Нийслэлийн агаар уржигдар бохирдлынхоо дээд хязгаар давсныг мэргэжилтнүүд анхааруулав. Монголчууд утаа хэмээх аймшигт “мангас” тэжээгээд өчнөөн жилийн нүүр үзлээ. Түүнийг буулгаж авахаар хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, аяны тоо хэдэн зууг давсан. Утаа бууруулах нэрийдлээр зөвхөн 2008-2016 онд 850 гаруй тэрбум төгрөг салхинд хийсгэснийг Үндэсний аудитын газрынхан шалгалтаараа ил болгов. Тайлан, тооцооноос гадна ил, далд идсэнийг нь нэмэх юм бол энэ мөнгөний хэмжээ хэдэн зуун саяар өсөх нь гарцаагүй. Гэвч ингэж их “хөдөлмөрлөснийх” нь үр дүн гарсангүй. Улаанбаатарын утаа улам л өтгөрч, иргэд эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсон хэвээр. Энэ бүхэн нэгдүгээрт бидний хариуцлагагүй, хуумгай шийдвэртэй, хоёрдугаарт, эл чиглэлээр хэрэгжүүлсэн ажлууд байгаа онодоггүйтэй холбоотой.
Агаарын бохирдол бууруулах зорилгоор үе үеийн Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр голдуу гэр хорооллынхон руу чиглэдэг. Учир нь нийслэлийн агаарын бохирдлын 80 орчим хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. Харин тээврийн хэрэгсэл 10, ДЦС-ууд зургаа, тоос, үнс, карьер зэрэг бусад эх үүсвэр дөрвөн хувийг нь “үйлдвэрлэдэг”. Агаар бохирдуулагч гол эх үүсвэртэй тэмцэх хамгийн оновчтой шийдэл бол гэр хорооллыг орон сууцжуулах. Зуух, утаа шүүгч тараах бус, яндангийн тоог цөөрүүлж, бүрмөсөн халах юм. Гэвч үүнийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа, хөрөнгө шаардлагатай.
Тэгвэл бид одоо юу хийх ёстой вэ. Гэр хорооллынхныг орон сууцаар бүрэн хангах хүртэл хүлээх үү, эсвэл “Урт хугацааны шийдэл” гээд цаг хугацаанд даатгаж орхих уу. Агаарын бохирдол үндэсний аюулгүй байдалд заналхийлээд байгаа энэ үед ингэж алгуурлаж боломгүй. Агаар дахь хорт бодисуудын “тээгч эх” болсон түүхий нүүрсийг сайжруулсан түлшээр солих нь ойрын хугацааны хамгийн оновчтой шийдэл гэдгийг судлаач, эрдэмтдээс эхлээд жирийн иргэд ч хэлдэг. Энэ тухай улиг болтол ярьсан ч хэлцэж, хэрэлдсээр хэрэгжүүлж чадалгүй өдий хүрэв. Харин энэ Засгийн газар түүхий нүүрсний хэрэглээг ирэх оны тавдугаар сараас бүрмөсөн хориглох шийдвэр гаргасан. Тэдний тооцооллоор, ирэх хавраас түүхий нүүрс үзэгдэхээ больж, сайжруулсан түлш зах зээлийн “гол тоглогч” болох нь. Нийслэлийн гэр хорооллын 202 мянган өрхийн хэрэгцээг бүрэн хангахад жилд хамгийн багадаа 600-800 мянган тонн сайжруулсан түлш хэрэгтэй гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргажээ. Үүний 150 мянган тонныг нь сайжруулсан түлшний 12 үйлдвэр, үлдсэнийг нь “Эрдэнэс Тавантолгой”-н охин компани “Тавантолгой түлш”-ээр хангуулах зохицуулалтыг Засгийн газар хийсэн. Өөрөөр хэлбэл, төр, хувийн хэвшлийн нийлсэн 13 үйлдвэр нийслэлчүүдийн сайжруулсан түлшний хэрэгцээг бүрэн хариуцах болсон юм.
Агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулсан орнууд нэг бол түүхий нүүрсээс татгалздаг, эсвэл ийм түлш хэрэглэдэг үйлдвэр, аж ахуйн газруудаа цөөлөх замаар эл бэрхшээлээ шийдэж ирсэн байх юм. 12 000 хүний амь авч одсон Лондоны хорт утааг ч ийм аргаар дарсан гэдэг. Энэ үүднээс иргэд Засгийн газрын зоримог шийдвэрт ам сайтай байв. Нөгөөтээгүүр “Яах бол” гэсэн тээнэгэлзээ ч бий болсон. Арга ч үгүй биз. Сайжруулсан түлштэй холбоотой сайнгүй түүх бидэнд өчнөөн бий.
Г.Мөнхбаярыг хотын дарга байх үеэс буюу 2010 оноос сайжруулсан түлшний хэрэглээг дэмжих томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. Нийслэлийн гурван дүүргийн 12 хороонд түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, сайжруулсан түлшээр хангах шийдвэр гаргаж байж. Дараа нь 2011-2012 онд Баянгол дүүрэгт “Утаагүй хороо” төсөл хэрэгжүүлж, долоон хорооны өрхөд сайжруулсан түлш түгээжээ. Гэвч эдгээр ажил удаан үргэлжлээгүй төдийгүй амжилтгүй болжээ. Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын мэргэжилтнүүд “Үйлдвэрүүд гэрээний дагуу бүтээгдэхүүнээ нийлүүлээгүй, түлш нь чанарын шаардлага хангаагүйгээс тухайн үед хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөрүүдийг зогсоосон. Тэд өрхийн хэрэгцээнд шаардлагатай түлшний 5-10 хувийг л нийлүүлсэн” гэсэн бол шахмал түлш үйлдвэрлэгчид “Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид судалгаа, тооцоогүй хөдөлснөөс болсон. Мөн үйлдвэрүүд хүчин чадал, зардлаа буруу тооцсоноос гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Үүнээс үүдэлтэй нэлээд олон зөрчил илэрсэн” хэмээн зовлон тоочиж байв. 20 хорооны өрхийг сайжруулсан түлшээр хангах гэж ингэж зүдэрч, хэцүүдсэн. Муу амлаж байгаа ч юм биш, ирэх хавраас хэрэгжүүлэх шийдвэр ч энэ замаар орохгүй гэх баталгаа алга. Төсөлд сонгогдсон 12 компани нэгдэж “Монголын шахмал түлш хэрэглэгчдийн нэгдэл” ХХК байгуулсан. Тэд өнгөрсөн аравдугаар сарын 15-наас бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх байсан ч төлөвлөгөөгөө биелүүлээгүй. Зарим нь хамтран ажиллахаас татгалзаж, өдгөө ердөө таван компани улстай гэрээ байгуулсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө. “Тавантолгой түлш” компанийнхан агаарын бохирдлын голомт бүхий бүсүүдэд өнгөрсөн сараас сайжруулсан түлшээ борлуулж эхэлсэн ч үйлдвэрт нь гэмтэл гарсан гэсэн мэдээлэл байна.
Нэгдэж нийлсэн компаниуд нь тарж бутарсан, асуудал, зовлон тоочсон байдлаараа тэд ирэх онд 600 000 тонн байтугай хагастай нь тэнцэх хэмжээний түлш үйлдвэрлэж чадахгүй гэж учир мэдэх хүмүүс хэлэх болов.
Ирэх хавраас хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан юу хийж буй, бэлтгэлээ хэр зэрэг хангасан, сайжруулсан түлшний үйлдвэрүүд яагаад хамтран ажиллахаас татгалзсан зэрэг асуултад БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхноос хариулт авах гээд барсангүй. Дарга нь байхгүй, мэргэжилтнүүд нь ийш тийш явсан, “Арга хэмжээнд оролцож байна” гэж элдэв шалтаг тоочсоор хоёр хонов. Иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал хариуцдаг мэргэжилтнүүд ийм сэтгэлгүй, хариуцлагагүй байж таарахгүй.
Сайжруулсан түлш үйлдвэрлэгчдийг дэмжих замаар түүхий нүүрсийг үлдэн хөөх ажил ийнхүү барцадтай эхэлж буй нь агаарын бохирдол хариуцсан байгууллагуудад цаашид илүү няхуур, хариуцлагатай ажиллах сануулга өгч байна. БОАЖЯ, ЭХЯ, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар гэлтгүй Засгийн газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо зэрэг шат шатныхан энэ асуудалд анхаарахгүй бол ирэх жил утаа хэвээрээ, Засгийн газрын шийдвэр биелэхгүйд хүрэх вий. Ерөнхий сайдын амлалтыг биелүүлэх гэж иргэд галаа түлэхгүй, хоол, цайгүй сууна гэж лав байхгүй. Дэлхийн хамгийн бохир, агаарын бохирдлоороо толгой цохиод буй нийслэлд амьдарч байгаа ч энэ асуудал өнөө маргаашдаа улстөрчдийн хэлэлцэх асуудал биш болов. Тэд ширээ, сандлынхаа хэрүүлийг дуусгах гэсээр байтал иргэд утаанд хордсоор байх нь дээ.
