“Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” (МҮМХ) ТББ-аас 6 дахь жилдээ “Монголын Маркетеруудын өдөр”-ийг зохион байгууллаа. Монгол улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр Төрийн ордонд болсон энэ удаагийн чуулганы онцлог нь Монгол Улсын Засгийн Газраас гаргасан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын “Тэмдэглэлт өдөр” хэсэгт “Монголын Маркетеруудын өдөр”-ийг жил бүрийн 10-р сарын 20-ны өдөр тэмдэглэж байхыг албан ёсоор баталгаажуулсан явдал юм.
Энэхүү өдрийг баталгаажуулсныг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хүрэлцэн ирж чуулганы оролцогчдод мэдээлэл хүргэлээ.
Чуулган “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Ж.Золзаяа нээж үг хэлснээр эхэллээ.
“Мarketers’ day 2018” чуулганы гол сэдэв нь THE NEXT BIG SHIFT сэдвийн хүрээнд дэлхий дахинаа өрнөж буй технологийн нөлөө нийгмийн амьдралыг хэрхэн өөрчилж, цоо шинэ соёл, амьдралын хэв маягийг хувь хүн, байгууллага, улс орнуудад бий болгож байгааг, хаа сайгүй нэвтэрч буй цахим шилжилтэнд хэрхэн бэлдэх, юун дээр анхаарах, ирээдүйн хэрэглэгчидтэйгээ хэрхэн ойлголцох, тэдний хэрэгцээ шаардлагыг олж илрүүлэх, маркетеруудын ур чадвар, ажлын арга барилын талаар гэсэн үндсэн 4 агуулгын хүрээнд хэлэлцлээ.
Чуулганы үндсэн илтгэл “The next big shift” сэдвээр дэлхийн 12 улсад салбартай технологи, маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Montgomery Fitch + Associates" олон улсын компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Луис Аркангел, “The next success story” сэдвээр өөрсдийн бизнесийн амжилттай хэрэгжүүлсэн туршлагыг хуваалцаж “Мобифинанс ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхжаргал, “Мобиком корпораци”-ийн мэдээлэл технологийн газрын дарга Б.Мөнхзориг нар, “The Next generation” сэдвээр ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дэд захирал П.Баярмагнай нар тус тус илтгэл тавилаа.
“The next big shift” хэлэлцүүлэгт төрийн зүгээс хэрэгжүүлж буй цахим шилжилтийн талаар баримталж байгаа бодлогын талаар ХХМТ-ийн газрын Мэдээлэл технологи бодлого зохицуулалтын газрын дарга Б.Билэгдэмбэрэл мэдээлэл өгсөн бол “Монос групп”-ийн гүйцэтгэх захирал Х.Ананд, “Shoppy.mn”-ийн үүсгэн байгуулагч Ц.Мэндбаяр, “ЛендМН ББСБ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дэлгэржаргал нар бизнесийн шинэ чиг хандлага, хөгжлийн талаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Орчин цагт бизнесийн үйл ажиллагаа байгууллагааас иргэн төв рүү шилжиж амжилтад хүрч, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн алхахын тулд төрийн захиргааны байгууллагууд технологийн дэвшлийг эрэлхийлж байгаа хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.
“The next success story” хэлэлцүүлэгт ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг, Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, “Мобифинанс ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхжаргал, “Сэнтрал экспресс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Чинзориг нар оролцож шилжилтийн энэ үед өөрсдийн байгууллагын хэрэгжүүлсэн амжилттай ажлуудаасаа хуваалцлаа. Монгол улсын хуулинд төрийн мэдээллийг бүрэн нууцална гэж тусгасан байсан ч сүүлд шинэчилсэн байдлаар тухайн байгууллага өөрсдийн эрх мэдлийн хүрээнд мэдээллээ нууцлах үүрэгтэй болсон. Open data буюу мэдээллийн нээлттэй байдлыг баримтлахдаа тодорхой цензуртэй болгох шаардлагатай. Хэрэв ашиглаж, эргэлтэд оруулахгүй бол их хэмжээний мэдээлэл хадгалаад үнэ цэнээ алдах нь тодорхой гэдгийг хэлэлцүүлгийн үеэр хэлэв. Мөн дотооддоо хувьцаа гарган борлуулж буй санхүүгийн томоохон байгууллагууд цаашдын ирээдүйд цахимжиж, хэрэглэгч ба байгууллагын харилцан итгэлцлийг бүрдүүлэх болно гэдгийг “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хэлэв. Энэ дундаас ЦЕГ-ын урьдчилсан сэргийлэх газраас хэрэгжүүлсэн UNFREIND хөдөлгөөний туршлага маркетеруудын сонирхолыг ихээхэн татаж байлаа.
“The next generation” хэлэлцүүлэгт сошиал орчинд залуусыг байлдан дагуулж, олон мянган дагагчидтай нөлөөлөгч нар болох Ангууч, Нара, Одзаяа, Тэмүүлэн, Батаа гээд олон сонирхолтой зочид оролцож шинэ үеийхэнтэй хэрхэн ойлголцох, бизнесүүд маркетерууд сошиал нөлөөлөгчтэй хэрхэн хамтарч болох талаар ярилцлаа.
