“МАНДУХАЙ СЭЦЭН ХАТАН” КИНОНЫ 30 ЖИЛИЙН ОЙД
Одоогоос 30 жилийн өмнө, 1988 онд Монголын нийгэм, оюун санааны амьдралд тэсрэлт болсон үзэгдлийн нэг бол яахын аргагүй “Мандухай сэцэн хатан” кино байлаа. Нэг намын үзэл суртлын хатуу хяналт доор олон жилийн турш Монголынхоо өнө эртний түүх судраа сөхөж хөндөхөөсөө болгоомжилж эмээсэн ард түмний үндэсний ухамсар, бахархлыг сэргээхэд уг бүтээл том эргэлт хийсэн юм. Үндэс угсаагаа ярьсан олон хүнийг “үндсэрхэг үзэлтэн” хэмээн гадуурхаж, амьдрал, хувь заяаг нь хохироосон тухайн үеийн төрийн бодлого, намын үзэл сурталд “Мандухай сэцэн хатан” цэг тавьсан билээ. Нэрийг нь дуудахаас ч айдаг ард түмэн минь анх удаа их хааныхаа том хөргийг дэлгэцээс харж магнай нь тэнийсэн. Мандухай хатан (Н.Сувд) морьтойгоо давхин ирж, тахилын сүм дэх эзэн Чингисийн хөргийн өмнө туурга тусгаар монголчуудынхаа эв нэгдэл, бүрэн бүтэн байдлын төлөө амь биеэ үл хайхран тэмцэхээ илэрхийлж тангараг өргөж буй хэсэг нь найруулагч, уран бүтээлчдийн зоригтой алхам, шинэ, өвөрмөц, уран шийдэл байв. Үүгээрээ найруулагч Б.Балжинням, зураглаач Л.Шаравдорж нар их хааныхаа хөрөг зургийг анх удаа монгол түмнийхээ мэлмийд шүтээн болгож “крупный план” буюу том дүрсээр дэлгэцийн бүтээлд мөнхөлсөн нь учиртай. Ер нь уг кинонд нийт уран бүтээлчийн Монголоо гэсэн халуун сэтгэл хүчтэй шингэсэн юм. Монгол Улсынхаа гал голомтыг бөхөөхгүйн тулд, төрөлх нутгаа бүрэн бүтэн үлдээхийн төлөө бидний өвөг дээдэс цусаа урсган дайтаж байсныг хойч үе, үр ач нар минь мартах ёсгүйг эл кино өгүүлсэн.
Монголын төлөө гэх зүрх сэтгэлийн мөнхийн дуудлагыг өнөө, ирээдүй үед хандуулж, асуудал дэвшүүлсэн нь киноны ерөнхий зураач, найруулагч, зураглаач, хөгжмийн зохиолч, жүжигчдийн уран чадварын нэгдмэл, бүтээлч эрэл хайгуулын үр дүн байлаа. Ганц жишээ дурдахад, киноны төгсгөл хэсэгт бэлгэдэл санааг дүрслэлийн өвөрмөц хэлээр уран илэрхийлсэн. Тухайлбал, Мандухай хатныг оршуулах ёслолын үеэр баатар эрсийн барьсан түг түмэн бамбарын гэрэл үдшийн бүрийд сүрлэг харагдах нь хэзээ ч бөхөшгүй Монголын минь гал голомтын дөл гэлтэй. Бамбарын энэ дөл бол чухамдаа монгол хүн бүрийн зүрх сэтгэлд үеийн үед бадамлан асах сэтгэлийн мөнхийн галыг бэлгэшээсэн гүн утга бүхий уран сайхны шийдвэрлэлийн нэг байв. Цаад утгаараа хэдийгээр төрийн их хатан тэнгэрт хальсан ч Монголынхоо төлөө тэмцэж алтан амиа зориулсан түүний үйл хэрэг, гавьяа зүтгэл нь ард түмний зүрх сэтгэлд үүрд зул болон үеийн үед мөнхжин үлдэх учиртай гэсэн уран санаа юм.