Бэлтгэсэн: Ж.Сувд
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Сайжруулсан түлш зарим зуухыг “голдог” ч эрэлт ихтэй байна
Ирэх жилийн өвөл Улаанбаатарын утааны хэмжээ 50 хувиар буурсан, утаан дахь нүүрстөрөгч болон хүхрийн хүчлийн давхар исэл болон бусад хорт бодисын хэмжээ ч хоёр дахин багассан байх болов уу хэмээн бид итгэхийг хүсэж байна. Учир нь гэр хорооллын 202 000 айлын зуухны иддэг “хоолыг” төрөөс өөрчилж, түүхий нүүрсийг шахмал түлшээр солих болсноо мэдээлсэн. Нүүрсийг бүрэн орлох сайжруулсан түлшний үйлдвэрлэл, хэрэглээ одоогоор ямар байгаа бол. “Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компани “Тавантолгой түлш” -ийнхэн энэ намраас зах зээлд сайжруулсан түлш нийлүүлсэн. Тавантолгойн ордын уурхайгаас урд хөрш рүү экспортолдог нүүрсний “хаягдал” буюу анхан шатны шигшүүрээс гарсныг нь угааж, баяжуулан шахмал түлш үйлдвэрлэж буй. Үйлдвэрийн нэгийг “ДЦС-2”-ыг түшиглэн байгуулсан бол нөгөөх нь Толгойтод байгаа аж. Толгойтынх цагт 40, нөгөөх нь цагт 30 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай гэлээ. Гэхдээ одоогоор бүрэн чадлаараа ажиллахгүй байгаа. Толгойтын үйлдвэрт өдрийн цагаар цахилгаан хязгаарладаг тул 21.00-05.00 цагийн хооронд л түлшээ базаадаг гэж “Тавантолгой түлш” компанийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн мэргэжилтэн Н.Янжмаа хэллээ. Мөн нийслэлчүүдийн ирэх жилийн хэрэглээнд зориулан түлш үйлдвэрлэж байгаа тул дийлэнхийг нь нөөцөлж, нүүрсийг бүрэн халахад хүрэлцэхүйц хэмжээтэйг бэлтгэхээр ажиллаж буйгаа дуулгасан юм. Бид дээрх хоёр үйлдвэрийн ажлын явцтай танилцах гэсэн ч ерөнхий инженер нь өвдсөн, одоогоор гаднын хүнийг үйлдвэрт нэвтрүүлэх журам байхгүй гэсэн шалтгаанаар зөвшөөрсөнгүй.
Иймээс Улаанбаатар дахь сайжруулсан түлшний цорын ганц борлуулалтын цэг болох Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо буюу бидний нэрлэж заншсанаар Баянхошууны Хөтөлд байрлах цэгт очлоо. Нүүрс борлуулдаг 100 орчим ам метр торон хашаанд 25 кг-аар савласан түлш зардаг гэнэ. Налайх, Багануурын нүүрс уут нь 3000-4000 төгрөг бол шахмал түлш шуудай нь 3750 төгрөг. Өчигдөр 10.00 цагийн үед тус хашаанд шахмал түлш байсангүй. Урд өдрийнх нь 15 орчим тонн зарагдаад дууссан гэдгийг борлуулагч Б.Ганбат хэллээ. Харин үйлдвэрээс тээвэрлэн авч ирдэг түлшээ хураан, жинлэж, ууталдаг газрыг зааж өгөв. Борлуулалтын цэгийн замын эсрэг талын том хашаанд шахмалыг хэмжиж, ууталдаг аж. Үйлдвэрээсээ нэг тоннын уутаар тахианы томхон өндгөрхүү хэлбэр, хэмжээтэй “сайн нүүрс”-ийг тээвэрлэн авчирдаг юм байна. Биднийг очиход тэнд гурван тонн орчмыг хураасан байв. Өдөрт таван тоннын автомашинаар 4-5 удаа тээвэрлэн ирдэг ч тэр дороо дуусчихдаг тухай борлуулагчид нь хэлж байна. Замын наана, цаана байрлах савлагаа болон борлуулалтын “алба” ачаалал ихтэй харагдана. Яг 25 кг-аар жинлээд зардаг нь шуудайтай бусад нүүрснээс хэмжээний хувьд их гэдгийг ч онцолж байлаа.
