Ханш нь өндрөө аваад буй ам.долларыг өнгөрсөн баасан гарагт “Найман шарга” захын ченжүүд 2650 төгрөгөөр худалдан авч, 2660-аар зарж байлаа. Тус захад уг валютыг арваннэгдүгээр сарын 30-нд ченжүүд 2642 төгрөгөөр авч, 2648- аар борлуулж байсан юм.
Тэгвэл уржигдар болон өчигдөр “ногоон”-ы ханш “хөдлөөгүй” бөгөөд 2630-аар авч, 2640-өөр зарж байв. Нэгэн ченж “Баасан гарагт банкууд ханшаа дөрвөн удаа нэмсэн. Ам.долларын олдоц гайгүй байгаа” хэмээн ярилаа. Эргэн сануулахад, 2016 оны арваннэгдүгээр сарын дундуур “Найман шарга” захад ченжүүд ам.долларыг 2660 төгрөгөөр худалдан авч байсан нь ийн давтагдлаа. Тухайн сард “ногоон”-ыг 2720 төгрөгөөр зарсан нь түүхэн дээд түвшин нь болж байсан юм.
Өчигдрийн байдлаар Монголбанкнаас зарласан албан ханшаар ам.доллар 2627.04 төгрөгтэй тэнцэж байв. Тус банк долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 8-нд дуудлага худалдаа зохион байгуулсан талаарх мэдээлэл алга.
Мөн өнгөрсөн 27-нд Монголбанк валютын дуудлага худалдаанд оролцоогүй байна. Тэгвэл хамгийн сүүлд буюу 29-нд 2606.5-2625.01 төгрөгийн ханшаар ам.доллар худалдан авах санал ирүүлэхэд тус банк 36 саяыг нийлүүлжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сард нийт 248.3 сая “ногоон” нийлүүлсэн ч ханшийг нь “номхруулж” чадахгүй байна.