“Шивээ-Овоо” компанийн техник тоног төхөөрөмжийн 40 гаруй хувь нь ашиглалтын хугацаа дууссан гэв
Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан Дорноговь, Говьсүмбэр аймагт хоёр өдөр ажиллалаа. Төв аймгийн Сэргэлэн сум дахь МАК-ийн “Евро блок” болон Дорноговийн Даланжаргалан дахь “Хөх цав” цемент, шохойн үйлдвэртэй нь танилцсанаар эхэлсэн 1500 гаруй км аян замд Засгийн газрын тэргүүнийг сайн, саар муу мэдээ аль аль нь угтав. Монгол хүний амны билгийг бодоод, чихэнд чимэгтэй сайн сайхан мэдээллээс нь эхэлж дуулгая. 2015 онд ашиглалтад орсон “Евро блок” үйлдвэр хоногт 900 шоо метр блок үйлдвэрлэж, импортын хэрэгцээний 30 орчим хувийг хангаж байгаа бол жилд сая тонн цемент, 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай “Хөх цав”-ын үйл ажиллагаа өнгөрсөн жилээс жигдэрч, дотоодын зах зээлийн 50 шахам хувийг бүрдүүлж буйг дуулсан хэн ч баярлах нь дамжиггүй. Манай улсын цементийн хэрэгцээ жилд 1.8 сая тонн байдгаас нэг саяыг нь импортоор оруулж ирдэг үе байв.
Засгийн газар дотоодын барилгын материалын үйлдвэрүүдийг бодлогоор дэмжсэний үр дүнд монголчууд өнөөдөр 1.4 сая тонн цемент үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болоход “Монцемент” үйлдвэрийн хувь нэмэр бас их. Дорноговь аймгийн Өргөн сум дахь орчин үеийн цемент үйлдвэрлэлийн шинэ стандарт бүхий эко технологиудыг нэвтрүүлсэн хуурай аргын цементийн энэхүү үйлдвэртэй Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцсан юм. Тус үйлдвэрээс гарах 360-380С-ийн хэмтэй “хаягдал” халуун хийг ашиглан таван мегаватт эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станц барьсан нь үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, түлш эрчим хүч хэмнэх тал дээр Монголдоо анхдагч гэнэ билээ.
ДОРНЫН ГОВЬ ДАХЬ ДОРИУН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД
Дорнын цэнхэр говьд өрнөж буй томоохон бүтээн байгуулалтуудыг хараад гүйцэтгэх засаглалын тэргүүн магнай тэнэгэр явж байв. Ялангуяа хувийн хэвшлийнхэн цаг хугацаатай уралдан ажлыг үнэхээр яралзуулж байна. Саяхныг хүртэл цемент импортлогч байсан Монгол одоо экспортлогч орон болох бүрэн боломжтойг дуулаад Ерөнхий сайд тун талархалтай байсан юм. “Монголын урдаа барьдаг том компаниуд тэгж ажиллалгүй дээ” гэдэг тайлбар хэлэх гэж байгаа бол түр азнахыг танаас хүсье. Тус аймгийн Замын-Үүд суманд “Малын хорио цээрийн тусгаарлагдсан бүс” байгуулах 2017 оны Засгийн газрын шийдвэрийн дагуу “Болор гантиг” компани экспортод гаргах бог малыг эрүүлжүүлж, уурагжуулах зориулалттай нийт 600 га талбай бүхий 20 гаруй байгууламжтай цогцолбор барьж буй. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Биит монгол” ХХК-ийн санхүүжилтээр гүйцэтгэж буй энэ ажил өдгөө 50 гаруй хувьтай явж байгаа бөгөөд төлөвлөгөөнийхөө дагуу 2019 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулах гэнэ. Зүүн бүсийн болон сонгогдсон 13 аймгаас үржлийн бус бог мал авч, 30-45 хоногт эрүүлжүүлэн, зориулалтын тэжээлээр тэжээж уурагжуулаад, нэмүү өртөг шингээн амьдаар нь экспортлох энэхүү тусгаарлагдсан бүс бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр хоногт 180 000 бог мал тэжээж, өдөрт 5000 орчмыг Хятад руу гаргах боломжтой аж.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Өнгөрсөн зургадугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавьж байсан бол өдгөө дэд бүтцийн ажил нь 40 хувьд хүрчээ. Харин энэ сайхан намрын налгар өдөр бид Замын-Үүд сумд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжаар байгуулсан Бүс нутгийн ложистикийн төвийг ашиглалтад хүлээн авах нээлтийн ёслолын гэрч болоод зогсож байна. Дорноговьчууд бол Монгол Улсын хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэх том бүтээн байгуулалтуудыг нутаг усандаа цогцлоох хувьтай хүмүүс юм. Тиймээс энэ мэт том төслүүдийг бүх талаар дэмжиж, үр өгөөжийг нь улс нийтээрээ хурдан хүртэхийн төлөө хичээх ёстой” гэсэн нь учиртай. Аймаг орон нутгийн удирдлага идэвх санаачилгатай байдаг учраас нүсэр том ажлууд торолгүй урагшилдгийг хувийн хэвшлийнхэн хэлж байв.
