Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцөд битбокс урлагийг хөгжүүлж, орон зайгаа бий болгосон Рэй буюу Б.Нарандэлгэр өдгөө нийслэлийн “Улаанбаатар” чуулгаар овоглож яваа.
Монголын язгуур урлаг, тэр дундаа үндэсний хөгжмийг орчин үеийнхтэй сүлж уран бүтээл туурвидаг эл эрхмийн оролцсон “Авьяаслаг монголчууд” шоуны дугаар өнгөрсөн долоо хоногт үзэгчдэд хүрсэн нь хөгжим сонирхогчдод гэнэтийн бэлэг болсон юм. Тэр ч бүү хэл, тус шоуны шүүгч, реппер Рокит Бэй түүний үзүүлбэрт “алтан баззер”-аар дүн тавьсан. Б.Нарандэлгэртэй ярилцсанаа хүргэе.
-Та Сэлэнгэ аймагт төрж, өссөн гэл үү. Багадаа урлагт дуртай байсан уу?
-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрж, Сайхан суманд өссөн. Зургадугаар ангидаа Улаанбаатарт ирж, нийслэлийн VI дунд сургууль төгссөн. Урлагт их дуртай хүү байсан шүү.
-Брейк бүжиглэдэг байсан байх аа?
-Аравдугаар ангидаа брейк бүжиг, битбокс сонирхож эхэлсэн. Бүжгийн энэ төрөлд нэлээд хорхойсож, овоо ч бүжиглэчихдэг байлаа. Харин нэг удаа уруугаа хараад толгой дээрээ тогтож, эргэдэг хөдөлгөөн хийх гэж байгаад хүзүүгээ хугалах шахсанаас хойш бүжиглэхээ больсон. Ингээд битбоксыг илүү сонирхон, судалж эхэлсэн юм.
-Тухайн үед судлах, гадаадынхны бичлэгийн үзэх боломж хомс байсан байх даа. Цахим сүлжээ өнөөгийнх шиг хөгжөөгүй байсан шүү дээ.
-Мэдээлэл хомс байх тусам л хүн илүү татагддаг байх. Мэдэх гэснээ яаж ийгээд л олчихдог байлаа.
-Битбокс бол гудамжны урлагийн нэг төрөл. Энэ төрлөөр анх хичээллэж эхлэхэд гэр бүлийнхэн, бусад хүн хэрхэн хүлээж авсан бэ?
-Дөнгөж оюутан болон үе л дээ, 2004 онд. Тэр үед аав, ээжээсээ тусдаа, эгчтэйгээ хамт амьдардаг байлаа. Гэртээ байнга л битбокс хийдэг байв. Өөрөө л авиа гаргах учраас хөгжмийн бусад урсгал, төрлүүдийг бодвол хаана ч, хэзээ ч бэлдэж болно. Тэгээд ч хүн нэг зүйлд дурлаж, автахаараа салж чадахаа больдог шүү дээ. Би яг л тэгдэг байлаа.
Эхэндээ эгч ойлгохгүй “Байнга л шүлсээ үсчүүлж, тургиж явах юм. Наадах чинь дэмий юм биш үү” гээд уурладаг байлаа. Сүүлдээ намайг их дэмждэг болсон шүү. 2005 онд орон нутгаар аялан тоглолтод их явдаг байв. Тухайн үед компьютер, принтер одоогийнх шиг элбэг байгаагүй. Тоглолтын хамаг л зурагт хуудсыг эгч минь хэвлүүлж өгнө.
2005-2007 онд 21 аймгийн ихэнхэд нь очсон. Битбокс гэж юу болох, үүнийг язгуур урлагтай хослуулан уран бүтээл туурвиж болно гэдгийг хүмүүст харуулахыг хүссэн юм. Ингээд 2007 онд бие даасан анхны тоглолтоо хийж байлаа.
-Энэ төрлөөр цомог гаргасан Монголын анхны уран бүтээлч та юу?
-2008 онд “Ray358” цомгоо гаргасан. Битбоксоор дагнан гаргасан Монголын анхны цомог. Тэр онд “UBS music awards”-аас тус цомогт багтсан “Ray’s collection” клипээрээ шилдгээр тодорч байв.
-Та Монголын үндэсний битбоксын холбоо байгуулсан. Энэ холбоо одоо ямар үйл ажиллагаа явуулдаг юм бол?
