АНУ, БНХАУ-ын худалдааны маргааныг шийдвэрлэх санаачилга гарган, урд хөрш АНУ-д үйлдвэрлэсэн автомашин, эд ангид нэмж татвар ногдуулахаа түр зогсоох тухай дэлхийн мэдээллийн агентлагууд уламжилжээ.
Тодруулбал, ирэх нэгдүгээр сарын 1-нээс гурван сарын хугацаанд 144 төрлийн бүтээгдэхүүний (цахилгаан хөдөлгүүртэй автомашин, ачааны машин, суудлын бүс зэрэг) татварыг 40-өөс 15 хувь болгон бууруулах гэнэ.
Энэ талаар нэгэн мэргэжилтэн “Худалдааны маргааныг шийдэхийн тулд хоёр улс арга хэмжээ авч буйн сайн дохио боллоо” хэмээн өгүүлснийг “Reuters” агентлаг эш татжээ. Ташрамд дурдахад, урд хөрш өнгөрсөн онд АНУ-аас 254 200 автомашин (тансаг зэрэглэлийн брэндүүдийнх түгээмэл) импортолсон дүн бий тухай “South China morning post” дамжуулав.
Энэ нь автомашины нийт импортынх нь 22.5 хувь гэнэ. Хамгийн том эдийн засагтай хоёр улсын Ерөнхийлөгч энэ сарын эхээр Буэнос-Айрест уулзахдаа маргаанаа шийдвэрлэхээр тохиролцсон юм. Сонирхуулахад, худалдааны дайн өнгөрсөн долдугаар сард эхэлснээс хойш БНХАУ анх удаа АНУ-аас шар буурцаг худалдан авахаар болоод буй билээ.