Олон улсын үнэлгээний “Standard & Poor’s” агентлаг манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг өнгөрсөн баасан гарагт “В-”-гээс “В” болгон дээшлүүлж, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээснээ мэдээллээ. Түүнчлэн “шилжүүлэх ба хөрвөх чадварын” үнэлгээ “В” байсныг “В+” болгон дээшлүүлж, богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” хэвээр хадгалжээ.
Манай улсын эдийн засаг сэргэж, ОУВС-гийн хэрэгжүүлж буй хөтөлбөр болон санхүүжилтийн тусламжтайгаар ирэх гурван жилд төсвийн алдагдлыг багасган, тогтвортой байдлыг нэмэгдүүлэхээр буй нь дээрх шийдвэрт нөлөөлжээ. 2021 он хүртэл түүхий эдийн үнэ, хөрөнгө оруулалт, Оюутолгой, Тавантолгойн үйлдвэрлэлээс хамаарч Монгол Улсын эдийн засаг жилд дунджаар 5.2 хувиар өсөх хүлээлттэй байгаа аж. Гэвч эдийн засаг түүхий эдийн ханшаас ихээхэн хамааралтай, эмзэг хэвээр гэдгийг дурдаад, энэ нь төсвийн өөрчлөлт, хэлбэлзлийг нэмэгдүүлж буйг сануулжээ. Ташрамд дурдахад, ОУВС-гийн мэргэжилтнүүд манай улсад эдгээр өдрүүдэд ажиллаж буй юм.
Ц.Ундрал