Мандухай хатантай салах ёс гүйцэтгэх ажиллагааг алс өндрөөс авсан ерөнхий зураглал сүртэй, хүндэтгэлтэй харагдах нь киноны дэвшүүлсэн санааг улам тодотгоно. Түүнчлэн буурал түүхийн эрт үе, өнөө цаг, ирээдүйг холбосон монгол хүний зүрх сэтгэлийн мөнхийн дуудлагыг киноны хөгжмийн эртний аялга бүхий дуурьсгалантай эгшиг яруу илэрхийлсэн. Төрийн хошой шагналт Н.Жанцанноров киноны хөгжмийнхөө лейтмотив буюу үндсэн аялгуу сэдвийг сонгохдоо ардын язгуур урлагийн өвийг бүтээлчээр ашиглаж, эрэл хайгуул хийсэн нь уран сайхны гайхалтай шинэ нээлт болсон юм. Тэрбээр хөгжмийн туурвилдаа уртын дууны аялга, шуранхай, уухайн түрлэг, хуурын татлага, хөөмийн цуурай, тагнайн исгэрээ, хэнгэргийн чимээг хослуулсан нь буурал түүхийн дүр төрхийг аялгуу эгшгээр нүднээ буухуйц дүрсэлж, монгол хүний сэтгэлийн нандин бүхнийг хөглөн, гайхалтай хөндөж чадсан. Тиймдээ ч уг киноны хөгжим ахин дахин сонссон ч уйдашгүй, аялгуу эгшиг нь Монголын минь амин сүнсийг эрт, өнөө, ирээдүйн гурван цагаар холбож, монголчуудын сэтгэлд мөнхөд шингээсэн өвөрмөц туурвил болсон билээ. Ялангуяа киноны эхлэл, төгсгөлийн хөгжим хэдэн зуун жилийн тэртээх түгшүүрт цаг, хэзээд ч мартах ёсгүй өвөг дээдсийн гавьяа зүтгэл, зовлон, жаргалын дуудлага мэт дуурьсаж, киноны туульсын ерөнхий өнгө төрхийг тодотгон, өгүүлэмж, үйл явдлын өвөрмөц оршил, тайллын учиг болж эгшиглэх нь хэний ч сэтгэлд нэгийг бодогдуулдаг. Ер нь киноны зөрчлийн өрнөл, туйл, дүрүүдийн дотоод ертөнцийг нээх, Монгол нутгийн байгалийн зураглалыг олон өнгө аялгуу эгшгээр илэрхийлэхэд Н.Жанцанноровын хөгжим чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд киног үзсэний дайтай бие даасан онцгой туурвил юм. Энэ гайхамшигтай бүтээл дотроо “Их хатан Мандухай”, “Төрийн ёс, зан үйл цэнгүүн”, “Эх нутаг” хэмээх сэдэвчилсэн гурван чуулбар хэсэгтэй. Чуулбар хэсгийн аялгуу бүр эмгэнэл, гуниг, уянга хосолсон өнгөөр баялаг тул ямар ч хүний сэтгэлийн жаргал, зовлонг хуваалцах увдистай аж. Ялангуяа их хатан Мандухайд зориулсан уянгын аялгууг монгол хүн бүр андахгүй. Тэр тусмаа харийн газар суугаа монгол хүн ер бусын энэхүү уянгын аялгуу эгшгийг сонсоход эх нутгаа санах сэтгэл нь хөндөгдөж, нүдэнд нь өөрийн эрхгүй нулимс хурдаг нь учиртай. Хөгжим хүний сэтгэлийн хэл гэдэг. Энэ утгаараа язгуур угсаа нэгт монгол туургатнуудын минь дотроо нандигнан тээж явдаг Монголоо гэх сэтгэлийг нь огшоох төдийгүй бусад улс үндэстний сонорыг эзэмдэх бүтээл болсон. Тиймдээ ч Токиод хүртэл таксины жолооч машиндаа “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийг сонсож явсан тухай яриа бий.
