Гандантэгчэнлин хийдээс Монголбанкны Эрдэнэсийн санд хадгалуулсан найман авдар бүхий үнэт эдлэл ор сураггүй болсон гэх хэргийг өнгөрсөн оны сүүлч, энэ оны эхээр зарим цахим мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр дахин сөхөх болов. Түүгээр ч зогсохгүй бүрэн шалгаагүй хэмээн зарим хүн үзэж буйгаа илэрхийлжээ. Мэдээллийн зарим хэрэгслээр “Тус хийдийн удирдлага 1971-1983 оны үед алт, мөнгөөр урласан бурхад, шашин номын эд хэрэглэлийг Монголбанкны Эрдэнэсийн санд хадгалуулсан байлаа.
Тэдгээрийн дотор өндөр хэргэм цолтой лам хувраг, хутагт хувилгаад болон VIII Богд Жавзундамба, эх хатан Дондогдулам нарын хөөрөг, гоёлын зүүлт зэрэг үнэ цэнтэй ховор нандин зүйл цөөнгүй байжээ.
Бурхны шашны зарим лам “Эрдэнэсийн сангаас Д.Чойжамц хамба үнэт эдлэлүүдийг дур мэдэн авч хувьдаа завшсан” хэмээн хэвлэлийн хурал хийж, түүнийх нь дагуу хууль сахиулагчид шалгаж байсан” хэмээн бичжээ. Уг нь Монголбанканд хадгалуулсан эд зүйлсийг завшиж, үрэгдүүлсэн явдал байхгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон юм. Энэ талаар “Өнөөдөр” сонин 2011 оны арванхоёрдугаар сард анх хөндөн бичиж байв. Хууль хяналтын байгууллагынхан шалгаад хэрэгсэхгүй болгосон, тийм шийдвэр гаргах хангалттай баримт тогтоогдсон тул прокурор хуулиар олгосон эрх мэдлийнхээ хүрээнд тогтоолоо баталсан аж.
Харин шалгаад, шийдчихсэн хэргийг саяхнаас ямар шалтаг, шалтгаанаар сөхөх болсныг учир мэдэх хүмүүс л гадарлах биз. Өнгөрсөн оны сүүлчээр Ерөнхийлөгчийн нэг зөвлөх “Эрдэнэсийн санд хадгалагдаж байсан Гандантэгчэнлин хийдийн данстай үнэт эдлэл бүгд алга болжээ. Үнэт эдлэлүүд найман авдарт байжээ” хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн. Мөн зарим улстөрчийн хамаарал бүхий хүн ч фэйсбүүк хуудсандаа энэ талаар онцолсон байв. Өмнө нь шалгаад, шийдсэн эл хэргийн зарим баримтыг прокурорын байгууллагын эх сурвалжаас тодруулж авснаа бодит мэдээлэл өгөх үүднээс уншигчдадаа хүргэе.
НАЙМАН АВДАР ҮНЭТ ЭДЛЭЛ БҮГД АЛГА БОЛСОН УУ
“Эрдэнэсийн санд хадгалж байсан төмөр авдартай үнэт эдлэлүүдийн нэгбүрчилсэн бүртгэл судалгааг дахин шалгаж, Гандантэгчэнлин хийдэд буцааж өгсөн зүйлүүдээс шашин номын ажлыг сэргээхэд хэчнээнийг хэдэн төгрөгөөр хаана худалдаж борлуулан, мөнгийг нь хэрхэн зарцуулсан, Эрдэнэсийн санд хадгалуулсан найман авдар нь бүгд яагаад хоосорсон зэргийг нарийвчлан мөрдөж, холбогдох хүмүүст хуулийн хариуцлага тооцохоос аргагүй болжээ” хэмээн зарим цахим хуудсанд бичжээ.
Тус хийдээс Монголбанкны Эрдэнэсийн санд шилжүүлсэн эд зүйлийн баримтыг цагдаагийнхан нарийвчлан шалгаж байв. Найман авдар эд зүйл шилжүүлсэн бөгөөд хамгийн сүүлд 1984 оны аравдугаар сарын 31-нд тухайн үеийн хийдийн удирдлага албан бичиг илгээж, Улсын фондод алт, мөнгө шилжүүлж байсан аж. Уг албан бичигт “Гандан хийдээс Улсын банкны ерөнхий хорооны Үнэт зүйлс, эрдэнэсийн улсын фондод хадгалж байгаа алт, мөнгө ба алт, мөнгөн эдлэлээс улсад хандивлан шилжүүлэх асуудлыг хэлэлцээд ... цэвэр алт, мөнгө ба алт, мөнгөн эдлэл, хэрэглэлээс дөрвөн кг 727 гр бурхны мөнгөн хэрэгслийг Гандангийн мэдэлд үлдээж, нэг кг 837 гр 230 мг алт, 391 кг 605 гр мөнгө ба мөнгөн эдлэл, эхнэр хүний толгойн боолт шигтгээгүй цулгуй 13, 419 ширхэг шигтгээтэй найм, 116 шигтгээтэй нэг, 765 ширхэг шигтгээтэй хоёр гээд бүгд 24 ширхэг, үүний нийлбэр жин нь 20 кг 410 гр толгойн боолтыг улсын үнэт зүйлийн фондод нэмэр хандив болгон шилжүүлсүгэй” гэжээ.
Улмаар уг албан бичигт тухайн үеийн хамба лам Х.Гаадан, дэд хамба Ч.Дамбажав, цорж лам Г.Осор, даамал Р.Цэвээндорж, нарийн бичгийн дарга Д.Загджав нар гарын үсэг зуржээ. Өөрөөр хэлбэл, Гандантэгчэнлин хийдийн мэдэлд дөрвөн кг 727 гр бурхны мөнгөн хэрэгсэл хэвээр үлдэж, бусад нь Эрдэнэсийн сангийн өмч болсон аж. Тухайн үед хүмүүс хариуцлагатай байж, үнэт эдлэлийг хоёр талаасаа комисс томилон тоолж бүртгэн шилжүүлсэн гэдэг. Ингэхдээ эдэлж, хэрэглэх боломжгүй болсон зүйлсийг нэг ялгаж, биет хэвээр нь хадгалахаар болсон зарим хэрэглэлийг тусад нь авчээ. Улмаар тухайн үеийн ханшаар тооцон улсын орлогод авсан байна.
Энэ баримтуудаас үзэхэд, Гандантэгчэнлин хийдээс шилжүүлсэн эд зүйлсийн багагүй хэсэг нь Монголбанкны Эрдэнэсийн сангийн өмч болсон аж.
1990-ээд оны эхээр нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, Үндсэн хуулиа дагаад эрх зүйн тогтолцоо ч шинэчлэгдсэн. Үүний хүрээнд 1994 оны арваннэгдүгээр сарын 17-нд Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийг УИХ хэлэлцэн баталсан түүхтэй. 1995 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдсөн уг хуульд зааснаар, Эрдэнэсийн сангийн байнгын нөөцөд бүртгэлтэй үнэт зүйлсийг худалдах, шилжүүлэхийг хориглосон байдаг. Тэгэхээр Монголбанкны Эрдэнэсийн санд тус хийдээс өгч хадгалуулсан найман авдар алт, мөнгө, эдлэл хэрэглэлийн дийлэнх нь улсын санд хэвээр үлдсэн гэсэн үг.
АМАРБАЯСГАЛАНТ, ДАШЧОЙЛИН ХИЙДЭД ЭРДЭНЭСИЙН САНГААС ХОЁР АВДАР ҮНЭТ ЭДЛЭЛ ШИЛЖҮҮЛЖЭЭ
1990-ээд оноос сүм хийдийн үйл ажиллагааг сэргээснээр хэд хэдэн хийдэд шашны эд зүйлс шаардлагатай болсон аж. Тиймээс Гандантэгчэнлин хийдээс Монголбанкны Эрдэнэсийн санд хадгалуулсан хоёр авдар эд зүйлийг Амарбаясгалант, Дашчойлин хийдийн үйл ажиллагааг сэргээх үед шилжүүлэн өгсөн данс, тооцоог нь ч хууль сахиулах байгууллагынхан шалгаж хавтаст хэрэгт баримтжуулсан байна. Энэ үйл явдал 1990-ээд оны дунд үед болсон аж. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ж.Үнэнбатын гарын үсэгтэй, 1997 оны зургадугаар сарын 6-ны албан бичигт хоёр авдар эд зүйлсийг шилжүүлсэн талаар бичээд зарим үнэт эдлэлийг улсын санд авсан учраас мөнгөөр тооцож олгох саналтайгаа илэрхийлсэн байх юм. Түүнд “Гандантэгчэнлин хийдээс Улсын банканд бүрмөсөн шилжүүлэх шийдвэр гаргаж өгсөн зүйлсээс 114.7 кг мөнгийг 1996 онд УИХ-ын Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хорооны даргын хүсэлтийн дагуу буцааж өгсөн билээ. Одоо үлдсэн 20.439 гр мөнгө, 1836 гр алтыг биет хэлбэрээр өгч, үлдэх 315.3 кг мөнгөний үнийг төгрөгөөр олгох саналтай байна. Учир нь 315.3 кг мөнгийг Улсын эрдэнэсийн сангийн үл хөдлөх нөөцөд бүртгэж авсан учир зарлагадах боломжгүй бөгөөд энэ байдлыг УИХ-ын дээрх байнгын хорооны дарга ойлгож, тохиролцон шийдвэрлэх чиглэл өгсөн болно” гэжээ. Ингээд 44 сая гаруй төгрөг Гандантэгчэнлин хийдийн дансанд шилжүүлэхээр болсон ч хийдийн удирдлага үл зөвшөөрсөн байна.
