Дэлхийн эдийн засгийн форум Евразийн өрсөлдөх чадварын хүрээлэн болон зөвлөгөө өгөх үйлчилгээ эрхэлдэг “Strategy partners” компанитай хамтран гаргасан олон улсын эдийн засгийн өрсөлдөх чадварын жагсаалтад манай орон 140 орноос 99-т (өнгөрсөн онд 102-т орсон) жагслаа. Өрсөлдөх чадварыг тодорхойлохдоо тухайн улс аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд хэр бэлэн буйгаар хэмждэг байна.
Ингэхдээ институтүүдийн чанар, дэд бүтэц, мэдээллийн технологи болон орчин үеийн холбоо харилцааны хэрэгсэл, макро эдийн засгийн тогтвортой байдал, хэрэглэгчийн болон хөдөлмөрийн зах зээл, санхүүгийн систем, дотоод зах зээлийн цар хэмжээ, эрүүл мэнд, боловсрол, бизнесийн хөгжлийн чиг хандлага, шинэчлэлийг нэвтрүүлэх чадвар гэсэн 12 шалгуурыг үндэслэл болгожээ.
Энэ удаагийн жагсаалтыг АНУ, Сингапур, Герман улс тэргүүлэв. 140 орны сүүлийг Чад улс мушгилаа. Манай хойд хөрш 43, урд хөрш 28-д жагссан байна.