Монгол Улсын хамгийн урт төмөр замтай, хамгийн урт авто замтай аймаг бол Дорноговь. Тэр тусмаа Замын-Үүд бол манай орны хамгийн том боомт бүхий нутаг дэвсгэрт оршдог. Монголын экспорт, импортын гол гүүр төдийгүй, транзит тээврийн дамжлага болох Замын-Үүдийн боомтын хүчин чадал нь улам бүр өсөн нэмэгдэж буй гадаад худалдааны эргэлтийн хурдыг гүйцэхгүйд хүрээд байсан тул авто зам-авто зам, авто зам-төмөр зам, төмөр зам-төмөр зам руу шилжүүлэн ачих чадвартай цогц байгууламж барьсан юм. Өнгөрсөн найман жилийн хугацаанд төслийн гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулах шаардлагатай болсноос эхлээд Монголын төр, засгийн ороо бусгаа байдал зэрэг элдэв саад бэрхшээлтэй тулгарсан ч ложистикийн төвийг төлөвлөгөөт хугацаандаа ашиглалтад оруулсан нь энэ.
“Монгол Улс ложистикийн дэд бүтцийн эрэмбээрээ 160 орноос 140-д ордог. Замын-Үүдийн боомтоор Эрээнээс өдөрт найман галт тэрэг хүлээж авч байна. 24 цагийн үйл ажиллагаатай, холимог тээврийн ложистикийн төв ашиглалтад орсноор энэ үзүүлэлт хоёр дахин өсөх юм. Мөн манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачаа тээврийн эргэлт нэмэгдэхийн зэрэгцээ Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын хөгжилд маш чухал ач холбогдолтой” хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар нээлтийн үеэр онцолсон. Гэвч энэ нь манай улсын эдийн засагт яг ямар үр өгөөж авчрахыг нарийн тооцоолсон судалгаа өнөө хэр хийгээгүй, аль арваад жилийн өмнөх төсөөллөө ярьсаар буйг Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төслийн зохицуулагч Д.Энхбаатар өнгөрсөн хавар хэлснийг эрхгүй сануулав. Энэ удаад ч 160 орноос 140-д ордог ложистикийн дэд бүтцийн эрэмбэ маань ядаж хэдээр урагшлах тухай тоймтой тооцоолол салбарын сайдын амнаас унасангүй.
24 цагийн үйл ажиллагаатай, холимог тээврийн ложистикийн төвийг ашиглалтад хүлээлгэн өглөө
У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН “НЭРИЙН ХУУДАС” БОЛСОН ҮЙЛДВЭР
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцаад, сэтгэл тун чиг хангалуун байлаа. 1990-ээд оны дундаас хойш нефтийн үйлдвэр барих гэж үе үеийн Засгийн газар хэдэнтээ шав тавьсан боловч хэрэгжүүлэх нь байтугай гарааны зурхайгаас хөдөлгөж дөнгөөгүй ажлыг тэр эхлүүлсэн. Монгол Улсын Засгийн газар Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл эхлүүлсэн бөгөөд 2019 онд багтаан үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлыг хийж дуусгах үүрэг хүлээгээд буй. Эзгүй саруул талд шав тавьснаас хойших дөрвөн сар хүрэхгүй хугацаанд дэд бүтцийн ажил 40 гаруй хувьд хүрснийг хараад гүйцэтгэх засаглалын тэргүүн баяртай байв. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, 800 орчим мянган тонн дизель түлш, 300-400 мянган тонн шатахуун, 100 мянган тонн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн ТЭЗҮ-ийг ирэх арваннэгдүгээр сарын 12-15-нд гардаж авах бөгөөд ингэснээр зураг төслийн ажил нь эхлэх юм байна.