Борлуулалтын цэгт шахмал түлш авахаар 3-4 үйлчлүүлэгч хүлээж байв. Тэднээс уг бүтээгдэхүүний чанарыг тодруулахад, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэн Н.Цэвээнсүрэн “Манайх 60 орчим ам метр байшинтай. Тавантолгойн түлшийг хэрэглээд сар гаруй боллоо. Чанар сайтай, шаталт удаан тул хэрэглээг 50 хувиар бууруулсан. Түүхий нүүрснээс дутуугүй илчтэй. Харин олдоц муутай байна. Нэг хүнд дөрвөн шуудайгаас илүү өгдөггүй болохоор холоос ирсэн учраа хэлж, гуйж байж л заримдаа жаахан илүү авдаг. Энэ “нүүрс”-ийг их хэмжээгээр үйлдвэрлэн, борлуулах цэгийг нь олшруулах талаар арга хэмжээ аваасай” гэлээ. Тус борлуулалтын цэгийн хажуугийн хашаан дахь айлаас юу түлдгийг нь сонирхлоо. Оршин суугч Г.Саран “Манайх дэлгүүр, агуулах, өөрсдийн амьдардаг байр гээд гурван давхар барилгатай. Байраа нам даралтын зуухаар халаадаг тул шахмал түлш тохирохгүй юм билээ. Том хэмжээтэй байшин халаадаг, нам даралтын зуухтай айлын паарыг сайжруулсан түлш халааж дийлэхгүй байна. Илч муутай юм болов уу” гэв. Мөн тэрбээр гэрт амьдардаг, эсвэл ханан пийшингээр халаадаг жижиг байшинтай өрх, ялангуяа төслийн шугамаар тараагдсан “Өлзий”, “Дөл” зуухтай айл хэрэглэхэд тохиромжтой. Хамар хашаанд нь гэрт амьдардаг тэдний хүүгийнх шахмал түлш түлдгийг дуулгасан юм. Хөтөл хавийн зарим айл, иргэнээс шахмал түлш хэрэглэдэг, эсэх, чанарыг нь хэрхэн үнэлж байгаа талаар лавлахад, олонх нь түлж үзээгүй гэсэн бөгөөд хэрэглэж, турших гэхээр үдээс өмнө зараад дуусчихдаг. Олдоц муутай тул харьцуулах боломжгүй гэв. Харин шахмал түлш түлж үзсэн өрхүүдээс нам даралтын зууханд тохиромжгүй, илүү сайжруулах шаардлагатай, илч өндөр байх хэрэгтэй гэсэн бол гэрт амьдардаг зарим нь үнс ихтэйг эс тооцвол төдийлөн гомдоллох зүйлгүй, түүхий нүүрснээс дутуугүй чанартай гэлээ.
Шахмал түлш үйлдвэрлэн, хэрэглээнд нэвтрүүлэхээр холбогдох аж ахуйн нэгжүүд нь чамгүй ажиллаж байна. Гэхдээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь “Дөл” зууханд дүрэлзтэл шатна, нам даралтын зуухтай иргэд намайг сонгох хэрэггүй ээ” гэж “цамаархвал”, өөрөөр хэлбэл, гэрт амьдардаг айлуудад тохиромжтой хэрнээ том байшинг халааж чадахгүй бол бас л цаг хугацаа, хөрөнгө үрэхийг хаана хаанаа бодолцож, түлшнийхээ чанарыг сайжруулахад анхаарах хэрэгтэй болов уу.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам
ДЭЛХИЙН ЖИШИГ
Пийшин галлахад цагт 400 янжуур шатаасантай тэнцэх хэмжээний утаа ялгардаг
Бөмбөрцгийн хүн амын 90 орчим хувь нь хорт утаагаар амьсгалж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас мэдээлжээ. Сүүлийн зургаан жилийн хугацаанд агаарын бохирдол өндөр түвшинд хэвээр байна. Газар дундын тэнгисийн зүүн хэсэг, Зүүн өмнөд Азийн оршин суугчид бусдаас бохир агаараар амьсгалж буй. Эдгээр бүс нутгийн агаарын бохирдлын жилийн дундаж хэмжээ ДЭМБ-аас тогтоосноос тав дахин их аж.
