Дорнод аймгийн Цагаан овоо суманд “Алтан цагаан овоо”, Баянхонгор аймагт “Уудам хөндий” төсөл хэрэгжүүлж буй “Steppe gold” компанийн гүйцэтгэх захирал Т.Батаатай ярилцлаа.
-“Алтан цагаан овоо” төслийг эхлүүлэхэд орон нутгийнхан нэлээд эсэргүүцсэн. Байдал одоо ямар байна вэ?
-Манай компани өнгөрсөн оны есдүгээр сард “Сентерра гоулд”-оос Дорнод аймгийн Цагаан Овоо сумын нутагт алт, мөнгөний орд бүхий “Алтан Цагаан Овоо” төслийг холбогдох татвар, хураамжийг нь төлөөд худалдан авсан. Уг талбайд анх 2003 онд хайгуул, 2012 оноос ашиглалт явуулах боломжтой болсон юм билээ. Лицензтэй 5000 орчим га газар бий. Биднийг ажлаа эхлүүлэхээр Цагаан Овоо суманд очиход тодорхой тооны айл, иргэн эсэргүүцсэн нь үнэн. Учир нь тэд лиценз бүхий талбайд байгаа, ойрхон нутагладаг айлуудыг хөөж, нүүлгэх нь гэж ойлгосон юм байна.
Бид 5000 га газарт бүхэлд нь өрөмдлөг хийж, олборлолт явуулахгүй. Ашигтай 300 га.д олборлолт явуулж, 110 орчим га талбайд уурхайн барилга, байгууламж барина. Нэг ч айлыг нүүлгэх, бэлчээр нутагт нь халдахгүй. Цагаан Овоо сум 6500 гаруй га газартай. Манай компани нийт лицензийн талбайн долоо, сумын газар нутгийн 0.06 хувьд нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Бид нутгийн иргэдэд үүнийг танилцуулж, ойлгуулсан. Ажлаа эхлүүлэхээс өмнө нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ажлаа амжилттай хэрэгжүүлсэн.
Тухайлбал, Цагаан овоо сумын бүх оюутны сургалтын төлбөрийг төлөх гэрээ байгууллаа. Сумын хөгжилд зориулж төсөвт нь улирал бүр мөнгө өгөхөөр болсон. Мөн уурхайн ажилчдын 20-50 хувийг сумын иргэдээс бүрдүүлэх болж, ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэсэн. Одоогоор 350 орчим хүн бүртгүүлсэн байна. Сумаас авах ажилчдаа янз бүрийн чиглэлээр мэргэшүүлэх үүднээс Дорнод аймгийн Политехникийн коллежид сургах юм. Энэ талаар сумын удирдлага, иргэдтэй харилцан тохиролцсон гэж хэлж болно. Иргэдийн 80 гаруй хувь нь манай компанийн үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тиймээс нутгийнхан болон компанийн хооронд ямар нэгэн үл ойлголцол байхгүй.
-Төслөө эхлүүлчихсэн байх нь, ажил ямар шатанд яваа вэ?
-Өнгөрсөн хавраас ажлаа эхлүүлсэн. Одоогоор уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил хийж байна. Үйлдвэрүүдийн барилга, холбогдох замуудыг барьж буй. Мөн шаардлагатай тоног төхөөрөмжөө Австрали болон урд хөршөөс захиалан авлаа. Эхний ээлжинд ирсэн төхөөрөмжүүдийг угсарч байна. Энэ намартаа багтаан олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөсөн ч хараахан амжсангүй. Он гараад хийж эхэлнэ.
-Танай компани Торонтогийн хөрөнгийн биржид IPO гаргасан. Хэдий хэр хөрөнгө татав. Төсөлд шаардлагатай зардлаа олов уу, цаашид санхүүжилтээ хэрхэн зохицуулах вэ?
-Бид өнгөрсөн тавдугаар сард Торонтогийн хөрөнгийн биржээр дамжуулан нэгж хувьцаагаа хоёр канад доллароор арилжиж, 25 сая канад долларын санхүүжилт татсан. Энэ нь 21 орчим сая америк доллар гэсэн үг. Үүний 19 саяыг нь төслөө эхлүүлэх, уурхайн бүтээн байгуулалт, тоног төхөөрөмж авах, ажилчдын цалин хөлсөнд зарцуулж буй. Компани байгуулагдсан цагаас мөнгөн хөрөнгөө шат дараатай өсгөх, хөрөнгө оруулалт татах ажил хийж байсан. Ахин хөрөнгийн эх үүсвэр олох талаар одоохондоо ярих болоогүй. Мөн Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр ажиллаж байгаа. Торонтогоос манай хувьцааг авсан монгол иргэн олон бий ч давхар бүртгүүлбэл илүү олон хүнд хүрнэ хэмээн тооцсон.
-“Алтан Цагаан Овоо” төслийн эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн харж байна вэ?
