АТГ-аас цаг үеийн асуудлаар болон өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг шалгаж байгаа юу?
-ХХААХҮ-ийн ЖДҮ-г хөгжүүлэх сангаас 2016 онд 200 гаруй аж ахуйн нэгжид зээл олгосонтой холбоотой асуудалд хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Одоогийн байдлаар салбарын сайдаар ажиллаж байсан Б.Батзориг гишүүнээс өөр хүнийг дуудаж байцаагаагүй. УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудлыг УЕП-оос УИХ-д өргөн барих хуультай. Энэ дагуу ажиллаж байгаа. Харин тус сангаас зээл авсан компаниуд журмын дагуу зээл авсан байна уу, зээл олгоход хэн нэгэн албан тушаалтан нөлөөлсөн үү, компаниуд авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгаа уу гэдгийг шалгаж байгаа. Ер нь зээл авсан компаниудыг бүгдийг нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Зорилтот бүлэгтээ хүрсэн, жижиг дундын хуульд заасан шаардлагаа хангасан аж ахуйн нэгжүүдэд олгогдсон төслүүд тогтоогдож байгаа. Харин онцгой анхаарах ёстой төслүүд дээр нарийвчилсан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
-Орон нутагт хийгдсэн шалгалтын ажиллагааны талаар товч дурдвал?
-Орон нутгийн төрийн өмчит байгууллагуудад 79 зүйл бүхий, Засгийн газарт 150 зүйл бүхий зөвлөмжүүдийг хүргүүлсэн. Хууль зөрчиж тушаал шийдвэр гаргадаг, төсөв санхүү, худалдан авах ажиллагаанд хууль зөрчдөг, өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгодог, хууль бусаар тендер зохион байгуулдаг зэрэг олон гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил бүхий асуудлуудыг илрүүлж, шалгаад явж байгаа. Хамгийн гол нь туханй хэрэг гарах болсон шалтгаант нөхцөлийг арилгах, дахин давтагдан гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр холбогдох алба тушаалтан, байгууллагуудад зөвлөмж хүргүүлж байгаа.
-Ерөнхий сайдуудад холбогдох хэргийн шалгалтад өөрчлөлт орсон уу?
-С.Баяр, Ч.Сайханбилэг болон Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүстэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Энэхүү хэрэг нь улс дамжсан, цар хүрээний хувьд өргөн учир яаралтай шийдвэрлэх боломжгүй. Харин гадны байгууллагуудтай хамтарч, хэргийг хурдан шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна.
-Стандарт банкны хэрэг аль шатандаа явж байгаа вэ?
-Уг хэрэг дээр авсан зээл, зарцуулалт зэрэг санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, дүгнэлтүүд нь гарчихсан байгаа. Ажиллагааны явцад УЕП-оос ажлын хэсэг гарчихсан, өдөр тутмын хяналтад хянагдаж байна. Жаст компани, Ш.Батхүүтэй холбогдох хэргийг ойрын хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлнэ.