Шатахуун, дизель түлшний жижиглэнгийн үнийг 100 төгрөгөөр хямдруулах болсонтой холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өчигдөр мэдээлэл хийлээ. Шатахууны үнэ цаашид дахиад 200-300 төгрөгөөр хямдрах боломжтой гэдгийг тус газрынхан онцолсон.
“Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өнгөрсөн хоёр сард огцом буурлаа. Түүнчлэн ОХУ-ын “Роснефть” компаниас манай улсад нийлүүлэх бүтээгдэхүүнийхээ өртгийг ч хямдруулсан. Тиймээс жижиглэнгийн үнийг нэн даруй бууруул гэсэн шаардлага нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд дахин хүргүүлж байна”
гэж тус газрын дарга Б.Лхагва мэдэгдэв. Шатахууны үнийг бууруулахгүй бол Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу арга хэмжээ авах гэнэ. Импортлогч аж ахуйн нэгжүүд шатахууныхаа үнийг бууруулсан, эсэхийг тус байгууллагын хяналт шалгалтын мэргэжилтнүүдээс өчигдөр 18.30 цагийн үед лавлахад
“Бүх компани шаардлагыг хүлээн авч, шатахууны үнийг 50-100 төгрөгөөр хямдруулсан байна”
хэмээлээ.
Үүнээс өмнө өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7-нд шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулсан. Шаардлагыг хүлээж аваагүй аж ахуйн нэгжүүдэд дээрх хуулиудын дагуу мөнгөн торгууль ногдуулсан аж. Гэтэл энэ арга хэмжээ хэт хөнгөдөж байна гэсэн гомдол тус газарт цөөнгүй иржээ. Үүнтэй холбогдуулан “Аж ахуйн нэгжүүдэд бид хууль ёсны дагуу шаардлага тавьж, арга хэмжээ авхуулдаг. Тэдэнд тооцох арга хэмжээг чангаруулахын тулд Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна. Ингэснээр нефть импортлогч аж ахуйн нэгжүүдийн хариуцлага, үүрэг тодорхой болно. Манай Улс ОХУ-ын “Роснефть” компаниас шатахуунаа 100 хувь импортолж байгаа. Хэдэн төгрөгөөр авсан шатахууныг иргэдэд хэдээр борлуулж буйг мөн тодорхой болгох ёстой. Уг саналаа Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн” гэж тус газрынхан ярьсан юм.
Бэлтгэсэн: М.Оч