ХV зууны Монголын төр, нийгмийн амьдралыг өргөн цараатай өгүүлсэн туульсын уг бүтээлийн уран сайхны томоохон ололтын нэг нь жүжигчдийн ансамбль, бүрэлдэхүүнийг зөв сонгосон нь билээ. Уг киноны дүрүүд яахын аргагүй үзэгч олны оюун санаанд шингэж чадсан. Тухайлбал, Ардын жүжигчин А.Очирбатын шадар сайд Сатай, Ардын жүжигчин Б.Дамчаагийн Исмайл, Гавьяат жүжигчин Ж.Сүххуягийн Батмөнх даян хаан, тэрчлэн Ардын жүжигчин П.Цэрэндавга, Д.Мэндбаяр, С.Сарантуяа, Г.Мягмарнаран, А.Дашпэлжээ, Гавьяат жүжигчин Д.Төмөртогтох нарын дүр гүнзгий санаа, хурц тод зан төрхөөрөө үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдсэн. Ардын жүжигчин Н.Сувдын дүр урлах авьяас чадварынх нь томоохон амжилтын нэг нь яах аргагүй Мандухай хатны дүр юм. Домогт түүхэн хүний дүрийг түмэн олонд хүлээн зөвшөөрүүлэхүйц хэмжээнд бүтээх бэрх сорилт жүжигчний өмнө тулгарсан. Тэр тусмаа Мандухай сэцэн хатны хувьд нэг талаас сурвалжит язгууртны охин, бас эх хүн, нөгөө талаас, Монгол төрийн алтан жолоог атгасан том зүтгэлтэн. Ийм ер бусын ховорхон бие хүний зан төрх, сэтгэлийн нарийн төвөгтэй зөрчил, дотоод ертөнцийг Н.Сувд авьяас, оюуныхаа тэнхээгээр чадварлаг нээж чадсан нь үзэгч түмний хайр, гүн хүндэтгэлийг хүлээсэн билээ. Тэгээд ч ард түмэн түүнийг нэрээр нь дуудахаас илүүтэй Мандухай хатан хэмээн хүндэтгэн нэрлэх болсон нь зүй ёсны хэрэг. Н.Сувд Мандухайн эмэгтэй хүний уян зөөлөн сэтгэл, төрийн зүтгэлтний зангараг, уужим ухааныг хослуулан харуулсан.
Даян хаантай дэр нэгтгэсний дараа хэдийгээр эгчмэд ч гэлээ Батмөнхийг хайрлаж, сэтгэлийн жаргал эдэлсэн бүсгүй хүний уяхан ааль аашийг эвлэгхэн харуулсан байхад улс гүрэнд заналхийлсэн дайн, түгшүүрийн эгзэгтэй цагт Монголынхоо өмнө тулгарсан төвөгтэй асуудлыг шийдвэрлэх хэрэгт идэвхтэй оролцож, алсын бодлого, холч ухаанаараа бусдаас ялгарах төрийн томоохон зүтгэлтэн болсныг Н.Сувдын тоглолт тод томруун өгүүлдэг. Н.Сувд дүрээ олон талаас нь чадварлаг харуулсан. Тухайлбал, эх хүн, эмэгтэй хүний хувьд эдлэх ёстой Мандухайн сэтгэлийн зовлонг бодитой нээсэн юм. Өөр залуухан бүсгүйд сээтэн хаях Батмөнх даян хааны хөнгөмсөг зан түүний хайрыг шархлуулж байна. Мандухай хатан дотроо шаналавч, хаант ёс төрийг хүндэтгэх уужим ухаан нь далд зовиураа ялан дийлж, ялих шалихгүй зүйлээр сэтгэлээ зовоосонгүй. Улс гүрнээ бодох ухаалаг чанар нь илүү давуутай аж. Үүгээр ч Батмөнх даян хааны хүндлэл хүлээж, зон олныхоо дунд нэрд гарсан хатны дүрийг Н.