Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг эхний 11 сарын байдлаар гаргаснаа Үндэсний статистикийн хороо өчигдөр танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сарынхаас 1.8, өмнөх оны эцсээс 7.5, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 8.1 хувиар өссөн гэжээ.
Үүнд цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ дүнгээрээ 16, тээврийн бүлгийнх 11, согтууруулах ундаа, тамхиных 8.1 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж. Гуравдугаар улирлын байдлаар нийслэлд нийт ажиллагсдын сарын дундаж цалин 1 156 000 төгрөг байгаа нь улсын дунджаас 124.4 мянгаар илүү дүн аж.
Цалинг салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхайнхан хамгийн их буюу 2.4 сая, урлаг, үзвэр, боловсрол, соёлын чиглэлийнхэн хамгийн бага буюу 613.6 мянган төгрөгийн цалинтай байгаа юм.
Банкны системийн чанаргүй зээл арваннэгдүгээр сарын эцэст хоёр их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 106.6, өнгөрсөн оны мөн үеийнхээс 911 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт аж. Чанаргүй зээл нийт өрийн үлдэгдлийн 12.4 хувийг эзэлж өмнөх оны мөн үеийнхээс 3.8 пунктээр өссөн байна.