Энэ тухай Монголбанкны Валютын газрын захирлаар ажиллаж байсан Ц.Одонгуа 2006 оны зургадугаар сарын 9-нд Гандантэгчэнлин хийдийн удирдлагад илгээсэн албан бичигт “Гандантэгчэнлин хийдээс 1971-1983 онд Улсын эрдэнэсийн сангийн фондод зарим үнэт зүйлийг сав, баглаа, боодлоор нь битүүмжлэн хадгалуулж байжээ. Гандантэгчэнлин хийдийн 1995 оны нэгдүгээр сарын 14-ний 12 тоотод дурдагдсаны дагуу бурхан шашны сүм, дуган, хурал номыг сэргээн тохижуулах зорилгоор эдгээр үнэт зүйлсээс хоёр авдартай, битүүмжтэй зүйлс Амарбаясгалант, Дашчойлин хийдийн үйл ажиллагааг сэргээхэд зориулан олгосон байна. УИХ-ын Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хорооны 1995 оны тоотын дагуу зарим хэсгийг Эрдэнэсийн сангийн нөөцөд тухайн үеийн үнээр тооцон үнэлж бүртгэсэн, үнийн төлбөр 44 990 070 төгрөгийг шилжүүлсэн боловч тодорхой бус шалтгаанаар уг төлбөрийг 1997 оны наймдугаар сарын 20-ны гүйлгээгээр Монголбанкны дансанд буцаан шилжүүлсэн. Иймд Гандантэгчэнлин хийдийн манайд шилжүүлсэн алт, мөнгөний үнэ болох дээрх төлбөр хийгдээгүй болох нь үнэн болно” гэжээ.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭРЭЭР 20439 ГР МӨНГИЙГ ХАЙЛУУЛСАН
Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан О.Чулуунбат зурагтын нэг нэвтрүүлэгт оролцож “Надад нэг хүн Дондогдулам хатны барьж байсан маш ховор, өндөр үнэтэй хөөрөг өгсөн” хэмээн ярьсан гэдэг. Цөөнгүй улстөрч Богд хааны эдэлж хэрэглэж явсан үнэт эдлэл, Гандантэгчэнлин хийдийн мяндагтнуудын эдэлж хэрэглэж байсан зүйлсээр гангардаг тухай яриа, мэдээлэл зарим сонин, сэтгүүлд бичиж байсан. Иргэдийн дунд Гандантэгчэнлин хийдээс хадгалуулсан найман авдраас авсан байж болзошгүй гэх хардлага байсан бөгөөд тухайн үед улстөрчид нөлөөлөөд уг асуудлыг хууль сахиулах байгууллагынхнаар шалгуулаагүй гэх мэдээлэл ч бий.
Харин Гандантэгчэнлин хийдээс Эрдэнэсийн санд хадгалуулсан эд зүйлс алга болсон гэх хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт 2011 оны арванхоёрдугаар сарын 1-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 150.3-т заасан эд зүйл завшиж үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж, тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Хашбаатар хянасан байна. 21141468 дугаартай уг хавтаст хэрэгтэй танилцаад прокурор нь “Гандантэгчэнлин хийдээс 1971-1983 онд Монголбанкны Эрдэнэсийн санд алт, мөнгөн эдлэл хадгалуулахаар өгсөн ба уг эд зүйлсээс заримыг нь буцаан авч, үлдсэн 315.3 кг мөнгө, 1836 гр алт, 20439 гр мөнгөн эдлэлийг аваагүй байна. Эдгээр эд зүйлийг Гандантэгчэнлин хийд 1984 оны арваннэгдүгээр сарын 31-ний тогтоолоор бүртгэлээсээ хасаж, улсын фондод нэмэр хандив болгон шилжүүлж, Монголбанк улсын орлогод авчээ.
Тус хийдээс гаргасан хүсэлтийн дагуу 1997 онд УИХ-ын Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороо болон Монголбанкны зүгээс дээрх эд зүйлийг буцаан олгохдоо 1836 гр алт, 20 439 гр мөнгөн эдлэлийг биетээр, 315.3 кг мөнгөн эдлэлийн үнэд 44 991 070 төгрөг олгохоор шийдвэрлэсэн боловч Гандантэгчэнлин хийдийнхэн өгсөн эд зүйлээ биет хэлбэрээр нь буцаан авах шаардлага тавьж төлбөрийг нь буцаасан байна. Эдгээр зүйлээс үлдсэн 20 439 гр мөнгийг Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэрээр хайлуулсан нь тогтоогдож байх тул Монголын бурхны шашны төв Гандантэгчэнлин хийдээс Монголбанкны Эрдэнэсийн санд хадгалуулахаар өгсөн алт, мөнгөн эдлэлийг завшиж, үрэгдүүлсэн явдал байхгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэжээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа