Хүйтний улирал дөхөхөөр агаарын бохирдлын асуудал улс орон даяар хөндөгдөж эхэлдэг. Үүнийг голдуу гэр хорооллын утаатай холбож тайлбарладаг ч автомашины хорт утаа багагүй хувийг нь “үйлдвэрлэдэг”.
Энэ нь манай улсад хэрэглэдэг шатахууны чанартай шууд холбоотойг “Эко-Ази” сургуулийнхан судалгаагаар тогтоожээ. Тус сургуулийн захирал, доктор, профессор Ц.Адъяасүрэнтэй судалгааных нь талаар ярилцлаа.
-Автомашины шатахууныг судлах болсон шалтгаан юу вэ?
-Нэгдсэн үндэсний байгууллага (НҮБ)-ын Байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд улс орнуудын агаарын бохирдлыг бууруулахаар хэд хэдэн ажил хэрэгжүүлж буй.
Үүнд тухайн орны хэрэглэдэг шатахуун, түлшийг судалж, зөвлөмж өгдөг. Өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлын дүгнэлтээр Азийн орнуудын автомашины хэрэглээ, хэрэглэж буй шатахууны асуудал хүнд байгааг тогтоосон.
Манайхаас өмнө Касахстан, Шри Ланка зэрэг Азийн оронд эл судалгааг хийж байсан юм билээ. Үүний дагуу НҮБ-аас надтай холбогдож “Уг судалгааг өөрийнхөө улсад хийх боломж бий юү” гэдэг санал тавьсан. Тиймээс би “Эко-Ази” сургуулийнхаа шугамаар Монголын импортолдог, хэрэглэдэг шатахуунд судалгаа хийсэн.
-Судалгааны гол зорилго нь юу байв. Хэр хугацаа зарцуулсан бэ?
-НҮБ-аас судалгаа хийх үед шаардагдах арга зүй, техникийн туслалцаагаар хангаж, нэг жилийн хугацаа зарцууллаа. 2017 оны тавдугаар сараас эхэлсэн.
Уг судалгааг би өөрөө удирдаж, манай сургуулийн багш нар болон магистрын ангийн оюутнууд оролцсон. Гол зорилго нь улс, орнуудын авто тээврийн паркийг шинэчлэх, байгаль орчинд халгүй түлш, шатахуун хэрэглэдэг болгох юм.
Манай улсын хувьд агаарын бохирдол гэдэг хүн бүрийн санаа зовдог асуудал болоод удаж байна. Өвөл болохоор гэрийн зуух л хамаг буруутан болдог болохоос биш, хэн ч машины тухай ярьдаггүй.
Гэтэл машин өвөл, зунгүй хорт утаа ялгаруулж байдаг. Энэ нь хоёр төрлийн шалтгаантай. Нэгдүгээрт, хэрэглэж буй машин, хоёрдугаарт шатахууны нөлөө. Тиймээс судалгаа хийхдээ хоёр үндсэн хэсэгт хуваасан.
Эхний ээлжинд манай улсад хэчнээн машин явж байна, үүнээс Улаанбаатар хотод хэд нь байгаа болон машинуудын насжилтыг тодорхойлсон. Мөн манай улс чанартай шатахуун хэрэглэж буй, эсэхийг судаллаа.
Бидний судалгааны гол зорилго нь газрын тосны бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, авто тээврийн хэрэгслээс ялгарах утааг бууруулах замын зураг, чиглэл гаргах байсан.
-Манай улсад энэ төрлийн судалгааг ерөөсөө хийж байгаагүй гэсэн үг үү?
-Уг нь автомашин, шатахууныг шат шатандаа, харьяа байгууллагууд нь судалдаг юм билээ. Жишээлбэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяа Ашигт малтмал, газрын тосны газарт шатахууны гол судалгааг хийдэг.
Автомашины судалгааг Зам, тээврийн хөгжлийн яам, Үндэсний статистикийн хороо, гадаадаас орж ирж буй нь Гаалийн ерөнхий газар судалж, мэдээллийг нь нэгтгэдэг. Гэтэл бүх судалгааг харьяа байгууллагуудаас нь авахад хоорондоо ерөөсөө таардаггүй, зөрдөг юм билээ.
Мөн тээврийн хэрэгслийн өнөөгийн нөхцөл байдал, хууль, эрх зүйн орчныг нь судалж, харьцангүй сайн гэсэн дүгнэлтэд хүрээд буй.
Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, онцгой албан татвар, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Зам тээврийн сайдын тушаалаар зохицуулдаг.
Мөн нүүрсхүчлийн хийнээс хамаарч тухайн автомашины ялгаруулах хэмжээгээр нь ангилсан төлбөр зэрэг маш олон төрлийн зохицуулалт байдаг юм билээ.
2005, 2008, 2012, 2014, 2016 оны үндэсний хэмжээнд зарцуулсан түлш, шатахууны хэмжээ, авто тээврийн хэрэгслийн тоог мөн судалсан. Энд хэрэглэж буй автомашины насжилт, хөдөлгүүрийн багтаамж, ялгаруулалтын стандарт зэргийг нарийвчлан гаргахыг зорьсон.
2005 оноос хойш хүн амын өсөлттэй зэрэгцэж автомашины тоо ч нэмэгдсэн. Жишээлбэл, 2005 онд 17 хүн тутамд нэг автомашин ногддог байсан бол 2016 онд 4.4 хүнд нэг машин ногддог болж.
Үүнээс харахад 2005 оноос хойш 2016 он гэхэд улсын хэмжээнд автомашины тоо 4.7 дахин өссөн дүн гарч буй юм. Жилд дунджаар 51 мянган шинэ машин орж ирдэг гэсэн үг.
Тэдгээр автомашиныг насжилтаар нь ангилахад 80 хувь нь 10 болон түүнээс дээш жил ашигласан байна. 7-9 жил нь 8.5, 4-6 жил долоо, 0-3 жилийн насжилттай нь 2.1 хувийг эзэлдэг. Шинэ машин маш ховор байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна.
Эдгээр машиныг ашиглаж буй хөдөлгүүрээр нь ангилахад шатахуун хөдөлгүүртэй нь 56, дизель 24 хувийг эзэлдэг. Сүүлийн үед олноор орж ирж байгаа хосолсон хөдөлгүүрт автомашин 17.3 хувьтай байна. Хосолсон хөдөлгүүрт машины импорт улам нэмэгдэж байгаа.
-Эдгээр машины шатахууны хэрэглээ хамгийн чухал байх.
-Автомашин олшрох, тэр дундаа хуучин машины тоо өсөх тусам тэдгээрээс ялгарч буй нүүрсхүчлийн хий ихсэнэ. Манай улсад 2016 оны байдлаар нэг км тутамд 267-286 гр нүүрсхүчлийн хий ялгарч байсан.
Гэтэл бусад орных дунджаар 115- 209 гр бөгөөд энэ нь манайхтай харьцуулахад 22-57 хувиар бага юм. Энэ нь нэг талаасаа манай улсад хуучин автомашины хэрэглээ өндөр байгаатай холбоотой. Нөгөө талаасаа түлш зарцуулалтаас шалтгаалж байна.
Яг адилхан автомашиныг харьцуулахад бусад улс орны машинууд 100 км-т 5-9 литр шатахуун хэрэглэж байхад манайх 11 литрийг зарцуулж буй.
Уг нь манай улс 1996- 2016 онд 43.8 сая баррель газрын тос олборлож, 95 хувийг нь БНХАУ руу экспортолсон. Энэ нь улсын нийт экспортын орлогын 6-12 хувийг эзэлж буй. Харин 2005 оны байдлаар жилд 525 мянган тонн шатахуун авдаг байсан бол 2016 онд 2.3 дахин нэмэгдэж 1216 мянган тонн болж өсчээ.
Үүний 97 хувийг ОХУ-аас, хоёр хувийг БНХАУ-аас, бусдыг нь БНСУ болон бусад улсаас авдаг. Дизель түлшний хэрэглээ мөн адил. Үүний хажуугаар хуурамч шатахуун түгээмэл бий. Энэ нь шатахуунд сольвент гэх холимог бодис хийж арвижуулдагтай холбоотой. Эл бодисыг улсын хилээр татваргүй оруулж ирдэг юм билээ.
-Яагаад татваргүй оруулж ирдэг юм бэ. Нууцаар авчирдаг гэсэн үг үү?
-Хоёр төрлийн хуурамч шатахуун орж ирдэг гэнэ. Нэг нь дээр дурдсан сольвент буюу холимог бодисыг шатахуунд хийж, арвижуулдаг. Өөрөөр хэлбэл, спирт найруулж байгаатай адил. Түлшинд мөн адил керосин хольдог.
Татварыг нь Засгийн газрын тогтоолоор тэглэсэн тул хууль бус гэж ойлгож болохгүй. Учир нь агаарын бохирдлыг бууруулах зорилгоор ашиглах гэж татваргүй болгожээ.
Керосиныг түлэхэд нүүрс шиг илчтэй. Мэдээж тусгай зуухтай байдаг л даа. Гэтэл манай улсад тэр шугамаар биш, түлш, шатахуунд холихоор оруулж ирдэг юм билээ.
