Монголбанкнаас зарласнаар манай зах зээлд ам.долларын дундаж ханш өчигдрийн байдлаар 2538.4 төгрөгтэй дүйлээ. Энэ нь “ногоон”-ы ханш сарын өмнөхөөс 66, хагас жилийн өмнөхөөс 144 төгрөгөөр чангарсан үзүүлэлт юм. “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд өчигдөр ам.долларыг 2550 төгрөгөөр авч, 2555-аар борлуулж байв.
Ченжүүд “Ам.долларын ханшийн өсөлт тогтворжих шинж алга. “Найман шарга”-д сар гаруйн хугацаанд “ногоон”-ы ханш бараг 100 төгрөгөөр чангарлаа. Ханш маш тогтворгүй, хэрхэх нь тодорхойгүй байна” гэж ярилаа. Тэгвэл “Төвбанкнаас ам.долларын ханш тогтвортой байгаа. Ийм хэмжээний өсөлт байдаг л үзэгдэл” гэсэн агуулгатай тайлбар өгсөн.
Валютын ханш өсөхөөр импортын бараа бүтээгдэхүүний үнэ дагаад дээшилдэг. Иймээс иргэдийн дунд ам.долларын ханшнаас шалтгаалан өргөн хэрэглээний бараа үнэд орно гэсэн хүлээлт үүсээд буй гэнэ.