Азийн хөгжлийн банкны эдийн засагчид манай орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, инфляцын өсөлт болон валютын ханшийн хэлбэлзлээс үүдэх нөлөө, Төвбанкнаас баримталж буй бодлогыг хэрхэн харж буй талаараа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр мэргэжилтнүүд “Монгол Улсын эдийн засгийн төрөлжилт”, “Хэрэглэгчийн итгэлийн индекс ба хүлээлт”, “Баялгийн хамааралтай улс орнуудын онцлог, эдийн засгийн бодлого” сэдэвт илтгэлийг тавьсан юм.
Ирэх онд төсвийн алдагдлын хэмжээ их байх, инфляцын түвшин болон ханшийн өсөлтөөс үүдэх эрсдэлээс сэргийлэн, мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь зөв алхам байх талтай гэнэ. Үүнээс шалтгаалж зээлийн хүү 0.3 хувиар өсөх магадлалтай гэж зарим хүн тооцоолж буй.
Энэ нь хэзээнээс эдийн засагт нөлөөлж эхлэх талаар АХБ-ны суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Л.Амар “Нөлөөлөл 3-6 сарын дараагаас мэдрэгдэж эхлэх болов уу. Ирэх оноос банкуудын хэрэглээний зээлийн хугацааг багасгахаар болсон хэрвээ хүү өсвөл өрхүүдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй” гэлээ.
Мөн тэрбээр “Байгалийн баялгаас ихээхэн хамааралтай орнуудын хувьд түүхий эдийн үнийн хэлбэлзэл болон гадаад хүчин зүйлсээс шалтгаалж үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш сулардаг. Энэ нь эдийн засагт байж болох зүйл. Нэг талаас энэ тохиолдолд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн, экспортолдог аж ахуйн нэгжүүдийн орлого өсдөг. Ам.долларын ханш өсөх бүрт Төвбанк зах зээлд их хэмжээгээр нийлүүлэх нь төдийлөн зөв алхам биш” хэмээн өгүүлэв.
Мөн эдийн засгийг солонгоруулах нь үр дүнд хүрэх арга болохоос эцсийн зорилго байж болохгүй талаар тус банкны ахлах эдийн засагч Деклан Магий тодотгов. Тэрбээр “Эдийн засгийн өсөлтөд төрөлжилт чухал боловч үүнийг бодлогогүй хийх нь буруу. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний төрөл олон байхын хэрээр их ашиг өгдөг хэмээн ойлгож болохгүй.
Давуу талаа ашиглан, нэмүү өртөг шингээж хийсэн бүтээгдэхүүн л эдийн засгийн өсөлтөд жин дарна. Өндөр орлоготой улсын экспортынх нь 30-аас дээш хувийг нэг төрлийн бүтээгдэхүүн эзлэх нь бий. Монголын хувьд гадаад худалдаа хийдэг улс орнуудынхаа тоог өсгөх, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар, шинжлэх ухаан, математик, инженерийн чиглэлд хөрөнгө оруулах замаар урт хугацааны зорилт хэрэгжүүлэх нь эдийн засгийг солонгоруулах алхам” гэлээ.
Байгалийн нөөц ихтэй, баялагт суурилсан эдийн засагтай орнуудын экспортын орлого тогтворгүй, зарим тохиолдолд огцом өсөх үе байдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Энэ нь орлогыг захиран зарцуулах эрхийг булаалдах хүмүүсийг олшруулж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэн, бодлогогүй шийдвэр гаргадгийг ч тэмдэглэв.
Үүнээс сэргийлэн Баялгийн сан байгуулах, олсон орлогоо урт хугацаанд хадгалах, мөн хуримтлалын сангийн хөрөнгийг гадаадад байршуулах нь үр дүнтэй байгааг олон улсын туршлагаас харж болох гэнэ.
Ирэх оны төсвийн алдагдал харьцангуй өндөр байхаар буй нь сонгууль дөхсөнтэй холбоотой байж болох талаар эдийн засагчид дуулгав. Төрийн зүгээс халамж, тэтгэвэр, цалинг нэмэх магадлалтай гэнэ. 2009-2017 онд жил бүр төсөвт тодотгол хийн, зардлын хэмжээг өсгөн, төсвийн алдагдлыг нэмэгдүүлж байсан нь иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн бизнес төлөвлөгөө, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байсан аж.
