05.00 цаг, нийслэлийнхэн нойрноосоо сэрж эхэлдэг энэ үед хамгийн түрүүнд үүд хаалгаа нээж, хөл хөдөлгөөн ордог “Хүчит шонхор” захыг зорилоо. Үүр цайхын өмнөхөн нойтон цас хялмаалж зам, талбайд цагаан бүрхүүл тогтсоноос болж явахын аргагүй халтиргаа үүссэн байв. Ачааны машин, нааш цааш хөлхөх хүмүүсийн хажуугаар тэрэгчид “Холдоорой” хэмээн хашхиран, мах буулгах гэж мөстсөн замыг үл хайхран яарах аж. Худалдаачид, ченжүүдийн ачигч нар хонины гулуузыг гурав, дөрвөөр нь үүрч, лангуу руугаа зөөнө. Хэдэн малаа ачиж ирсэн малчид гадаа удаан байсан бололтой гараа хооронд нь үрж, дулаацуулах аж. Тэднээс адууны мах сураглахад “Байхгүй ээ. Хонины мах л байна” гэв. Хэд хоногийн өмнө “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Хүчит шонхор” худалдааны төвөөс бусад зах, супермаркетаар адууны мах тун ховор бас үнэ нь ч өссөн байсан. Энэ сарын 10-нд адууны мах нэг кг нь 5775 төгрөг байсан бол 17-нд 5850 болж өссөн. Адууны махны ханшийг өмнөх жилийнхтэй харьцуулбал 825 төгрөгөөр нэмэгджээ. Үхрийн ястай махны үнэ өнгөрсөн жилийнхээс 1200-гаар өссөн байна.
Уг нь жил бүр өдийд махны нийлүүлэлт ихсэж, үнэ нь буурдаг. Гэтэл энэ жил урвуугаараа улам өссөөр. Ченжүүд үүнийг урд хөршийнхөнтэй холбон тайлбарлаж буй. Тэд 60 сая малтай Монголоос адуу болон үхрийн мах хямд үнээр бөөндөж, түүнийгээ 4-5 дахин өсгөн зардаг гэнэ. Хятадууд Монголоос адуу их хэмжээгээр авдаг болсон учраас Улаанбаатарт махны ханш буурахгүй байгаа гэх мэдээлэл үнэн, эсэхийг тодруулахаар “Эмээлт” захруу явлаа. Зам зууртаа 20-иод морь туусан малчидтай таарав. Тэд Баянхонгор аймгаас ирсэн бөгөөд мах бэлтгэлд тушаах “хэдийгээ” идээшлүүлж яваа нь энэ. Тэд “Хятадууд адууны мах үнэтэй авч байгаа сургаар хол зам туулж, ирлээ. Өнгөрсөн жил авдаг байсан үнийг 200-300 төгрөгөөр өсгөсөн бололтой” гэв.
Мал нядалгаа хийдэг “Саян уул” ХХК засвартай байгаа тул долоо хоногийн дараа ажиллах гэнэ. Хажууханд нь байрлах “Хадтын ундарга” үйлдвэрийнхэн өчигдөр нийслэлээс Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийгээд хаачихсан гэв. “Хадтын ундарга”компанийн гадна холхиж байсан 4-5 хятад хүн ямар учиртайг тэндхийн ажилчдаас тодруулахад 2-3 нь мал зумлагч, бусад нь хянан шалгагч гэв. Хятадууд монгол хэлээр сайн ярьж байлаа. Тэднээс урд хөршид адууны мах яагаад үнэд хүрдгийг тодруулах гэсэн боловч зугтаад явчихав.
Тийн зогсох зуурт “Приус 30” маркийн автомашинаас хууз сахалтай, малгайгаа хазгай тавьсан хүн бууж ирээд “Хөөш тэр адуу оруулаач. Яасан бэ, намайг хараад суугаад байгаа юм уу” гэсээр биднийг зүглэв. Түүнээс мэнд мэдэхэд “Хаанаас яваа юун улс вэ. Юун зураг аваад байгаа юм, зөвшөөрөл авдаггүй юм уу” гэв. Учир байдлаа хэлтэл “Хятадууд адууны мах ихээр гаргаж байгаа нь үнэн. Тэдэнд нэг адууг 800 мянгаар өгнө. Эндээ зарвал 500 мянга л хүрнэ шүү дээ. Хөдөөгийнхөн аргаа барсандаа малаа зарсан юм байхгүй. “Манай энэ хүнийг хар” хэмээн хажуудах ногоон дээлтэй хөгшин рүү заагаад “Архангай аймгаас 15 адуу ачаад наашаа ирсэн. Яах гэж мал маллаад байгаа юм. Өсгөөд мөнгө болгох гэж л тэр шүү дээ” гэсэн юм. Мөн тэрбээр “Өнгөрсөн жил адууг нядалж, хөрш орон руу гаргаад дууслаа гэсэн худал цуурхал гарсан.
Монголын мал дуусахгүй. Би 10 гаруй жил махны ченж хийхдээ харлаа. Монголчууд 60 сая малыг идээд барахгүй. Ноднин нэг бүтэн хонийг 60 мянган төгрөгөөр зарж байхад хятадууд 80 мянгаар авсан. Энэ сургаар хөдөөнөөс ирэх малчдын тоо эрс нэмэгдсэн. Төр засгаас энэ жил махны үнэ нэмэгдэх нь гээд энэ чиглэлийн үйлдвэрийг хааж байна. Энэ бол буруу” гэхэд түүнийг хүмүүс дэмжин хошуу нэмэрлэв. Гэхдээ хятадууд мах үнэтэй авлаа гэхэд ченжүүдэд л ашигтай. Тэдний ярианаас хятадууд адууны махыг үнэтэй авч байгаа учраас нийслэл дэх захуудад хомсдол үүсэж, үнэ нэмэгдээд байгаа юм биш биз гэх хардлага төрөв. Мах экспортын зарим үйлдвэрийг хаасан гэдэг нь ч үнэн аж. Ямар зөрчилтэй байсныг МХЕГ-ын олон нийттэй харилцах ажилтан Т.Балжиннямаас лавлахад “Хяналт шалгалт хийж байгаа. Шалгалтын дүн нэгдсэн байдлаар гараагүй. Тухайн үйлдвэрт мах бэлтгэж байгаа, гарал үүслийн бичигтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг шалгаж байна” гэсэн юм.
Адууны мах амьтны биед үл орлогдох хүчил болох валин, фенилаланин, метеонин хүчлүүд, аспаргин, серин, глютамин, тирозин хүчил, уургаар баялаг. Түүнчлэн глютамины хүчил, альбумин, глобулин, миогений бүлэг уураг их учраас шимтэй, шингэц сайтай байдаг гэнэ. Энэ шинж чанарт нь үндэслээд адууны махыг Хятад руу гаргадаг ч байж мэдэх юм. 2017 оны арванхоёрдугаар сарын 25-ны Гаалийн ерөнхий газын мэдээгээр манай улс ОХУ-д үхрийн мах 560, БНХАУ, ОХУ, Казахстан, Япон улсад нийт 24 900 тонн адууны мах нийлүүлсэн нь өмнөх оныхоос гурав дахин нэмэгдсэн хэмжээ юм. Бусад улс руу гаргах махны квотыг тогтворжуулахгүй бол ирэх жил улам нэмэгдэхийг үгүйсгэхгүй. ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүнсний экспорт, импорт тарифын зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн А.Амаржаргалаас энэ талаар тодруулахад “Ойрын жилүүдэд адууны махны экспорт эрчимтэй өсөж байна.
Манайх олон малтай ч адууны тоо толгой бага. Өөрсдөө хомсдолд орохгүйн тулд гадагшаа гаргах махны хэмжээг зааглаж өгдөг. Жилд нэг компанид 1000 тонн мах гаргах квот олголоо гэж бодоход тэр ондоо дахин 1000 тоннын эрх авч болдог” гэлээ. Тодруулбал, 1000 тонн махаа гурван сарын хугацаанд экспортолж чадвал дахиад 1000 тонныг гаргах зөвшөөрөл авч болдог гэсэн үг. Нэг компани тухайн жилд хэдэн ч удаа 1000 тонн мах экспортолж болно гэхээр лав их тоо гарна. Монголын нийт малын тоо толгой 60 сая ч гэлээ адуу дөрвөн сая хүрэхгүй. Иймд мах экспортлогч үйлдвэрүүд болон хууль журмаа эргэн харахад илүүдэхгүй болов уу. Бид хэдий болтол ашиг шим ихтэй үхэр, адууны махаа гадагш гаргаж түүгээр боловсруулсан бүтээгдэхүүнийг нь өндөр үнээр авах вэ.
Бэлтгэсэн: Г.Баясгалан