газраа хүрч хоноглосон юм. Оройтож унтсан, эрүүл агаарт цохигдсон, аль аль нь нөлөөлөө биз, дуг нойрондоо дугжирч байтал утасны хонх хангинаж, сэрээлээ. 06.30 цаг гэхэд гэрийн эзэгтэй галаа түлээд, цайгаа үйчихсэн, гэрийн эзэн ч босчихсан байв. Сумын төвөөс ирэх хүү нь захиж хэлэх зүйл бий, эсэхийг нь асуух гэж утас цохисон аж.
07.30. Шинэ сүүгээр сүлсэн өтгөн шаргал цай даргилж, араас нь бууз жигнэв. Сар шинэ хуучирсан ч улсын аваргыг зорьж ирэх зочин гийчний хөл тасрахгүй байгаа тул байнгын бэлэн байдалд байгаа гэсэн. Цагаан сарын буузтай өглөөний цай ууж дуусахад 07.30 цаг болж, үүр манхайн цайж байлаа. “Ингээд саалиндаа гарах уу” гэхэд эзэгтэй “Дунд идэшнээс дулаан хэвтэр гэдэг юм. Малын хээл томорч байгаа тул халуун хэвтэрт нь хэсэг байлгана” гэлээ.
08.00. Үнээнүүд ганц нэгээрээ босож, үүнийгээ эзэндээ мэдэгдэх гэсэн мэт мөөрөлдөөд эхлэв. П.Лхагвасүрэн гуай ч алчуураа эрүүвчилж зангидаад, саалийн хувингаа барин үүд зүглэв. Орчин үеийн малчид малаа саахаа больж, халуун зунаар ч үнээ, тугалаа эхлээр нь тавьчихдаг болсон. Харин аварга саальчных жилийн дөрвөн улиралд үнээгээ саадаг аж. Өвөл хээл нь томрохоор зарим үнээ байгалийн зөнгөөрөө бяруундаа муухай аашилж, хөхүүлэхээ больдог бөгөөд хээлтэй үнээг тэр хүртэл нь саана. Зарим үнээ хээлтэй хэдий ч данхайсан бяруугаа “эрхлүүлж” хөхүүлсээр тугаллах нь бий. Энэ нь эхэд ч, шинээр төрөх төлд ч сайнгүй тул хээлтэй, хусран үнээг ажиглаж, ялгах, нялхамссан бярууг “хөхнөөс гаргаж”, хээлтэй эхийг нь ширгээх гэх мэтээр малынхаа байр байдлыг ажиглаж, тохирсон арга хэмжээг авч зохицуулах ажил саальчин хүнд бишгүй.
Д.Цэндбаярын үнээнүүдийн олонхын хээл нь томорч, ширгэсэн, цөөхөн хусрантай байгаа тул саалинд их цаг зарцуулсангүй. Гэвч өвөл хүйтрээгүйгээрээ хүйтэрсэн өдрүүдийн 30 хэм хол давсан жаварт төмөр хувингийн ирмэг рүү цацарсан сүүн дуслууд бөнжийн хөлдөж, саальчин эзэгтэйн сүүнд норсон хуруунууд улайж бээрсэн харагдана. П.Лхагвасүрэнгийн хувьд өдөр тутам давтагддаг ажил нь тул ажирч байгаа янз алга. Өвлийн тэсгим хүйтэн, зуны аагим халууны алинд ч ухарч няцах, биеийн амрыг харах эрхгүй, хийх ажлаа дуусгаж ард нь гарахаас өөр аргагүй хөдөлмөр малчных билээ.
08.30. Үхрээ бэлчээрт гаргав.
08.40. Бяруунууддаа ус, тэжээл тавьж өгөөд, үхэр сүрэг бэлчсэнээс эсрэг зүгт гилэв. Эднийх 20 орчим бяруугаа эхээс нь тусад нь авч үлдэн, ойрхон бэлчээрлүүлдэг аж. Эхтэй нь хамт явуулбал холын бэлчээрт амархан мууддаг учраас, бас хусран үнээгээ саахын тулд бярууг нь авч үлддэг гэнэ.
09.30. Өглөөнөөс хойш үхэр мал бэлчээх, бяруу тугалаа тавих ажилд нь тус болохгүй ч дэргэд нь харж зогссоор бээрч орхисон бид гэрт халуун цай оочлон, халуу дүүгэн дүнгэнэх зуух бараадаж суутал гэрийн гадаа машин ирж зогсох дуулдав. Өнгөрсөн жил өрх тусгаарласан, эхнэр нь нялх биетэй тул сумын төвд өвөлжиж буй, өглөө утас цохиж, биднийг сэрээсэн хүү нь иржээ. Тэд төв суурин газарт гар газар, хөл хөсөр суудаггүй, муудсан малаа тэжээж, хөдөө гэртээ ирж мал ахуйн ажилд тусалдаг аж. Сумын төвд тэжээж байсан харимал азарга нь залуу азаргатай ноцолдоод болохгүй байгаа тул адуунд нь тавихаар ачиж авчирсан хэмээгээд адуун сүрэг нь хаагуур байгааг сурагласан хүүдээ ээж нь “Адуу гол руу орсон байх. Олж нааш нь гарга. Олон жил магнайдаа тоос хүргэлгүй баярлуулсан харимал азаргыг минь тахинд бариулчихав” гэж үүрэгдэв. Хустайн нурууны хамгаалалтынхан мал хөөгөөд ойртуулдаггүй, нутгийн малчид ч азаргаа тахинд бариулчих вий гээд адуугаа тийш явуулахгүйг хичээдэг хэдий ч урт хөлийн мал нэг л мэдэхэд өвс хоол бараадаад тахийн нутаг руу орчихдог аж. Тахийн азарга айлын гүү хураах тохиолдол гардаг, гүүгээ харамласан азаргыг тахийн азарга салам барьчихдаг гэнэ.
10.00. “Тахь, монгол адууны эрлийз хурдан байх болов уу гэж хүмүүс сонирхдог. Тахийн унага төрлөө гэсэн яриа мэр сэр сонсогддог ч одоогоор гойд содон хурд төрөөгүй л байна. 5-6 дахь үедээ хурдан шинж нь илэрч магадгүй гэж нутгийнхан ярилцдаг” хэмээн Д.Цэндбаярын хоёр малчин хүү яриа дэлгэж суутал 10.00 цаг болжээ. Таван хүүтэй Д.Цэндбаярын ууган хүү Борхүү, дөрөв дэх хүү Даваахүү нь малчин болж, үлдсэн гурав нь хот суурин газар барааджээ. Харин энэ жил Даваахүүгийнх сумын төвд өвөлжиж, том ахынх нь мал ахуйн ажлаа хариуцаж байгаа аж.
Даваахүү “Адуундаа мордъё” хэмээн боссоноо хоймрын авдар дээрх суурин утсаар хэдэн тийш залгаж, адуугаа сураглахад ээж нь “Одоогийн малчид ингэж малаа хайдаг болсон шүү дээ. Залуус одоо дронтой болчих юм сан гэцгээж байгаа дуулддаг юм” хэмээн бидэнд “алтан хошуу” өргөв. Утсаар холбогдсон нутгийн малчид “Манай үүгээр танай адуу орж ирээгүй” гэсэн хариу өгч, залуу малчин адууныхаа сургийг гаргаж чадаагүй ч иш мухаргүй олон тийш давхихааргүй болж, явах зүг чигээ тодорхойлон, ажлаа хөнгөвчлөв бололтой, хятад мотоциклоо асаан давхиж одов.
10.30. Нар дээр хөөрч, өглөөний жавар багахан уяссан тул хонь, ямаагаа бэлчээлээ. Босгож, туухгүй л бол дулаан хэвтэртээ хоргодоод хөдөлж өгөхгүй байсан сүрэг хотноос гарангуутаа бэлчээртээ яаран цувах янзтай болоход хоньчин урдуур нь орон тогтоосоор бэлчээр өөд нь заллаа.
12.30. Хотонд үлдээн тэжээж байгаа цөөхөн хонь, ямаа, даага, сарваанд тэжээлийг нь зуурч өгч, үхрийн зэл, хонины хотны хүйдсийг цэвэрлэсээр 12.30 цаг болов. Нуугьсан бууцтай цэвэрхэн хот тухайн айлын ажилсаг, малчийг илтгэдэг билээ. Тиймээс хотоо цэвэрлэх нь малчдын чухал ажил. “Бог малд дулаахан, цэвэрхэн хэвтэр чухал. Хөлдүү хоргол, унасан үс ноосыг нь цэвэрлэхгүй бол хот хөлдөнө. Хот хөлдвөл мал амархан царигаа алдаж мууддаг” хэмээн тайлбарласаар гэрийн эзэгтэй хонины хотоо цэвэрлээд үхрийн зэлэндээ ирэв. Үхэр идэш сайтай байгааг илтгэх том хөлдүүсийг ээж нь арагт хийж, том хүү нь үүрэн зөөсөөр хоромхон зуурт зэл цэлийгээд ирлээ. Өвөлжөөний хөлд хамарлан хураасан хөлдүүс ирэх жил илчтэй сайхан түлш болно.