Харин “Хэрэглэгчийн итгэлийн индекс ба хүлээлт” судалгааг МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Б.Алтанцэцэг танилцуулсан юм. Тус сургуулийнхан 2014 оноос уг индексийг тооцож эхэлжээ. Энэ нь эдийн засгийн өнөөгийн байдал, ойрын ирээдүйг иргэд хэрхэн өөдрөгөөр үнэлж буйг хэмждэг үзүүлэлт.
Үүнийг эдийн засгийн тухайн үеийн байдлын үнэлэмж, ойрын ирээдүйн өөрчлөлтийн талаарх хүлээлт, хэрэглэгчийн худалдан авалтын хандлагыг тандсанаар тодорхойлдог байна. Сүүлийн таван жилийн судалгаанаас харахад тус индекс өндөр байхад буюу иргэд эдийн засгийн төлөвийг өөдрөгөөр харвал ДНБ-ий хэмжээ өсөж, эсрэг тохиолдолд буурч байжээ. Судалгаанд оролцогчдын нас, боловсролын түвшнээс харахад 35 хүртэлх насны, их, дээд сургууль төгссөн иргэдийн итгэлийн индекс өндөр байдаг бол дунд болон бага боловсролтой 35-аас дээш насныхан “гутранги үзэлтэй” нь ажиглагджээ. Мөн амьжиргааны түвшин, амьдрах орчноосоо хамаарч иргэдийн улсынхаа эдийн засгийн төлөвийг төсөөлөх нь зөрүүтэй байна гэв. Тэгвэл энэ улиралд судалгаанд оролцогчдын 72 хувь нь ирэх зургаан сард бараа, үйлчилгээний үнэ өснө гэсэн бол 40 орчим хувь нь ам.долларын ханш чангарсан хэвээр байна гэж таамаглаж буйгаа илэрхийлжээ. Харин удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний эрэлт ихсэж, хүмүүсийн худалдан авах чадвар буурахгүй гэсэн байна. Иргэдийн эдийн засгийн талаарх мэдлэг өндөр, мэдээлэл ихтэй байгаа төдийгүй тэдний хүлээлт зах зээлд шууд нөлөөлдөг, эсэх талаар Б.Алтанцэцэг “Иргэдийн итгэлийн индекс эдийн засгийн үйл явцтай тохирч байгаа нь тэднийг санхүүгийн боловсрол өндөртэй хэмээн шууд ойлгож болохгүй. Магадгүй өрнөж буй үйл явцад мэдрэмжтэй, хариу үйлдэл хурдан үзүүлэх чадвартай гэвэл ононо. Илүү ахисан түвшний буюу хөрөнгийн зах зээлд оролцох, татвар, даатгалын салбарын тухай ойлголт хэрэглэгчдийн дунд тааруу байдаг” гэлээ. Энэ төрлийн судалгааны дүн нь урт хугацаанд эдийн засгийн өөрчлөлтөд хүмүүс хэрхэн хариу үзүүлэх болон холбогдох байгууллагаас авч хэрэгжүүлэх ажлыг тодорхойлоход үнэ цэнтэй байх гэнэ.
Түүнчлэн урд хөршийн зүгээс хил гаалийн салбартаа хийж буй шинэчлэлийн хүрээнд манай улсын экспортлох нүүрсний тээвэрлэлт удааширч, хэмжээ буурсан. Энэ байдал дотоодын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар Л.Амар “Байдал хэр удаан үргэлжлэх, экспорт ямар хэмжээгээр буурахаас хамаарч эдийн засгийн үр нөлөөг тооцож болох тул хэлэхэд эрт байна” гэлээ.
Дашрамд дурдахад, АХБ нь манай улсад үйл ажиллагаа явуулаад 17 жил өнгөрчээ. Энэ хугацаанд нийт 2.14 тэрбум ам.долларын зээл, 94.5 сая “ногоон”-ы Засгийн газрын бус зээл, буцалтгүй тусламжид 237.2, техникийн туслалцаанд 149.4 сая ам.доллар олгожээ. Дээрх санхүүжилтийг усан хангамж, дэд бүтэц, хөдөөгийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, байгаль орчин зэрэг олон салбарт зарцуулж байна.