Урт цагааны гудамжнаас X хороололд хүрэх гэж 40 минут түгжрэхдээ таксины жолоочтой баахан хуучиллаа. Тэрбээр өнөөгийн нийгэм, залуучуудын байр байдал, төрийн байгууллагын хүнд сурталд сэтгэл дундуур явдгаа хэлсэн. “Сонгууль ч гэж дээ, нэг хулгайчийг өөр луйварчнаар солих зохион байгуулалттай ажиллагаа”. Залуучууд үнэхээр унхиагүй байна. Боддог, ярьдаг ганц зүйл нь мөнгө” гэж хурцаар шүүмжиллээ. Түүний ярианы сэдэв байсхийгээд л “аз жаргалтай” Улаанбаатартай холбогдох аж. Ялангуяа авто замын түгжрэл хэмээх бухимдлын эх үүсвэр түүний хувьд хамгийн эмзэг сэдэв нь гэнэ.
Тэрбээр “Шинэ гүүр, гарц барилаа л гэх юм. Түгжрэл харин ч ихэссэн. Автомашины тоо ч сүрхий нэмэгдлээ. Таксинд явж, “халтуур” хийгээд овоо хэдэн төгрөг олдог байсан. Одоо ч барахгүй болж” гээд толгой сэгсэрснээ “Замын түгжрэлийг шийдэх гарц юу байна” хэмээн гэнэтийн асуулт тавив. Би ч дорвитой хариу хэлж чадсангүй. Настай жолооч хэсэг дуугүй байснаа “Өнөөх газар доогуур явдаг галт тэргийг нь тавибал яадаг бол. Уг нь Э.Бат-Үүлийн үед овоо яриад байсан. Энэ талаар дуулсан уу” гэв. Мэдээлэлд арай ойр гэж санан надаас ийн асуусан байх. Гэвч би өвөө дорвитой юм дуулгасангүй.
Хүнд асуултаар байн байн гэнэтийн “дайралт” хийсэн түүнд мэдээлэл өгч чадаагүйдээ баахан бантсан би Улаанбаатарыг метротой болгох төслийн талаар мэдээлэл цуглуулж, нийтлэл бичих даалгавартайгаар таксинаас буусан юм.
Нийслэлчүүдийн толгойн өвчин болсон авто замын түгжрэлийг шийдэх хамгийн тохиромжтой шийдэл нь метроны зам тавих гэж хотын захирагч асан Э.Бат-Үүл болоод түүний багийнхан үзсэн. Ингээд ЖАЙКА-тай хамтран “Улаанбаатар метро” төсөл хэрэгжүүлэх болж, гадаад, дотоодын баахан судлаач, мэргэжилтнийг татан оролцуулсан байдаг. “Улаанбаатар метроны шугамыг тэмдэгжүүлэх ёслол” гэсэн сүржин нэртэй үйл ажиллагаа ч “Драгон” авто вокзалд болсон.
Тухайн үеийн нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл “Метро нь манай улсын хөгжил цэцэглэлтэд онцгой ач холбогдолтой. Бид метротой болбол метрополис гэх тодотголдоо ойртоно. Мөн замын ачаалал 70-80, автомашинаас ялгарах хорт утаа 90 хувь буурч, орчны бохирдол тэр хэрээр багасна. Багадаа 500-700 монгол залуу ажлын байртай болно” гэсэн өөдрөг ирээдүйг зөгнөж байв. Бүтээн байгуулалтын ажил эхлүүллээ гэж шав тавьж, шугам тэмдэгжүүлсэн эл үйл явдал өрнөсөн үеэс иргэд “Улаанбаатар метро” төслийн ирээдүйг арай өөрөөр харах болсон юм. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжих, эсэхэд эргэлзэхээ больсон. Сонин, сайт, зурагт гээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ төслийг тасралтгүй дамжуулж “Нийслэлчүүд 2017 оноос метрогоор зорчиж эхэлнэ”, “Улаанбаатарыг метротой болгох төсөл 2020 онд бүрэн дуусна” хэмээн үнэмшилтэй гэгч мэдээлсэн. Сонины шарласан хуудас, сайтын архивт ч ийм баримт өч төчнөөн байна.
2019 он. “Улаанбаатар метро” төслийг иргэдэд албан ёсоор танилцуулсны зургаан жилийн ой энэ онд тохиож байна. Төслийн ажил хугацаандаа, төлөвлөсөн ёсоор үргэлжилсэн бол нийслэлчүүд метрогоор зорчиж эхэлсний гурван жилийн ой ч энэ жил тохиох байсан юм. Гэвч энэ төсөл 2013 ондоо “царцаж”, бүрмөсөн сураг алдарчээ. Нийслэлчүүд одоо ч түгжрэлээс болж бухимдлаа барж, авто зам дээр зодолдсон хэвээр. Иргэд эхнээсээ “Улаанбаатар метро”-г мартаж эхэлжээ. Замын түгжрэлд бухимдаж, үүнийг шийдэх ямар арга чарга юу бол гэж толгойгоо гашилгадаг таксичин настны адил шаналдаг цөөн хүн л “Метро яасан юм бол” гэж чих тавих болж.
Сошиалд идэвхтэй байдаг зарим нь “Орой ажлаа тараад метрондоо суугаад харьдаг. Зарим өглөө бүр метрондоо унтчихаж байгаа юм” гэх зэргээр хошигнох. Өөр хэсэг нь “Иргэд маань их хүлээлттэй байх боллоо. Гэхдээ хэзээ нэг өдөр Улаанбаатар метротой болж, жигдрэх юмандаа бас байгаа байх” гэж даапаалж сууна. “Улаанбаатар метро” төслийн хугацаа ирэх онд дуусна. Нэг жилийн хугацаанд ийм хэмжээний томоохон бүтээн байгуулалт хийнэ гэдэг ёстой л үлгэр. Гэвч “2020 оны сонгуультай зэрэгцээд бүтээн байгуулалтынх нь ажил эхэлчих ч юм бил үү” гэж горьдлого тээх хүмүүст “Мянгуужингийн үлгэрт итгэхээ боль” гэж хэлье. Ингэж хэлэх үндэслэл хангалттай бий.
“Улаанбаатар метро” төслийн тооцоо, судалгааг олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн тусламжтайгаар хийсэн. Төслийн багийнхан Улаанбаатар хотод нийтийн тээврийн төсөл хэрэгжүүлэх болон автобусны зорчигч урсгал, зорчигчдын санал асуулгын судалгаа зэргийг хийснээс гадна санхүү, эдийн засгийн үнэлгээ тооцоо, ТЭЗҮ-ийг ч боловсруулсан. Тэр ч бүү хэл 17.7 км зам тавихад шаардлагатай 1.5 тэрбум ам.долларыг хэрхэн босгохоо хүртэл нарийн тооцож, тохиролцсон байсан юм. Гэвч энэ бүх ажил 2016 оны сонгуулийн дараа буюу Засаг солигдох үеэр нуран унажээ. “Метроны зам байгуулах зардал өндөр. Тооцоо, судалгаа үндэслэлгүй” гэсэн шалтгаанаар “Улаанбаатар метро”-г нураажээ.
Гэвч энэ нь тус төслийг зогсоох хангалттай шалтгаан биш байсныг тухайн үед “Замын хөдөлгөөний ачаалал бууруулахад метроны гүйцэтгэх үүрэг” хэмээх судалгааг хариуцаж байсан зөвлөх А.Бямба-Очир хэллээ. Тэрбээр “ЖАЙКА-гийнхан ч, эрдэм шинжилгээний байгууллагуудаас томилсон судлаачид ч Улаанбаатарт метро байгуулахын давуу тал юу вэ, ямар эрсдэл бий, манай нөхцөлд тохирох уу, хот байгуулалт, замын хөдөлгөөнд ямар өөрчлөлт гарах зэрэг бүх л судалгааг хийсэн. Үүн шиг сайн гүйцэтгэсэн төслийн судалгаа бараг байхгүй. Багагүй хэмжээний хөрөнгө зарцуулсан. Төсөл хэрэгжээгүйг эдийн засагтай холбож тайлбарлах үндэс үгүй. Японы Засгийн газар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк дэмжиж, хөрөнгө оруулахаа албан ёсоор мэдэгдсэн. Төслийн багийнхан тооцоо судалгаа, ТЭЗҮ-ээ тухайн үеийн нийслэлийн удирдлага, ИТХ-ынханд танилцуулан, дэмжлэг авсан. Төслийг зогсоосон нь улс төрийн зөрчилтэй холбоотой” хэмээн ярьсан.
Нийслэлийн Тээврийн газрынхан Улаанбаатарыг метротой болгох судалгааг дахин эхлүүлж байгаагаа өнгөрсөн онд албан ёсоор зарласан. Тэд “2030 он гэхэд нийслэлийг метротой болгоно. Санхүүжилтийг нийслэл, эсвэл Засгийн газар дангаараа шийдэх боломжгүй учир гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, түншлэл, концессын гэрээгээр шийднэ” гэсэн юм. Ийн “Улаанбаатар метро” төсөл “дүү” дагууллаа. Гэвч иргэд үүнийг 2020 оны сонгууль угтсан тоглолт гэж хардаж, хаширлаж байна. Нэгнийнхээ хийсэн ажлыг нөгөө нь үгүйсгэж нураадаг Засаг хоорондын хонзогнолыг зогсоохгүй бол тооцоо судалгаанд “Улаанбаатар метро”-ны адил сая сая төгрөг зарцуулсаар сураг алдрахгүй гэх баталгаа ч алга. Судалгаа дөнгөж эхэлж байгаа учир шинэ төслийн талаар дорвитой мэдээлэл өгөх боломжгүйг нийслэлийн Тээврийн газрынхан учирлалаа.
Сүүлийн үед BRT буюу тусгай замын автобус нэвтрүүлэх төслийн талаар нэлээд ярих боллоо. Албаныхан энэ төсөлтэй холбоотой тооцоо судалгааг хийж буй. Хоёр өөр Засгийн үед “гарч ирсэн” учраас албаныхан ч, иргэд ч “Улаанбаатар метро”, BRT төслийг эсрэгцүүлж, “Энэ нь илүү, тэр нь ач холбогдолтой” гэж харьцуулж байна. Эдгээр төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй юү гэвэл мэдээж тийм. Метротой, тусгай замын автобустай болчихвол иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх өргөн сонголттой болж, тэр хэрээр авто замын ачаалал багасна. Аль нэгийг нь нэвтрүүлсэн ч мэдэгдэхүйц үр дүн гарна. Гол нь нэгэнт тооцоо судалгааг нь хийж, нийгэм, эдийн засгийн үр нөлөөг нь тооцсон төслүүдээ ажил хэрэг болгож, тулгамдсан асуудлаа шийдэх нь зүйн хэрэг.
Нийслэлд 2030 онд гэхэд 1.7 сая хүн оршин сууна гэсэн таамаг бий. Үүнийг дагаад зам, тээврийн эрэлт хэрэгцээ одоогийнхоос 3.1 дахин нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд тооцож байна. Энэ хэрээр гол замын түгжрэл улам нэмэгдэх нь ойлгомжтой. Харин бид одооноос хөдлөхгүй бол 2030 онд ч метро, тусгай замын автобус мөрөөдөж, авто зам дээр зодолдсон хэвээр байх вий.