“Монголчуудын үндэсний аюулгүй байдлыг хангахад Засгийн газар гурван гол асуудалд нэн тэргүүнд анхаарах ёстой. Нэгдүгээрт, хүнсний аюулгүй байдал буюу эрүүл хүнсээр ард иргэдээ хангах. Хоёрдугаарт, эрчим хүчний хомсдолгүй улс болох. Гуравдугаарт, нефтийн бүтээгдэхүүний үнийн савлагаанаас ард иргэдээ хамгаалах. Үүний тулд газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлсэн. 2023 оны эхний хагаст энэ үйлдвэр ашиглалтад орно” хэмээн Ерөнхий сайд итгэлтэй хэлсэн юм. Хамгийн гол нь олон жил ярьсан газрын тос боловсруулах үйлдвэрээ Монголд анх удаа байгуулах гэж буй учраас өртөг өндөр ч гэсэн орчин үеийн технологид суурилсан хөрвөх чадвартай байхаар сонголт хийснээ “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн ерөнхий инженер Д.Алтанцэцэг ярилаа.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эрчим хүчний агаарын шугам татах, цахилгаан дамжуулах дэд станц барих ажил 85 хувьтай байна
“ШИВЭЭ-ОВОО”-ГИЙН ШИЙДЭЛГҮЙ ДҮР ТӨРХ
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн царайг хүрлийлгэж, хөмсөг зангидахад хүргэсэн газар бол “Шивээ Овоо” ХК. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг тус компани улсын эрчим хүчний 70 хувийг дангаар хангадаг “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэгцээний 50.5 хувийг нийлүүлдэг бөгөөд жилд хоёр сая гаруй тонн нүүрс олборлож буй.
“Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин “Манай компанийн техник тоног төхөөрөмжийн 40 гаруй хувь нь насжилт гүйцэж, ашиглалтын хугацаа дууссан тул хөрс хуулах ажил удааширсаар 2011 оноос хойш өдгөө 186 сая шоо метрээр хоцролттой байгаа. Хөрсний хоцрогдлын асуудлаа шийдэхгүй бол 2019 оны хоёрдугаар хагасаас уурхай хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. Мөн манай компани нүүрс олборлолт, нийлүүлэлтийн явцад нэг тонн тутамдаа 1000 төгрөгийн алдагдал хүлээж байна. Цаашид нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, ам.долларын ханш чангарч байгаатай холбоотойгоор нэг тонн нүүрс тутамд 3000 хүртэл төгрөгийн алдагдал хүлээхэд хүрэх нь” гэх зэргээр түмэн зовлон тоочиж гарав. 73 тэрбум төгрөгийн өр төлбөрийн асуудлаа түүний Засгийн газраар шийдүүлсэн нь түүхэн баярт үйл явдал гэх хэрнээ л дахиад баахан өр шир ярих нь аргагүй л төрийн мэдлийн компанийн нүүр царай гэлтэй. Төрийн мэдлийн өмч гэхээр л ажил нь унхиагүй, тайлбар нь урагшгүй байх ёстой юм шиг.
Ямартай ч “Эрдэнэс Монгол” ХК “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайд дэмжлэг үзүүлэхээр болсон нь ирэх жилүүдэд алдагдлаас гаргах боломж нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн найдаж буй гэнэ. Тус уурхай 680 сая тонн нүүрсний нөөцтэй учраас үүнийг түшиглэн эрчим хүчний шинэ эх үүсвэр барих хэрэгтэй, ингэвэл цаашлаад эрчим хүч экспортолдог орон болох боломжтой гэдгийг “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал О.Одбаяр Ерөнхий сайдад тайлбарлана билээ. “Шивээ-Овоо”-гийн хүрэн нүүрснээс хий, дизель гаргаж авах төслүүд хэрэгжүүлэхээр тэд судалж байгаагийн зэрэгцээ эл ордод түшиглэн кокс, гангийн үйлдвэр барих төслийг “Эрдэнэс Монгол” хэрэгжүүлж байгаа юм байх. “Шивээ-Овоо”-гийн хувьцааны 90 хувийг халаасалсан “Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн захирал ирэх жилээс хувьцааны арилжааг нь идэвхжүүлж, хөрөнгийн зах зээлээс мөнгө босгохоор төлөвлөснөө ч дуулгав.
Хоёр компанийн захирлуудын тайлбар яриа тэнгэр газар шиг ялгаатай, зөрүүтэй байгаа биз. Нэг компанийн өнөө болон ирээдүйн тухай ярьж байгаа атлаа нэг нь жигтэйхэн өөдрөг төсөөлөлтэй, нөгөө нь ихээхэн гутранги байр суурь илэрхийлэх нь юуных вэ. Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэднийг салбарын яамны Төрийн нарийн бичгийн даргатай нь хамт хэсэг байцааж байгаад, тус үйлдвэрийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулах, өр төлбөрөөс яаж гаргах, парк шинэчлэлт хийхэд шаардагдах оновчтой тооцоолол, цахилгаан эрчим хүчний дэд станц байгуулах нарийн төлөвлөгөө боловсруулж ирэх долоо хоногт танилцуулахыг бүгдэд нь үүрэг болгов. Эндээс “Шивээ-Овоо”-гийн ирээдүй шийдэгдэнэ гэх.