-Анхны цомгоо гаргасны дараа энэ төрлийг сонирхогч залуусыг нэгтгэе, холбоо байгуулъя гэж шийдсэн юм. Тухайн үед 1000 гаруй залуус бүртгүүлснээс гурван шаттайгаар шалгаруулж, гишүүдээ элсүүлж байв. Үндэсний хэмжээний уралдаан зохион байгуулдаг байлаа. Одоо битбокс, хөөмий, хэл хуур гэхчлэн язгуур урлаг болоод үндэсний хөгжмийн сургалт явуулдаг.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Үндэсний өв соёлын үнэ цэнийг таниулах нь” сэдэвт тоглолтыг нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 60 сургуулийн ахлах ангийн сурагчдад хүргэсэн. Тэдэнд үндэсний биет болон биет бус өв болох хөөмий, уртын дуу, морин хуурын талаар танилцуулсан юм.
Түүнчлэн тоглолтоороо дээр дурдсан язгуур урлагийн төрлүүдийг орчин үеийн хөгжим, тэр дундаа битбокстой хэрхэн хоршуулж болохыг харуулсан. Уг тоглолтын үеэр хийсэн баримтат киног ирэх оны нэгдүгээр сараас үзэгчдэд хүргэхээр төлөвлөөд байна.
-Залуучууд битбоксыг одоо хэр сонирхож байгаа вэ?
-Сонирхдог. Гэхдээ залуус их хойрго болж. Мэдээлэл авах боломж хомс үед сурсан бид яаж хичээдэг, мэрийдэг байсан билээ. Гэтэл одоо хичээл заах хүн бэлэн, харьцуулж үзэх, мэдээлэл авах бүх суваг нь нээлттэй байхад чармайхгүй байгаа харагддаг юм.
-Та уран бүтээлээсээ нэг хэсэг хөндийрсөн. Хэзээнээс нийслэлийн “Улаанбаатар” чуулгаар овоглов?
-Би 2009 онд Япон руу сурахаар явсан. Тэнд таван жил амьдарлаа. Уран бүтээлээ тэнд үргэлжлүүлж, тоглолтоо ч хийсэн. 2014 онд Японы Токио хотод Ардын урлагийн олон улсын наадамд дэлхийн 56 улсын уран бүтээлчидтэй оролцон, гран при хүртсэн. Тэр онд сургуулиа төгсөн, нутагтаа буцаж ирсэн дээ. 2015 оноос нийслэлийн “Улаанбаатар” чуулгад ажиллаж байна. Өнгөрсөн сард Дэлхийн нүүдэлчдийн III наадамд хамт олонтойгоо оролцоод ирлээ.
-Олон улсын наадамд нэлээд оролцдог юм байна. Удахгүй БНХАУ-ын Бээжинд болох наадамд мөн оролцоно гэсэн сонссон.
-Энэ сарын 22-нд Бээжинд болох наадамд оролцохоор бэлтгэлээ хийж байна. Эх орноо төлөөлөн оролцож буй учраас тайзан дээр алдах эрх байхгүй. Аль болох сонирхолтой, үндэснийхээ онцлогийг харуулсан үзүүлбэр үзүүлэх ёстой.
-Японд суралцаж байх хугацаанд тань Их Британийн ВВС радиогийнхон таны тухай нэвтрүүлэг хийсэн гэсэн байх аа?
-Тус радиогийн уран бүтээлчид Монголын үндэсний урлагийн талаар судлан, нэвтрүүлэг хийж явсан юм билээ. Тэгээд үндэсний хөгжим болон хөөмийг битбокстой хослуулж, орчин үеийн хэлбэрт оруулж байгааг минь сонирхохоор намайг нэвтрүүлэгтээ урьсан.
-Арлын оронд байх хугацаандаа тэндхийнхний орчин үеийн хөгжим, битбоксыг сонирхож, судалсан уу?
-Тэнд битбокс өндөр хөгжсөн. Энэ төрлөөр уран бүтээл хийдэг залуус ч олон. Харин би битбокстой үндэсний хөгжмөө хослуулдгаараа тэднээс ялгарч, тоогддог байв. Зөвхөн хөгжим гэлтгүй япончуудаас сурах зүйл, авууштай чанар маш олон. Ялангуяа хувь хүний соёл. Хамгийн наад зах нь харилцаа. “Сайн байна уу” гээд инээгээд угтаж байгаа хүн сайхан харагдана. Хэчнээн гоё хувцастай байсан ч хүнтэй мэндэлж мэддэггүй бол ямар соёл байх билээ.
-Өнгөрсөн долоо хоногт “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсон дугаар тань үзэгчдэд хүрсэн. Яагаад эл шоунд оролцох болов?
-Би Монголын үндэсний битбоксын холбооныхоо 10 жилийн ойн хүрээнд битбокс болон хөгжмийн бусад урлагт шамдан суралцаж буй залууст бэлэг барих үүднээс “Авьяаслаг монголчууд” шоунд оролцлоо. Нөгөө талаар, дэвшилт технологийг ашиглаж, сонирхолтой үзүүлбэр үзүүлж болохыг харуулахыг хүссэн.
