Нийслэлд хэмжээнд төрийн болон төрийн бус, аж ахуй нэгж, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний барилгын болон орон сууцны нийт 37783 барилга байдаг бөгөөд эдгээр нь 85009 орцтой гэх судалгаа бий. Уг судалгааг үндэслэн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан гамшиг, осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх анхааруулга бүхий сурталчилгааг шинэлэг хэлбэрээр явуулахаар төлөвлөсний дагуу НОБГ болон “Дэлхийн зөн” Монгол олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн дэмжлэгтэйгээр 85009 орц, гарц дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий наалт байршуулах гэнэ.
Энэхүү нэгдсэн арга хэмжээ нь өчигдрөөс буюу нэгдүгээр сарын 31-ний өдрөөс явагдаж эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 4-ний өдрийг дуустал тав хоног үргэлжлэх юм байна. Тус ажлын хүрээнд НОБГ-ын алба хаагчид сар шинийн баярын өдрүүдэд тохиолдож болзошгүй цаг агаарын аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой осол, обьектийн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчид, айл өрх, иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, яриа таниулга хийн, сэрэмжлүүлэн ажиллаж байгаа ажээ.