13.00. Аргал түлшээ оруулах зэрэг ойр зуурын ажлаа амжуулаад сая гэртээ тухтай суух чөлөөтэй болов. Тэгтэл бэр нь хэдэн хурганы арьс барьсаар орж ирээд “Шүү нь болж уу” хэмээн шалгуулав. П.Лхагвасүрэн гуай авч дэлгэж хараад “Бор худгийн хужираар шүүдсэн юм. Шүү сайхан орсон байна. Мал төллөхөөс өмнө эднийгээ элдье. Надад хэдийг аваад ирж, чи ч заваараа элд” гэж бэрдээ үүрэг өгөв. Хөвгүүд, ахмад бэрүүдээ бүгдийг нь нимгэн, зузаан сэлгээний үстэй дээлтэй болгосон. Одоо шинэ бэр, ач нараа дээлтэй болгох гэнэ.
13.30. Мал ахуй, хот хороо, гэр орны ажил орой мал хотолтол түр зуур эмхэрсэн тул П.Лхагвасүрэн гуай хурганы арьс нухлах зуураа “Малчдын амьдралын өдөр бүр нэгэн хэмээр үргэлжилдэг, ажил дуусаж, дундарна гэж байдаггүй. Хавар мал төллөх, зун, намар сүү саалийн үеэр борви бохисхийх завгүй өнждөг. Хатуу өвөл бол малтайгаа гуйвна. Энэ жил цаг сайхан болохоор бас ч амсхийх цагтай байна” гэсээр хэсэг хуучлав. Түүний төрсөн аавыг Хэнмэдэх гэдэг бөгөөд багадаа аавынхаа ахынд өргөгдсөн аж. Өргөж авсан аав, ээж нь нас өндөр болж, тэднийгээ асарч, туслахаар 1973 онд долдугаар анги төгсөөд, эвлэлийн илгээлт авч, нутгийн үүлдрийн арван гунж саалинд сурган, саальчин болжээ. Гунжин үнээнээс жилд 500 литр сүү тушаах нормтой байхад П.Лхагвасүрэн үнээ тутмаас 800 литрийг саасан нь тухай үед өндөр амжилтад тооцогдон, 1974 онд сумын аварга болов. Үүнээс хойш сумын дөрвөн удаагийн аварга, нутгийн үүлдрийн монгол үнээнээс 700 литр сүү саах нормтой байхад 1000 шахам литрийг авч, аймгийн аваргын болзол биелүүлсэн байна.
Энэ тухай ярихдаа тэрбээр “Би 1974, 1975 онд дараалан сумын аварга болоод байтал бие өвдөж, эмчлүүлж, сувилуулах хэрэгтэй болоод хэдэн жил завсардсан. Тэр хооронд өвгөн нэгдлийн адуу маллаж, би гүү саасан. Хэдэн жил ингэж ажиллаад бие гайгүй болохоор нь үнээгээ сааж, дахин хоёр удаа сумын аварга болсон. Тэр үед их олон үзүүлэлтээр шалгаруулдаг байлаа. Төлөө бүрэн бойжуулна, хадлан бордоогоо өөрсдөө авна. Бүх ажилд хошуучилж байж аварга гэгдэнэ шүү дээ. Залуу байхад ядарна гэдгийг мэдэхгүй сайхан байж. Хор шартай ч байж. Айлууд үхрээ бэлчээхэд манайх зэлэн дээрээ хоцрох вий гээд 03.00 цагт босож, үнээндээ гарна. Нэгдлийн үхэрчин өглөө тогтмол цагт айлуудын үхрийг нийлүүлж бэлчээрт нь гаргадаг, тэгэхэд нь үнээгээ сааж дуусаагүй байна гэдэг саальчдын хувьд их ичгэвтэр, бараг шившигтэй явдал байлаа. Аль болох л түрүүлж сааж дуусах гэж, айлуудын сүүлд орохгүй үхрээ бэлчээх гэж хүн бүр мэрийнэ шүү дээ. Өндөр төлөвлөгөөтэй, төлөвлөгөө тасалдвал зэмлэл шийтгэл хүлээдэг учраас үхрээ түрүүлж бэлчээхийн тулд үнээгээ дутуу саана гэж байхгүй.
Манайх хувь, хувьсгалын 40-өөд үнээтэй. Хоёр том хүүгээ ээлжээр босгож үнээ ивэлгүүлээд, өвгөн бид хоёр саана. Том хүү маань их нойртой. Өглөө дуудаж сэрээчихээд үнээндээ гарна. Хүү араас гарч ирэхгүй. Эргээд ороход унтчихсан байна. Хөнжлийг нь хуу татаад, гаргаад ирэхээр үхрийн бөөр дэрлээд унтаж байдаг сан. Удаах хүү нойронд сэргэг. Ганц дуудахад л шовгос хийж босоод, үнээгээ ойртуулж, ивэлгэх ажлаа гаргаахгүй. Одоо том хүү минь мал маллах ажлыг голлон нугалж байна. Багадаа л нойрмог байснаас биш тун ажилсаг, хурдан шалмаг эр болсон.