Сувд урлажээ. Бас түүний бүтээсэн Мандухай эмгэнэлт дүр юм. Охин насандаа өөрөөсөө ах, үе мултарсан өвгөн Мандуултай ураг барилдаж, түүнээс хүүхэдтэй болсон ч үрийн жаргал үзсэнгүй. Анхны охин хүүхэд нь муу санаатны хорлолд амиа алддаг. Шадар сайд Сатай таалал төгссөнөөс хойш тэрбээр орь ганцаардаж, түшиж тулах эр нөхөр нь жаргалд ташуурч, тус болохоосоо илүү нэр төр хөөцөлдөгч, хуйвалдагч нарын урхинд ордог. Батмөнх хааны сул талыг овжин ашигласан ордны хуйвалдагчдын хорон ажиллагаа идэвхжиж, түүний золиосонд өртсөн нь Мандухайн дүрийн бас нэгэн эмгэнэл байлаа. Энэ бүхэнд тэр сэтгэл гутарсангүй. Ялангуяа охиноо хорлогдсоны дараа улам ч ухаан сууж, хатуужин төрөө улсаа төвхнүүлэх үйл хэрэгт эрс шийдэмгий орохоор болсон хүчирхэг эмэгтэйн дүрийг Н.Сувд бүтээсэн. Түүний Мандухай Монгол туургатнаа нэгтгэх дайнд цэргээ удирдан оройлон манлайлж, төрд тэрслэгч, урвагч, хуйвалдагч нартай тууштай тулалдаж байгаад амиа алдсан билээ.
“Мандухай сэцэн хатан” кино бол монголчууд эв эетэй байхдаа хүчтэй, харин эв нэгдэлгүй бол Монголын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд аюул учрах осолтойг үеийн үед санаж явах түүхэн сургамжийг өгүүлсэн юм. Үүгээрээ улс төр, нийгмийн гүнзгий санааг агуулсан, өнөө үед ч чухал ач холбогдолтой мөнхийн асуудлыг дэвшүүлснээрээ үнэ цэнтэй бүтээл болсон билээ. Нөгөө талаас “Мандухай сэцэн хатан” кино хүн ардын оюун сэтгэлд олон жилийн турш далд оршиж байсан үндэсний ухамсрыг онцгой сэргээсэн. Уг бүтээл олны хүртээл болсны дараа эртний түүхээ сонирхох, хуучин монгол бичигт суралцах хөдөлгөөн хааяагүй өрнөж, энд тэндгүй дугуйлан бий болж, дунд, дээд сургуулиуд, бүр телевизээр хүртэл уйгаржин монгол бичиг заах болсон билээ. Тэрчлэн монгол дээлээ нийтээрээ өмсөж, Монголын эзэнт гүрэн, Чингис хаантай холбогдсон ном судар, хуучин бичгийн сурах бичиг олноор гарч эхэлсэн. Монголоороо омогших, үндэс угсаагаараа бахархах сэтгэл ийнхүү идэвхжихэд “Мандухай сэцэн хатан” кино онцгой нөлөөлсөн юм. Олон жилийн турш үндэсний үзлийг үгүйсгэсэн коммунист интернационализмын сурталчилгаа ч Монголын хөрснөөс алгуур хийсэж туугдах цагийг “Мандухай сэцэн хатан” авчирсан. Энэ утгаараа уг бүтээл хүн ардын оюун санааг өөрчлөхөд үнэтэй хувь нэмэр оруулж, ердөө нэг жилийн дараахан Монгол даяар өрнөх ардчилсан хөдөлгөөний угтвар нөхцөлийг бүрэлдүүлэхэд бодитой үүрэг гүйцэтгэсэн билээ. “Мандухай сэцэн хатан” кино үеийн үед туурга тусгаар Монголын минь эв нэгдэл, өлмий бат оршихын бэлгэдэл болж, монголчуудын сэтгэлд үлдэх хувьтай мөнхийн бүтээл юм.
Бэлтгэсэн: Профессор, урлаг судлаач Д.Мягмарсүрэн