-Төсөл 12-16 жил үргэлжилнэ. Энэ хугацаанд улсын төсөвт татвар хураамж хэлбэрээр 250 тэрбум төгрөг төлөх юм. Олборлосон алтаа 100 хувь Төвбанкинд тушаана. Жилд 1.2 тонн алт тушаах тооцоо бий. Уурхайн ажил жигдэрч, үйл ажиллагаа тогтворжихын хэрээр энэ тоо өсөх магадлалтай. Эхний таван жилд, жил бүр 200 000 орчим унци алт, 1.6 сая унци мөнгө олборлох төлөвлөгөөтэй.
-Уул уурхайн салбар төсөвт оруулдаг хөрөнгө, эдийн засагт үзүүлдэг нөлөөгөөрөө яалт ч үгүй жин дардаг. Гэхдээ энэ салбар хариуцлагагүй, нөлөөллийн бүсэд нь амьдардаг иргэдэд өгөөжгүй, байгаль орчин сүйдэлсээр байна гэдгийг хэлэх хүн олон байна.
-Алт олборлох, газар шорооны ажил эхлүүлэхэд эсэргүүцэх хүн цөөнгүй. Нэг талаас малчид оршин суугаа газар нутаг, бэлчээр, усаа хамгаалж буй хэрэг. Гэхдээ нөгөө талаас хуулийн дагуу, зөвшөөрөгдсөн бүсэд үйл ажиллагаа явуулж буй компаниудыг буруутгах аргагүй. Хамгийн гол нь байгаль орчны нөхөн сэргээлт нь үр дүнтэй, нүдэнд харагдаж, алсдаа үлдэхүйц байх хэрэгтэй. Манай компанийн хувьд төслийн хүрээнд нөхөн сэргээлтэд 22 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Өнгөрсөн жил төсөвт 100 сая төгрөг байршуулсан.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ажлаа төлөвлөхдөө тус суманд юу хэрэгтэй, шаардлагатай байгааг судалсан. Ажлын байр нэмэгдүүлж, иргэдээс бараа бүтээгдэхүүн худалдан авахаас гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжлэг үзүүлбэл урт хугацаанд орон нутагт хэрэгтэй. Бид Цагаан Овоо суманд мах, сүү боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн. Сумын төсөв 400 орчим сая төгрөг юм билээ. Манай компанид Цагаан Овоогийн 300 хүн ажиллахад л төсвөөс нь хэд дахин илүү мөнгийг цалинд авах бололцоотой. Тэр хэрээр ажилчдын амьжиргаанд дэм болно.
-Одоогоор танай компанид хэчнээн хүн ажиллаж байна. Цаашид хэдэн хүнийг ажилтай болгох боломжтой юм бол?
-Манайх өнгөрсөн хавраас л ажлаа эхлүүлсэн. Одоогоор 100 гаруй хүн ажиллаж байна. Нийт 300 хүнийг ажлын байртай болгох юм. Гадаадын 2-3 мэргэжилтнийг эс тооцвол бүгд монгол ажилчин. Ирэх жилээс үйл ажиллагаа жигдрэхээр 300 хүн, хоёр ээлжээр ажиллана. Эхний ээлжинд нэг ажилчин багадаа сая гаруй төгрөгийн цалин авч, даатгалаа төлүүлнэ.
-Уул уурхайн чиглэлээр олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тэднээс танай компанийн ялгарах онцлог юу вэ?
-“Steppe gold” нь гадаадын хөрөнгийн биржид гарсан цөөхөн монгол компанийн нэг. Зарим хүн гадаадын хөрөнгийн биржийн талаар буруу ойлголттой байдаг. Ямар нэгэн зүйл авч яваад зарж, үрэх мэтээр ойлгодог. Тийм биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Хувьцаа гаргаснаар компанийн үйл ажиллагаа сонирхсон хүмүүст нээлттэй болж буй хэрэг. Гадаад, дотоодын ямар ч иргэн хувьцаа эзэмших эрхтэй болно.
Түүнчлэн гадаадын хөрөнгийн биржид бүртгүүлсэн компанид давхар давхар шалгалтаар ордог. Монголын төдийгүй олон улсын шинжээч, хөндлөнгийн байгууллагаар шалгуулдаг гэсэн үг. Ямар ч хөрөнгө оруулагч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, байгальд ээлтэй ажилладаг, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч компанийг сонгон хөрөнгө оруулахыг зорьдог. Мөн манай компани сум орон нутагт хийх ажлаа эхлүүллээ. Иргэдтэй харилцан зөвшилцсөний үндсэн дээр шүү дээ.
-Уул уурхайн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин хэр хүрэлцээтэй байдаг бол?
-Энэ талаар төдийлөн “толгой өвдсөнгүй”. Монголд туршлагатай, чадварлаг мэргэжилтэн, уурхайчин олон байна. Шаардлагатай гэж үзвэл компанийн зүгээс ажилчдаа гадаадад явуулж мэргэжил дээшлүүлэх болон бусад сургалтад хамруулах боломжтой.
-Ажлаа эхлүүлээд удаагүй байгаа, хүндрэлтэй асуудал байна уу?