Удаах нь хотод амьдарч байгаа. Би хүүхдүүдээ өвөл бол өдрийн богинод эрт босож байж ажил амжина гэж, зун бол нарнаас өмнө ажлаа амжуул гэж сургаж, хүмүүжүүлсэн. Одоо бэрүүддээ “Айлын мал бэлччихсэн байхад малаа хотондоо байлгах муухай шүү” гэж захидаг юм. Эрт босоорой гэж байгаа нь тэр” хэмээсэн.
Мөн “Идэрхэн насандаа малаа өсгөхийн төлөө зүтгэж, 2000 гаруй толгой хүргэсэн. Отор нүүдэл их хийдэг байлаа. Бэлчээр доройтсон энэ үед олон малтай байх хэцүү. Хүний нутагт очихоор хөөгдөнө, ад үзэгдэнэ. Нас ахиад ирэхээр тэгж явах амаргүй болж, малаа цөөлье гэж шийдсэн. Өвгөний бие сайнгүй, залуугийнх шиг явах чадалгүй боллоо. Төр засаг ч тоонд биш чанарт анхаар гээд байна. Үүнээс гадна таван хүүгээ тусад нь гаргахын тулд малдаа хүрэхээс аргагүй болсон. Одоо манайх мянга гаруй толгой малтай. Нутагтаа суурьшиж, малынхаа тоог барин, ашиг шим өндөртэй үүлдэр угсаагаар чанарыг нь сайжруулах зорилго тавиад байгаа” хэмээн хэтийн зорилгоо хуваалцав.
16.30. П.Лхагвасүрэн гуай үхэр услалцахаар худаг руу явахад нь дагаж очлоо. Тэнд улсын аварга малчин Хэнмэдэхийн Нямжав гуйтай таарч, ойрын хэдэн жил тохиогоогүй өнтэй өвөл өнгөрч буй тухай, саяын хэд хоногийн хүйтнээр мал нэлээд хярвайх янз орсон тул гайгүй хавар болоосой хэмээн залбирч суугаа талаар, шинийн хоёрны сар, гурав хоногийн өмнөх сар, мичидийн тохиол зэргийг ажиглахад хавартаа нэлээд хавсаргатай байх болов уу хэмээн шинжсэнийг нь хуваалцав. Тэрбээр сурвалжилгын гол баатрын маань төрсөн ах юм.
Ер нь ажилсаг, малч чанар, амьдралын ухаан удам дамждаг, хүний өссөн орчин цаашдын амьдралд ямар чухал нөлөөтэйг энэ гэр бүлээс харж болмоор санагдсан. П.Лхагвасүрэн гуайн аав Хэнмэдэх сумын аварга, ээж нь аймгийн аварга, гэрийн эзэн Д.Цэндбаяр гуайн ээж сумын арван хэдэн удаагийн аварга, аймгийн аварга байсан гэнэ. Төрсөн ээж, хадам ээж хоёр нь улсын аваргын болзлыг хангасан ч цолоо авч чадаагүй, нутаг усандаа цуутай саальчид байсан бөгөөд П.Лхагвасүрэн гуай “Өөрөө авсан гэхээсээ ээжүүдийнхээ авч чадаагүй цолыг авсандаа баярлаж сууна” гэсэн. Тэдний удмын бахархал үүгээр дуусахгүй. Ах, дүү, хамаатан, саднууд нь бараг бүгд мянгат малчин, сум, аймаг, улсын аваргууд. Ах Х.Нямжав нь улсын аварга, дүү Х.Нямдорж нь аймгийн аварга, нагац ах Мөнх-Очир нь улсын хошой аварга, тэдний хүүдүүд сум, аймгийн аварга болсон. Д.Цэндбаяр гуай аймгийн аварга, сумын алдарт уяач.
18.00. Ийм гэр бүлийн удмыг залгаж, үйлсийг үргэлжлүүлж яваа хөвгүүд муу малчин байх учиргүй билээ. Даваахүү адуугаа олж, азаргаа нийлүүлсэн гэсээр ирж, Борхүү бэлчээрт цатгасан малаа хотлуулснаар хот айлын оройн ажил эхлэв. П.Лхагвасүрэн гуай оройн саалиндаа гарч, үнээ, тугал мөөрөлдөх үед нар шингэж, бүрэнхий нөмрөв. Ийнхүү жаргалтайн дэлгэр хөдөө нутагт жарган суугаа нэгэн хотны нэг өдрийн ажил өндөрлөх тийшээ хандсан тул бид ч хот руугаа буцлаа.