“Unread - Бид хэрхэн ажилладаг вэ?” хэсэгт “Номадик контент” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Гантуяа, “Brainstorming branding agency”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Одбаяр, “TJ entertainment” үүсгэн байгуулагч Б.Нямжаргалант, “Максима консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Энхжаргал нар оролцож маркетеруудын ур чадвар, салбарт тулгамдаж буй асуудал, ажлын арга барилаасаа хуваалцлаа.
Чуулганы үеэр Монголын Үндэсний Маркетингийн Холбооноос 2019 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ танилцуулсан бөгөөд үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг дотооддоо болон олон улсад сурталчлан таниулах, дэмжих зорилго бүхий “Монгол Брэнд” төслийг Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Мөнхбаяр танилцуулж төр хувийн хэвшлийн бүхий л байгууллагыг хамтран ажиллахыг урилаа. Мөн МҮМХ-ны 2019-2020 онд ажиллах удирдах зөвлөлийн гишүүдээр "Mongolian Property Management" группийн захирал Г.Ариунжаргал, Жүжигчин, мисс, маркетер А.Баярцэцэг, “Мөнхийн үсэг групп”-ийн маркетинг борлуулалтын газрын захирал С.Батсайхан, Ангууч буюу Б.Баттөр, Японы “Аvex” компаний гадаад харилцааны менежер, “Могун” ХХК үүсгэн байгуулагч Ж.Билгүүн, "Эрхэт Монгол" группийн гүйцэтгэх захирал С.Мөнхзул, “Алтай Холдинг” ХХК ТУЗ-ын гишүүн, “Скай трейдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Самади, “Төрийн Банк”-ны бүтээгдэхүүн үйлчилгээний маркетингийн дарга Б.Содонбаатар, “Luxury Standard Mongolia” ХХК-ийн захирал Э.Халиун, “Сэрүүн групп” гүйцэтгэх захирал О.Халиун, маркетер Х.Энхбат, СЭЗИС-ийн багш Ч.Энхболд нар сонгогдлоо.
Чуулганд салбар бүрийн 300 орчим байгууллагын 710 гаруй маркетерууд нэг дор цуглаж өөр хоорондоо танилцах, бизнес хамтын ажиллагаагаа өргөжүүлэх харилцаа холбоогоо тэлэх боломжыг чуулганы дараах Zaisan Hill цогцолборт болсон оройн арга хэмжээ оролцогч нарт олголоо. Чөлөөт хэлбэрээр зохион байгуулагдсан оройн арга хэмжээнд спонсор байгууллагуудын гарын бэлэгүүд маркетеруудын бүтэн өдөр Төрийн ордонд сууж чилсэн биеийг хөдөлгөөнд оруулж овсгоо самбааг сорилоо.
Marketers’ Day 2018 чуулганыг “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” ТББ, “Стартап Маркетинг Спэйс” төв, “Unread.today” хамтран зохион байгуулсан бөгөөд ЗГХЭГ, МҮХАҮТ, ОУЭХАҮТ, МСНЭ, “Эрдэнэс Таван толгой” ХК дэмжин ажиллаж, Платиниум ивээн тэтгэгчээр: “Симатай ХХК, Даймонд ивээн тэтгэгчээр: “Мобиком корпораци” ХХК, “Мөнхийн үсэг групп” ХХК, “Төрийн банк”, 7010, Гөүлд ивээн тэтгэгчээр: “М-Си-Эс кока кола” ХХК, “Сэрүүн групп” ХХК, “Ард санхүүгийн нэгдэл” ХХК, “М-ойл” ХХК, Ивээн тэтгэгчээр: “КоллПро” ХХК, “Монгол Шуудан” ХК, “Титэм дизайн” ХХК, “М entertiment”, “New Gull” брэнд, “Oogii” брэнд, “Mongol circus entertiment”, хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгч байгууллагуудаар: “Монголын сайтын холбоо” ТББ, “M+”, “Gogo.mn”, “Shoppy.mn”, “Live TV”, “VTV”, “Star TV”, “Нийслэл дэлгэц ХХК”, “Zindaa.mn”, түнш байгууллагаар: “Nigth plus”, “Emoz agency”, “EON club”, “Mevento” зэрэг маш олон байгууллагууд хамтран ажиллаа.
Ийнхүү хамгийн их бүтээлч сэтгэлгээтэй, үргэлж шинийг санаачлагч бизнесийн байгууллагын гол боловсон хүчний нэг Маркетерууд өөрсдийн ажил мэргэжлийн өдөртэй боллоо. Чуулганыг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан, дэмжсэн, ивээн тэтгэсэн, ажил гүйцэтгэсэн бүх албан байгууллага, зочид төлөөлөгчид, оролцогчид, ажлын хэсгийн хамт олондоо баярлалаа. Ирэх жилийн 10-р сарын 20-ны өдөр дахин уулзацгаая.