2010 онд би “Хүн ба техникийн өрсөлдөөн” нэртэй битбоксчид болон дижей нарыг өрсөлдүүлсэн тоглолт зохион байгуулсан юм. Тус тоглолтод энэ төрлийн техникийг анх ашиглаж байв. Бас нэг шалтгаан гэвэл, би Монголын үндэсний битбоксын холбоог тэргүүлж байгаа, олон улсын хэмжээний эл шоунд оролцож, сонирхол нэгтэй залууст үлгэр дуурайл үзүүлэхийг хүссэн.
Түүнчлэн өөр нэг шалтгаан нь, Монголын язгуур урлагийн төрлүүдийг орчин үеийн хөгжимтэй хослуулсан сонирхолтой контент гадаадын сонсогчдод сонирхуулахыг зорьсон юм.
-Реппер Рокит Бэйг алтан баззер даруулсан тэр үзүүлбэрээ хэр удаан бодож, бэлтгэсэн бэ?
-Хүмүүс намайг битбокс хийнэ гэж бодсон байх. Үзүүлбэрээ нэлээд олон сар бодсон. Дотоод сэтгэлийн минь илэрхийлэл гэж болно. Би байгалийн чимээ, дуу авиаг сонсох дуртай. Бухимдсан үедээ байгалийн сайхныг мэдэрч, чөлөөт цагаа өнгөрөөхийг хичээдэг. Би Хөвсгөл аймагт очиж байсан ч, тайгын гүнд орж байгаагүй. Тиймээс төсөөллөө уран бүтээл болгосон юм.
Нэвтрүүлгээ үзээд маш сайхан мэдрэмж төрлөө. Тайзан дээр уран бүтээлээ хүргэх, нэвтрүүлэгт оролцсоноо дэлгэцээр үзэх ондоо юм байна. Нэвтрүүлгийн дараа хүмүүсийн сэтгэгдлийг сонсож маш их урам авлаа.
-Тус үзүүлбэртээ цуур, хэл хуур гээд үндэсний хөгжмөөр хөгжимдсөн. Та хэдэн төрлийн хөгжмийн зэмсгээр тоглодог вэ?
-Аман болон хэл хуур, хулсан хуур, цуур, бишгүүр, лимбэ, морин хуур, шанз, төгөлдөр хуур тоглодог. Саяхнаас домбор сурч байгаа. Хэл хуурын цуглуулгатай.
-Хэзээнээс хөөмийлж байгаа вэ. Исгэрээ, хархираа, шахаа гээд хөөмийн төрлүүд бий. Та бүгдээр нь хөөмийлдөг үү?
-2005 оноос. Анхандаа хархираа хөөмийг битбокстой хослуулдаг байв. Одоо аль алинаар нь хөөмийлнө. Аливааг бие даан сурахад нэлээд цаг хугацаа зарцуулдаг. Харин нэгэнт сурсан байхад хэзээ ч мартахгүй туршлага, мэдрэмжтэй болдог.
-Та хэдэн жилийн өмнө бие даасан хоёр дахь цомгоо бэлэн болгосон ч худалдаанд гаргаагүй гэсэн. Яагаад?
-“Хөөмий ба битбокс” нэртэй цомгоо бэлэн болгосон. Гэхдээ худалдаанд гаргаагүй. Гадаадад явахдаа зарах болон сонирхсон хүмүүст бэлэглэх зорилготойгоор цөөн тоогоор хэвлүүлсэн юм. Эл цомогт өнөө жил Төрийн хүндэтгэлийн тоглолтод оролцохдоо хүргэсэн Үндэсний урлагийн их театрын уртын дуучин Ц.Түмэнжаргалтай хамтарсан “Уяхан замбуутивийн наран” дуу, мөн сонирхолтой уран бүтээлүүдээ багтаасан.
-Дахин цомог гаргах уу?
-Миний хийж буйг хүмүүс сайхан хүлээж авч байгаа болохоор цомог гаргаж ч болох юм. Худалдаанд гаргаагүй хоёр дахь цомгоо дахин шинэчилж, мөн шинэ уран бүтээлүүд нэмж дахиад цомог гаргаж магадгүй. Ятгатай, ёочинтой гэхчлэн хөгжимтэй уран бүтээлүүд төлөвлөж байгаа.
2008 онд би “Мобиком” корпорацтай хамтран “Дуудлага дуулдаг боллоо” буюу “Hitone” үйлчилгээний аянуудыг хийж байлаа. Удахгүй энэ төрлийн контентуудыг хийхээр төлөвлөсөн.