-Шатахууны стандарт дэлхийн хэмжээнд “Евро 5”-д хүрсэн. Манай улс “Евро 2” стандартын шатахуун хэрэглэдэг.
Ийм төрлийн шатахуун хэрэглэдэг хэчнээн улс байдаг вэ?
-Шатахуунд хүхэр агуулагдсан байдаг. Хэдий хэмжээний хүхэр агуулж байна гэдгээр нь стандарт тогтоогоод байгаа юм. “Евро 5” стандартын шатахууныг АНУ, Канад, Австрали болон Европын орнууд хэрэглэж буй.
Энэ нь хамгийн бага хүхэртэй шатахуун гэсэн үг. Харин хамгийн их хүхэр агуулдаг буюу “Евро 2” стандартын шатахууныг Монгол болон Африкийн улсуудад л хэрэглэж байна. ОХУ, БНХАУ 2017 оноос “Евро 5” стандартынхыг хэрэглэж эхэлсэн ч манайх руу “Евро 2” стандартынхыг экспортолсоор байгаа юм.
“Евро 5” стандартынх нь нэг литр шатахуунд 10 мг хүхэр агуулагддаг бол нэг литр “Евро 2”-т 2000 мг хүхэр агуулагдаж байна. Тиймээс бид 200 дахин их хүхэртэй шатахуун хэрэглээд байна гэсэн үг л дээ.
-Хүхэр ямар хор уршигтай вэ?
-Хамгийн хортой хий. Үүгээр бага насны хүүхдүүд, хөгшид их хордож буй. Учир нь автомашины яндан доор байрладаг, тиймээс түүнээс ялгарч буй утаа газрын нам дор ялгарч, хэн газартай ойрхон байна, түүнд хамгийн их нөлөөлнө гэсэн үг.
Хүмүүс хүүхдээ хөтлөх юм уу, эсвэл тэргэнд суулгаад түрээд явдаг. Мөн хөгшид автобус хүлээж сандал дээр их сууж байгаа харагддаг. Тиймээс тэд маш ихээр хордож байгаа юм. Бага насны хүүхэдтэй хүмүүс тэвэрч явах нь зүйтэй.
-Манай улсад “Евро 5” стандартын шатахууныг хэрэглэх боломжтой юу?
-“Евро 5” стандартын шатахуун хэрэглэнэ гэвэл одоо байгаа үнэ нэмэгдэнэ. Тиймээс Сангийн яам татгалздаг юм билээ. Одоо Аи-92 шатахууны үнэ 1850 орчим төгрөг байгаа. Хэрэв “Евро 5” стандартын шатахуун хэрэглэж эхэлбэл 2000 орчим төгрөгийн ханштай болно.
Газрын тосны салбарын холбогдох хүмүүстэй уулзахад “Бид Евро 5 руу шилжсэн тохиолдолд маш их мөнгө хэмнэж чадна” гэсэн. Харин Сангийн яамнаас хэт өндөр үнэтэй болчихно хэмээн болгоомжилдог юм билээ.
-Шатахууны үнэ нэмэгдвэл иргэд их л дургүйцэнэ дээ.
-Хямдхан шатахуун хэрэглэж буй нэрээр иргэдийн эрүүл мэнд асар их хохирч байна. Зарим нь үүнээс болж амиа ч алдаж буй. Үүнийг дагаад яг адил, бүр илүү ч зардлаар эмчилгээ хийлгэх шаардлага тулгараад байгаа юм.
Бидний тооцоолсноор сайн чанарын шатахуун оруулж ирж буй компанийн татварыг багасгаж, мууг оруулж ирж байгаагийнх нь татварыг өсгөөд эхэлбэл “Евро 5” руу шилжих боломжтой. Гэтэл үүнийг Сангийн яам бас л зөвшөөрдөггүй юм байна.
Мөн сайн чанарын шатахуун хэрэглээд эхэлбэл автомашинд зарцуулах хэмжээ нь багасна. Жишээлбэл, таны машин 100 км-т 20 литр шатахуун хэрэглэдэг бол “Евро 5” шатахуунаас 12 литрийг л хэрэглэнэ.
20 литр шатахууны өнөөгийн ханш 37 000 төгрөг, гэтэл 12 литр шатахууныг 2000 төгрөгөөр худалдаж авахад 24 000 төгрөг л төлнө гэсэн үг шүү дээ. Бодит хэмнэлт нь 13 000 төгрөг. Үүний цаана та эрүүл мэнддээ зарцуулах мөнгөө ч хэмнэнэ.