Агаарын бохирдол бол халдварт өвчин газар авах гол хүчин зүйлүүдийн нэг. Насанд хүрсэн хүмүүсийн дунд зүрхний өвчин, шигдээс, архаг дутагдлаар нас барагсдын 25-43, мөн уушгины хорт хавдраар хорвоог орхигсдын 29 хувьд агаарын бохирдол нөлөөлсөн байжээ. Дэлхийн оршин суугчдын 40 гаруй хувь буюу гурван тэрбум орчим нь ахуйн хэрэгцээнд экологийн хувьд цэвэр түлш, технологи хэрэглэх санхүүгийн боломжгүй аж. Янз бүрийн орны Засгийн газар, байгаль орчин хамгаалах байгууллагууд агаарын бохирдолтой тэмцэж, хорт бодисын хэмжээг бууруулахыг хичээж буй. Сүүлийн хоёр жилд “Pradhan mantra ujjwala yojana” хөтөлбөрийн тусламжтайгаар Энэтхэгийн 37 сая орчим ядуу эмэгтэйн түлшний хэрэглээг үнэ төлбөргүй хийгээр хангажээ. Энэ нь тэдэнд байгаль орчинд илүү ээлтэй, ахуйн түлш хэрэглэх боломж олгож байна. Мексикийн нийслэлд тээврийн хэрэгслүүдэд байнга стандартын шаардлага тавьдаг болжээ. Тухайлбал, тортог ялгаруулдаггүй автобус үйлчилгээнд гаргаж буй. 2025 он гэхэд тус улс дизель хөдөлгүүртэй суудлын автомашингүй болох гэнэ. Бага насны хүүхдийн амьсгалын замын өвчний үлэмж хэсэг гэр доторх агаарын бохирдлоос үүдэлтэй гэнэ. Шавар, эсвэл тоосгон пийшинд мод, нүүрс, аргал зэрэг хатуу түлш шатаахад ялгардаг утаа аюултай олон бохирдуулагч агуулдаг. Үүнийг судалсан АНУ-ын Калифорнийн их сургуулийн профессор Кирк Смитийн мэдээлснээр, зуух, пийшин галлахад цагт 400 янжуур шатаасантай тэнцэх хэмжээний утаа ялгардаг гэнэ. Тиймээс орон нутагт ч хий, цахилгаан зэрэг эрчим хүчний илүү цэвэр эх үүсгүүр ашиглахыг тэрбээр уриалжээ.
Дэлхийн банкнаас мэдээлснээр, Хятадад агаарын бохирдлын улмаас жил бүр 750 мянган хүн нас бардаг. Агаарын бохирдлоороо дэлхийд толгой цохидог тус улс 2017 он гэхэд нүүрсний хэрэглээгээ 65 хүртэл хувиар бууруулах зорилтыг 2013 онд тавьж, өнгөрсөн онд давуулан биелүүлжээ. Ингэснээр БНХАУ-ын эрчим хүчний салбар дахь нүүрсний хэрэглээ 60 хувиас буурчээ. Энэ зууны эхээр уг үзүүлэлт 72 хувьтай байсан аж. Цаашлаад 2005 оны үзүүлэлттэй харьцуулахад ДНБ-ий нэгж үйлдвэрлэлд ногдох хүлэмжийн хийг 2020 он гэхэд 50 хувиар багасгах зорилт тавьжээ. Ажлын байранд санаа зовсон бүс нутгийн эрх баригчдын эсэргүүцлийг үл харгалзан өнгөрсөн оны нэгдүгээр сард гэхэд дулааны 103 станцаа хаасан гэнэ. Үүний сацуу байгалийн хий, эрчим хүчний олборлодоггүй эх үүсгүүрүүдийн хэрэглээ нь өсөж байна. Тэдгээрийн хэрэглээ өнгөрсөн онд 20 хувь байсан бол 2020 он гэхэд 25-д хүрэх гэнэ. Уг үзүүлэлтээр Хятад улс АНУ-ыг гүйцэж, дэлхийд тэргүүлэх болсон тухай “British petroleum” корпорац мэдээлжээ. Мөн 2016 онд БНХАУ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийн өсөлтийн үзүүлэлтийн 40 хувийг хангасан байна. Тухайлбал, атомын эрчим хүч ашиглалтаар дэлхийн өсөлтийн үзүүлэлт бараг 100 хувь тус улсад ногджээ. Ийнхүү сэргээгдэх эрчим хүчинд идэвхтэй шилжсэнээр Хятад улс хүлэмжийн хийн хэмжээгээ хоёр жил дараалан бууруулсныг тус корпорац тэмдэглэв. 2016 онд уг хэмжээг өмнөх оны үзүүлэлтээс 0.7 хувиар бууруулсан байна. Тодруулбал, мөн онд Хятад улс есөн сая тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан нь дэлхийн уг үзүүлэлтийн 27.3 хувийг эзэлж, жагсаалтын нэгдүгээрт бичигджээ.
Бэлтгэсэн: З.Амгалан
БАЙР СУУРЬ
Сайжруулсан түлш утаа бууруулах оновчтой шийдэл мөн, эсэх, Монголд энэ төрлийн түлшний хэрэглээ ямар байгаа талаар холбогдох хүмүүсийн байр суурь ийм байна.
Стандартаа чангатгах хэрэгтэй
Н.НАРАНГЭРЭЛ (НМХГ-ын Агаарын чанарын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч):
-Нийслэлд борлуулж буй сайжруулсан түлшинд өнгөрсөн арав, арваннэгдүгээр сард чанарын шалгалт хийсэн. Дийлэнх нь одоо мөрдөж байгаа стандартад нийцсэн. Шалгалтын дүнг зөвлөлийн хурлаар хэлэлцээд нийтэд мэдээлнэ. Чанарын шаардлага хангаж буй, эсэхийг түлш шатаахад гардаг илчлэг, дэгдэмхий бодис, үнс, чийглэг, хүхэр, нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгчийн хэмжээгээр тодорхойлдог. Мөн чулуун нүүрсийг шигшиж шинжилдэг.
Сайжруулсан түлшинд тавьдаг манай улсын стандарт маш сул. Нэгэнт сайжруулж, зах зээлд нийлүүлж байгаа түлшинд өндөр шаардлага, стандарт тавих ёстой. Ингэж байж агаар дахь хорт бодисын хэмжээг бууруулна. Үүнийг улсын болон хувийн үйлдвэрүүдэд үүрэг болгож, тогтвортой үйл ажиллагаа явуулахад нь анхаарах хэрэгтэй. Мөн цахилгаан халаагуурын хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай. 7000 өрх цахилгаан халаагуур ашигладаг болчихвол утаа мэдэгдэхүйц багасна гэсэн тооцоо бий.
Олдоц муу учраас иргэд түүхий нүүрс түлж байна
Ц.ПҮРЭВХҮҮ (“Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ыг үүсгэн байгуулагч)
-Манай холбооныхон сайжруулсан түлшний хэрэглээг нэг их дэмждэггүй байсан. Бид НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын судлаачдын зөвлөмжийг хоёр жилийн хугацаанд уншиж судалсан. Бүх зөвлөмжид “Сайжруулсан түлш хэрэглэх нь зүйтэй” гэж дурдсан байна лээ. Дахин боловсруулсан нүүрс хэрэглэх нь утаа бууруулах хамгийн үр дүнтэй шийдэл гэдгийг ойлгосон.
Бид гэр хорооллын 1200 өрхийг хамруулсан сургалт явуулсан юм. Иргэд сайжруулсан түлш хэрэглэхээс татгалзаж, шүүмжлэлтэй хандах болов уу гэж бодсон ч эсрэгээрээ байв. Био нүүрс хэрэглэх, турших хүсэлтэй айл олон байсан. Гэвч тэд сайжруулсан түлшний олдоц муу гэж шүүмжилсэн. Ирэх жилээс нийслэлчүүдийн хэрэгцээг хангах сайжруулсан түлшний үйлдвэрүүд өнгөрсөн аравдугаар сарын 15-нд 80 000 тонн түлш зах зээлд нийлүүлэх ёстой байсан ч санхүүжилтийг үүнээс сарын дараа шийдсэн. Үүнээс болоод хувийн үйлдвэрүүд бүгд хаалгаа барихад хүрээд буй юм билээ. “Тавантолгой түлш” компаниас бусад нь түлшээ зах зээлд нийлүүлж чадахгүй байна. Нүүрс тээвэрлэх мөнгийг хугацаанд нь шийдээгүй холбогдох албаныханд зохих хариуцлага хүлээлгэх ёстой. Сайжруулсан түлш хангалттай олдохгүй байгаа учраас л иргэд түүхий нүүрс түлж, агаар бохирдуулж, эрүүл мэндээрээ хохирч байна.