-Бүх зүйлийг хуулийн дагуу эхлүүлж, явуулж буй тул одоохондоо хүндрэл алга. Манай компанийн үүсгэн байгуулагчид уул уурхайн чиглэлээр өмнө нь 3-4 төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн. Австралийн хөрөнгийн биржээс 150-200 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж байсан туршлагатай. Уул уурхайд төдийгүй бизнесийн аль ч салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг олох, хөрөнгө босгох ажил л хамгийн тулгамдсан асуудал.
-Хөрөнгө оруулалт татахын тулд компани юу хийх, ямар шалгуур хангасан байх ёстой вэ?
-Хамгийн чухал нь найдвартай, тогтвортой үйл ажиллагаа явуулах орчин бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд хууль эрх зүй, татварын орчин, улс төрийн бодлогыг ч хамааруулж ойлгож болно.
-Сүүлийн 1-2 жилд манайхыг сонирхох хөрөнгө оруулагч нэмэгдсэн, уул уурхайн салбарт ахиц гарах боломж бүрдлээ гэх юм.
-Зарим хурал, үзэсгэлэнг сонирхон ирэх гадаадынхан олон болжээ. Гэвч шинэ төслүүдэд хөрөнгө оруулах нь бага байна. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй алт олборлодог 300-400 орчим компани бий. Нөөц ихтэй, том ордуудтай, жилд олборлодог алтных нь хэмжээ манайхтай харьцуулшгүй. Тэдэнтэй өрсөлдөн өөрсдийн давуу талаа ойлгуулж, итгэлийг нь олох чухал. Биднийг, монголчуудыг сонирхох шалтгаан нь хайгуул хийх талбай их, нээж илрүүлээгүй ашигт малтмал байгаа болов уу гэсэн таамаг юм. Хайгуул хийхэд маш их зардал гардаг. Бараг 100 ордын нэг нь л өгөөжөө өгөх боломжтой. Тиймээс нэгэнт хайгуул хийлгүүлэхээр тогтсон талбайг сонирхож буй хөрөнгө оруулагчдыг үргээлгүй, тогтвортой ажиллах орчин бүрдүүлээсэй.
-Танай компанийн хэрэгжүүлж буй “Уудам хөндий” төслийн ажлын явц ямар байна вэ?
-Төслийг алт илрэх боломжтой гэж тооцсон Баянхонгор аймгийн нутагт эхлүүлсэн. Хайгуулын ажлын эхний шатанд явна. Өрөмдлөг хийх хараахан болоогүй. Төслийн онцлог нь орон нутагтайгаа хамтран ажиллах гэрээ байгуулсанд бий. Манай компани 80, Баянхонгор аймаг 20 хувийг эзэмшсэн компани байгуулж ажлаа эхлүүлсэн хэрэг. Одоогоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. Мөн Баянхонгорын 100 гаруй оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлсэн.
-Уурхайнуудад ашиглах усаа хэрхэн шийдэж байгаа вэ?
-Манай компани үндсэн ордод олборлолт хийх тул шороон ордтой харьцуулахад ус бага ашиглах юм. Цагаан Овоо суманд одоогоор зургаан цооног өрөмдсөн. Цооногууд газрын гүний усны судлыг хөндөөгүй, ямар нэгэн байдлаар усны эх үүсвэрт нөлөөлөхгүй. Мөн уурхайд хэрэглэсэн усныхаа 95 хувийг дахин боловсруулж, ашиглана.
-Төсөл, хөтөлбөр 16 жил болоод дуусна, газраас авах зүйлээ авчихсан гэж бодъё. Түүний дараа тухайн сум, орон нутагт юу үлдэх бол?
-Нэгдүгээрт жил бүр байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлууд хийнэ. 16 жил гэдэг багагүй хугацаа. Сум, аймаг, улс орны эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөнөөс гадна хаана ч ажиллах чадвартай монгол мэргэжилтнүүд бэлтгэгдэх болов уу. Энэ уурхайд ажилласнаар дэлхийн аль ч уурхайд хөдөлмөрөө өндөр үнэлүүлэн ажиллаж чадах мэргэшил, чадвартай хүмүүсийг бэлтгэнэ.
Сурч боловсрох ч боломжтой. Олон залууг мэргэжилтэй болоход нь тусална. Энэ жил л гэхэд Цагаан Овоогийн 64 оюутныг сургалтын тэтгэлэгт хамрууллаа. Мөн мах, сүү боловсруулах үйлдвэр барих юм. Энэ нь өргөжин олон ажлын байр, зах зээл бий болгоно. Уурхайд хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг сумын иргэдээс 100 хувь, тогтмол худалдан авах тул тэр хэрээр жижиг, дунд үйлдвэр хөгжинө хэмээн найдаж байгаа. Одоохондоо эдгээрийг хэлж болох ч цаашид авч хэрэгжүүлэх, төлөвлөсөн ажил цөөнгүй бий.
Ийм хариуцлагатай уул уурхайг ойлгон, биднийг дэмжин ажиллаж буй Цагаан Овоо сумын иргэдэд талархах нь зүйтэй. Богино хугацаанд үйл ажиллагаагаа жигдрүүлж, нутгийн иргэдээс хамт олноо бүрдүүлсэн олон улсын жишиг уурхай болон ажиллана.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам