Монгол Улсын эдийн засаг энэ онд зургаагаас дээш хувь өсөх нь нэгэнт тодорхой боллоо. Дэлхийн зах зээлд 2012-2016 онд ашигт малтмалын үнэ унаж, 17.3 хувьд хүрэн, “галзуурч” байсан манай эдийн засгийн өсөлт бараг “тэг” болох шахсан. Харин дэлхийн зах зээлд нүүрс, зэсийн үнэ өсөж, алтных тогтвортой байснаар Монголын эдийн засаг сүүлийн жилүүдэд эргээд сэргэж эхэлсэн билээ. Энэ жил эдийн засгийн өсөлт дэлхийд толгой цохих хэмжээнийх гэнэ. Тэгвэл ирэх жилд эдийн засаг хэдэн хувиар өсөх бол.
Олон улсын санхүүгийн байгууллага, мөн дотоодын мөнгө, сангийн бодлого баригчид, нэр хүндтэй хэвлэлийн газрууд ирэх жилийн эдийн засгийн төсөөллийг таамаглаж, “зурхай” зурдаг тогтсон хэвшилтэй. Тэдний таамгаар, манай улсын эдийн засаг 6.1-8 хувиар өсөх нь. Монголбанкныхан Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийг батлуулсан. Тэд мөнгөний бодлогоо энэ онд хүрсэн үзүүлэлтийг хадгалахын төлөө чиглүүлсэн гэж тайлбарлалаа. Тэгвэл Сангийн яамныхан ирэх онд эдийн засаг найман хувь гэж таамаглав. Хамгийн өөдрөг таамаглал энэ. Улсын сангийн бодлого баригчид 9.6 их наяд төгрөгийн орлого олж, 11 их наядын зардал гаргах төсөв зохиож, түүнийгээ батлуулсан. Эдийн засагчид төсвийн орлогыг хэтэрхий өөдрөг тооцоолсон, зардлыг тэлсэн нь ч алдаа болсон гэж шүүмжилж байна. Улсын төсвөөс зах зээлд их хэмжээний мөнгө “цутгах” учраас эдийн засгийн өсөлт найман хувьд хүрнэ гэж тэд тооцсон ч байж мэднэ.
Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкныхан ч уламжлал ёсоор манай улсын эдийн засгийн өсөлтийн таамгийг гаргав. Дэлхийн банкныхан 2019 онд 6.6 хувиар өснө гэж төсөөллөө. Тэднийх Ази, Номхон далайн бүсийн орнуудын эдийн засгийн өсөлт тогтвортой байна гэж дүгнэж байгаа. Манайх энэ бүс нутагт багтдаг учраас эдийн засгийн өсөлт энэ оныхтой ойролцоо байна гэсэн үндэслэлээр ингэсэн бололтой. Тэгвэл Азийн хөгжлийн банкныхан манай эдийн засгийг ирэх онд 6.1 хувиар өснө гэсэн “зурхай” зурав. Тэднийх хамгийн “бага” төсөөлөл танилцуулсан байгууллага. Азийн хөгжлийн банкныхан өнгөрсөн дөрөвдүгээр сард манай улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд саарч, 3.8 хувиар тэлнэ гэж таамагласан. Үүнтэйгээ уялдуулаад ирэх онд эдийн засгийг маань 4.3 хувиар тэлнэ гэж тооцсон удаатай. Гэвч зургаан сарын дараа таамгаа шинэчлэн, “Нүүрсний экспорт бидний тооцоолсноос нэмэгдсэн учраас ингэлээ” гэсэн тайлбар араас нь зүүсэн юм.
Дэлхийд нэр хүндтэй “Экономист” сэтгүүлийнхний манай эдийн засгийн талаарх таамаг эрхгүй анхаарал татаж байна. Тус сэтгүүлийн шинжээчид манай эдийн засгийг 2019 онд 6.8 хувиар тэлж, дэлхийн 200 гаруй орноос өсөлтөөрөө аравдугаарт эрэмбэлэгдэнэ гэж таамагласан. Сангийн яамныхны тооцоолсноор эдийн засаг найман хувиар өсвөл дэлхийн тэргүүлэгчидтэй мөр зэрэгцэн “гялалзах” бололтой.
Олны ам ортой гэсэн зүйр үг бий. Санхүүгийн шинжээчдийн төсөөллөөр манай орны эдийн засаг ирэх онд зургаагаас дээш хувиар өсөх нь. Гэхдээ хэлж ирэхгүй, хийсэж ирэх аюул өчнөөн байдгийг мартаж болохгүй. Байгалийн гамшиг тохиож, олон улсын харилцаа хурцдан, эдийн засгийн өсөлтийг сааруулахыг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм зүйл тохиолдох магадлал тун бага. Тэгэхээр маргааш машинд дайруулаад хэвтэрт орчихно гэж хэн ч боддоггүйн адилаар бодит нөхцөлдөө тулгуурлаж, ирээдүйгээ зөгнөх нь зүйтэй.
ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр ирэх жил үргэлжилнэ. Уг хөтөлбөрийн хүрээнд Япон, Солонгос гэх мэт түншлэгч орон болон санхүүгийн байгууллагуудаас тэрбумаар тоологдох ам.доллар авах тохиролцоо бий. Төсвийн 1.9 их наяд төгрөгийн алдагдлыг түншүүдээсээ авах мөнгөөр санхүүжүүлнэ. Тэгэхээр улсын төсвөөс 11.5 их наяд биш юм гэхэд дор хаяж 10.5 их наяд төгрөг зах зээл рүү орно гэж төсөөлж болно. Ийм хэмжээний мөнгө бол манайх шиг жижиг эдийн засагтай улсад их нийлүүлэлт. Зах зээл рүү санхүүжилт нийлүүлдэг төсөв хэмээх сувгаар “мөнгөний үер” урсах нь гээд ойлгочих хэрэгтэй. Нөгөө сувгаар нь ч “мөнгөний үер” буулгах боломжтой. Энэ бол Монголбанкны мөнгөний нийлүүлэлт. Төвбанкны богино хугацаатай үнэт цаасыг банкууд 4-5 их наяд төгрөгөөр худалдан авч байна. Үүнээс хоёр их наядыг нь л зах зээлд нийлүүлэхэд “мөнгөний үер” болно. Энэ нь инфляцыг өсгөх учраас Монголбанк бодлогын хүүгээ нэмж, зах зээлээс төгрөг татах арга барилаар ажиллах биз. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг саартал нь мөнгөний нийлүүлэлтийг танахгүй нь ойлгомжтой.
Нөгөөтээгүүр, гадаадын хөрөнгө оруулалт, Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр мөнгөний нийлүүлэлтийг нэмэх нэг суваг болдог. “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг уул уурхайн томоохон төсөл хэвийн хэрэгжиж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэр, Хөшигийн хөндийн хурдны зам гэх мэт томоохон хөрөнгө оруулалттай төслийн хэрэгжилт ирэх жил эрчимжинэ. Тавантолгойн цахилгаан станц, Улаанбаатар-Дархан-Уул, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто зам гэхчлэн томоохон төслийг ирэх жил хэрэгжүүлэх магадлалтай байна. Үүгээр зогсохгүй барилгын салбарынхныг дэмжихээр орон сууцны зээлийн санхүүжилтийг нэмэх болсон. Хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлж буй уул уурхай, үйлдвэрлэлийн төслүүдээ үргэлжлүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалт ирэх жил 2-3 тэрбум “ногоон”-оор нэмэгдэх магадлал бий. Ингэхээр өнөөгийн төсөөллөөр бол зах зээлд мөнгө огт дутахгүй. Мөнгө бол эдийн засгийн “цус”. “Улаан шингэн”-ий эргэлт хэр сайн байна,
...Нүүрсээ экспортолж чадахгүй бол эдийн засгийн өсөлт саарах нь тодорхой. Сангийн яамныхан ирэх жил 42 сая тонн нүүрс экспортолно гэж төсөвт тусгасан. Ийм өндөр амжилтад хүрнэ гэж хэн ч төсөөлөхгүй байгаа. Гэхдээ хятадуудын ааш авир тогтуун байгаад 30 сая тонныг экспортолчихвол эдийн засгийн өсөлтөө тэтгэж таарна...
төдийчинээ хүний бие эрүүл, чийрэг байдаг. Үүнтэй адил мөнгөний эргэлт нь сайн байх тусам эдийн засаг өсдөг жамтай. Эдийн засгийн ирэх жилийн өсөлтөд эргэлзэх хэрэггүй бололтой. Гэхдээ тулгарах эрсдэл бийг санаарай.
Эхний том эрсдэл нь ам хэлээ ололцохгүй, хэрүүл хийж, хэмлэлдэж буй улстөрчид юм. Ялангуяа төрийн эрхийг барьж буй намаас УИХ-д сонгогдсон гишүүд хоёр хуваагдан, бодлого боловсруулах ажилд саад болж эхэлснийг анхаарахгүй өнгөрөөж болохгүй. Тэдний хэрүүл, тэмцэл төрийн бодлогыг тогтворгүй болгоно, хэрэгжүүлэхгүй гацаана. Бодлого чиглэл нь хаашаа эргэх нь тодорхойгүй байгаа учраас гадаадын хөрөнгө оруулагчид, түншлэгчид хэрэгжүүлэхээр зэхсэн төслөө “царцаана”, хамтрах тохиролцооноосоо ухарч болзошгүй. Энэ бол эдийн засгийн том эрсдэл. Дараагийн том эрсдэл бол ашигт малтмалын үнийн уналт. Манай улсын эскпортын дийлэнхийг бүрдүүлдэг зэс, нүүрс, алтны үнэ дэлхийн зах зээлд унавал эдийн засгийн өсөлт огцом саарах нь дамжиггүй. Шинжээчид ирэх онд ашигт малтмалын үнэ харьцангуй тогтвортой байна гэж төсөөлж байгаа. Ялангуяа зэс, алтны үнэ тогтвортой байна гэсэн таамгийг олонх нь дэвшүүлсэн.
Харин нүүрсний ханш хэрхэхийг ам бардам хэлэхэд хэцүү. Учир нь, АНУ-тай хийж буй худалдааны дайнаас шалтгаалж, Хятадын эрэлт буурах магадлал бий. Манай улс Хятад гэсэн ганц зах зээлд нүүрсээ нийлүүлдэг. Өмнөд хөршийнхөн боомтынхоо нүүрс нэвтрүүлэх хаалгыг гэв гэнэт цөөлөх гэх мэтээр ойлгомжгүй үйлдэл гаргах болсон. Тэднийх нэвтрүүлэх хаалгынхаа тоог нэмэхгүй, “луу унжвал” манайх төлөвлөсөн хэмжээний нүүрс экспортолж чадахгүй. Уул уурхайн түүхий эдийн нийт экспортын 40 хувийг нүүрс бүрдүүлдэг болоод буй. Нүүрсээ экспортолж чадахгүй бол эдийн засгийн өсөлт саарах нь тодорхой. Сангийн яамныхан ирэх жил 42 сая тонн нүүрс экспортолно гэж төсөвт тусгасан. Ийм өндөр амжилтад хүрнэ гэж хэн ч төсөөлөхгүй байгаа. Гэхдээ хятадуудын ааш авир тогтуун байгаад 30 сая тонныг экспортолчихвол эдийн засгийн өсөлтөө тэтгэж таарна.
Олон улсын томоохон банкны шинжээчид 2020-2021 онд эдийн засгийн хямрал эхэлнэ гэж зөгнөж буй. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал 2019 оныг Монгол Улсын айсуй хямралд бэлтгэх жил гэж томьёолсон удаатай. ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард Дэлхийн банк, ОУВС-гийн өнгөрсөн жилийн уулзалтын үеэр “Улс орнуудын эдийн засаг өсөж байна. Энэ үед бүтцийн томоохон өөрчлөлт хийж, эдийн засагтаа засвар хийх хэрэгтэй” гэсэн зөвлөмжийг “Нар ээж байхад дээврээ сайн засах хэрэгтэй” гэсэн хошин үгээр илэрхийлж байжээ. Тэгвэл энэ жилийн хурлын үеэр “Тэнгэрийн хаяанд хар үүлс хуралдсан байна. Тиймээс байдал эвгүйтвэл яах вэ гэдэгт бэлдэх хэрэгтэй” гэсэн мессеж өгсөн. Тэрбээр “Хямралын бороо” орох нь гэсэн анхааруулга өгсөн хэрэг. Монголчууд эдийн засаг өсөх нь тодорхой гээд гэдсээ илж хэвтэлгүй, хар үүл хэзээ, хаанаас гарч ирээд мөндөр унагахыг тодорхой хэлж мэдэхгүй ч дээврээ бөглөхөө бодсон нь дээр. Манай эдийн засгийн дээвэр хаагуураа цоорхой бол. Уул уурхайн түүхий эдийн үнэ унахад л бид усан бороонд автаж, мөндөрт цохиулна. Хамгийн том цоорхой нь энэ. Дээврийнхээ цоорхойг яаж цойлдох вэ, нүхийг нь хэрхэн жижигрүүлэх вэ гэж бодохын оронд улстөрчид нь амаараа дүүрэн микрофон “чихчихээд” бие бие рүүгээ архираад байвал улсаараа живнэ биз.