Илчлэг өндөртэй түлш бий болгох нь чухал
Ж.ДУГАРЖАВ (ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн доктор):
-Агаар бохирддог гол шалтгаан нь түлшний дутуу шаталт. Нүүрс бол нийлмэл бүтэцтэй, олон бүрэлдэхүүнт бодис, нүүрстөрөгч, устөрөгчөөс гадна, азот, хүхэр, төрөл бүрийн хүнд элементийг их, бага хэмжээгээр агуулдаг. Нүүрс дутуу шатсанаар хортой нэгдлүүд агаарт дэгддэг. Иймд иргэд түлшээ зөв, гүйцэд шатаах арга технологийг судалж хэрэгжүүлэх хэрэгтэй. Сайжруулсан түлшийг бүрэн шатаадаг зуухтай байх нь агаарын бохирдлыг бууруулахад томоохон нэмэр болно. Дутуу шатдаг түүхий нүүрс, бүрэн шаталтгүй зуух зэрэг нь тоос, тортог, үнс, угаарын хий, хүхрийн ба азотын оксид ялгаруулж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Боловсруулсан түлш шатаахад ялгарах хий, утаа нь харьцангуй бага. Олон оронд төрөл бүрийн шахмал түлшийг өргөн хэрэглэдэг. Eвропын Холбооны орнуудаас шахмал түлш хамгийн их хэрэглэдэг нь Дани, Бельги, Голланд, Итали, Австри. Азийн орнууд ч төрөл бүрийн био түлш өргөн хэрэглэдэг. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд олон мянган жижиг зуух галлахаас өөр арга одоохондоо алга. Иймд аль болох илчлэг өндөртэй, удаан, бүрэн шатдаг түлш бий болгох нь чухал.
Хүн амын 50 хувь нь утаанаас үүдэлтэй ямар нэг өвчинд нэрвэгддэг
О.ОЮУН-ЭРДЭНЭ (НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан):
-Манай байгууллагаас сайжруулсан түлш хэрэглэхийг иргэдэд зөвлөж байгаа. Дэлхий нийтээрээ боловсруулсан түлш хэрэглэж ирсэн жишиг байна. Түүхий нүүрс хэрэглэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Үүний тулд гэр хорооллын айлуудын нүүрсний хэрэглээг цахилгаан халаагуур болон шингэрүүлсэн хий рүү шилжүүлэх ёстой юм. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж чадна. Гэрт амьдардаг нь үүдэндээ өрөө гаргах, байшинтай бол сайн дулаалж, боловсруулсан түлш хэрэглэх нь богино хугацаанд авах арга хэмжээнүүдийн нэг. Өвлийн улиралд цаг агаар болон утаанаас үүдэлтэй өвчинд хүн амын 50 хувь нь ямар нэг байдлаар өртөж байгааг судалгаагаар тогтоосон. Иргэд ядаж амны хаалт зүүж хэвших хэрэгтэй. Нарийн ширхэгт тоосонцрыг шүүж чадахуйц материалтай, амьсгал гадагшлуулах зориулалтын хавхлагатай амны хаалт хорт бодисыг сайн шүүдэг.
Амны хаалтаа хэрэглэсний дараа цэвэр уутанд хадгалах, бусдад дамжуулахгүй, ашиглах хугацаа дууссаны дараа дахиж хэрэглэхгүй байх нь зүйтэй. Өглөө, орой бохирдол ихтэй цагуудад онцын шаардлагагүй бол гадагш гаралгүй амралт, ажлаа зохицуулан, сайн унтаж амрах хэрэгтэй гэх зэрэг зөвлөмжийг НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтнууд гаргасан. Түүнчлэн богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээг нийтээрээ мөрдөхгүй бол утаанаас үүдэлтэй өвчлөл улам нэмэгдэнэ.