Он гарснаас хойш шатахуун түгээх аж ахуй нэгж, байгууллагууд шатахууны үнээ найман удаа нэмжээ. Тэгвэл өнөөдөр ШӨХТГ-аас хэвлэлийн бага хурал зарлан цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр бид тус байгууллагын шатахууны үнийн өсөлтөд хийж буй шалгалтын үйл явцын тухай ШӨХТГ-ын Бодлого зохицуулалтын мэргэжилтэн Д.Мөнхсолонгоос дараах тодруулгыг хийлээ.
ШӨХТГ-аас шатахууны үнийн тал дээр шалгалт хийсэн үү? Хийсэн бол тухайн ААН-үүдэд ямар арга хэмжээ авсан бэ?
2018 онд ШӨХТГ-аас шатахууны үнэ болон чанарын асуудалтай холбогдуулан найман удаагийн хяналт, шалгалт хийсэн. Ингэхдээ дутуу шахалт болон үнийн өсөлт, жижиглэнгээр борлуулж буй бензиний чанар стандартыг шалгасан.
Ямар зөрчил илэрсэн бэ?
Дутуу шахалтын асуудлаар энэ оны тавдугаар сард нийт долоон компанийн ШТС-уудыг түүврийн аргаар сонгож шалгасан. Шалгалтаар "Монсуль" компанийн ШТС-7 салбар дээр зөрчил илэрсэн. Стандарт хэмжилзүйн газрын улсын баталгаажилтын лацаар түгээгүүрээ лацдаагүй шатахуун хэрэглэгчид борлуулж байсан. Иймд Зөрчлийн тухай хуулиар мөнгөн торгууль ногдуулсан байгаа.
Мөн чанар стандарт хангаж байгаа эсэх асуудлаар нийт есөн аж ахуй нэгжид шалгалт хийж байна. Хяналтын ажил дуусаагүй байна.
Тавьсан шаардлагыг биелүүлж ШТС-ууд үнээ хэдэн төгрөгөөр бууруулсан бэ?
ШТС-уудаад шаардлага хүргүүлэн ажиллаж байна. Арванхоёрдугаар сар өмнөх сарын хилийн үнэтэй харьцуулахад тонн тутамдаа 80-148 ам.доллар буурч орж ирсэн байгаа. Тиймд хилийн үнэтэй уялдуулж жижиглэнгийн үнийг боломжит хэмжээгээр бууруулах шаардлагыг ШӨХТГ-аас хүргүүлсэн. Иймд Засгийн газраас шаардлага тавьсны дагуу одоогийн байдлаар аж ахуй нэгжүүд үнээ 100 төгрөгөөр бууруулаад байна.
Хуурамч шатахууныг шалгах ажлын хэсэг гарсан. Энэ талаар ярина уу?
Хуурамч шатахууныг шалгах Засгийн газартай хамтарсан Ажлын хэсгийн хариу удахгүй гарна. Тухайн үед нь мэдээлэл өгөх болно.
Хэдэн байгууллага үнээ өсгөсөн бэ?
Энэ оны эхээр шатахууны үнийг нэмсэн, зохиомол хомсдол үүсгэсэн зөрчлөөр “Шунхлай”, “Петровис”, “Сод Монгол” зэрэг 10 аж ахуй нэгжид 50 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулж, шаардлага хүргүүлсэн.
Г.ТЭМҮҮЛЭН