Ираны нийслэл Тегеран 15 сая оршин суугчтай. Анх байгуулагдсан газрынхаа түвшнээс тус хот доош түргэн сууж буйг судлаачид тэмдэглэжээ. Азийн баруун хэсгийн хүн ам хамгийн шигүү оршин суудаг эл хот жил бүр 25 см-ээр сууж байгааг шинэ судалгаа харуулав.
Тодруулбал, Германы Потсдам хот дахь Гео эрдэм шинжилгээ, судалгааны төвийн эрдэмтэд хиймэл дагуулаас авсан гэрэл зургийг үндэслэн 2003-2017 онд Тегеран орчмын хөрсний суултыг хэмжсэн гэнэ. Ингэхдээ тус хотын дүүргүүдэд хөрсний суулт өөр өөр хурдтай байгааг тогтоосон байна.
Тухайлбал, Тегераны олон улсын нисэх буудал орчмын газар жилд таван см сууж буй аж. “Хүн амын тоо эрс өссөн, аж үйлдвэр эрчимтэй хөгжиж буй нь дээрх үзэгдлийн гол шалтгаан. Өөрөөр хэлбэл, Тегеран орчмын хөрсний усны хэрэглээ ихэссэнтэй холбоотой. Энэ нь нийслэл хавийн хөрс нурах, байшин барилга эвдрэх, үер буух давтамжийг ихэсгэсэн” гэж эрдэмтэд нийтлэлдээ онцолжээ.
Ираны эрх баригчид ус ашиглалын стратегиа эрс өөрчлөх замаар дэд бүтцийн объектууддаа нүүрлэх аюулаас урьдчилан сэргийлж болохыг Германы судлаачид анхааруулсан байна.