Төв аймгийн Заамар сумын иргэд болон тэнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нутагт нь хууль зөрчин ажиллаж буй уул уурхайн компаниудыг шалгаж, зохих арга хэмжээ авхуулах хүсэлтийг Ерөнхийлөгчид 2017 оноос хойш хэдэнтээ гаргасан. Тэгвэл АТГ, МХЕГ, АМГТГ зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл болон нутгийн иргэдийг оролцуулсан тав хоногийн шалгалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан юм. Үүний үр дүнд хэд хэдэн уурхайн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд одоо холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Мөн ямар ч зөвшөөрөлгүйгээр голын онцгой хамгаалалтын бүсэд хүнд машин механизм ажиллуулж байсан гурван иргэнийг энэ үеэр саатуулж, техник хэрэгслийг нь хураажээ. Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан “Уул уурхайнхантай холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй зарим хүн шалгалтын комисст багтсан байсныг илрүүлж, газар дээр нь арга хэмжээ авч нутаг буцаасан. Ийм нухацтай, олон хүний бүрэлдэхүүнтэй, үр дүнтэй шалгалт өмнө нь Заамарт хийж байгаагүй” гэв.