Хөвсгөлчүүд уул уурхайд зориулж Сэлэнгэ мөрөн өгсөөд Олон голын бэлчир дайруулж БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани төмөр зам тавих гэж буйг эсэргүүцэж, хэвлэлийнхэнд хандлаа. Тодруулбал, “Аспайр Майнинг” компанийн охин компани “Нортерн Рейлвэйс” ХХК, Хөвсгөл аймгийн Овоотын уурхайгаас хойд хил хүртэл БНХАУ-ын улсын санхүүжилтээр хууль бусаар төмөр зам тавих гэж байгаа хэмээн нутгийн иргэд болоод “Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ-аас мэдэгдлээ.
2012 онд албан ёсоор шийдвэр нь гарсан уг төсөл Цэцэрлэг сумын Овоотын уурхайг чиглэж байгаа ч Сэлэнгэ мөрний сав газрын нүүрс, зэсийн орд газруудыг Хөвсгөлийн фосфоритын орд нүүрсний судал, бусад ашигт малтмалыг ухаж зөөх зорилготой гэнэ. “Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар хэлэхдээ "Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон. Төмөр замын төсөл хэрэгжүүлэгч “Нортерн Рейлвэйс” ХХК-ийн толгой компани “Аспайр Майнинг” компани овоотын уурхайн лиценз авахдаа ч хууль зөрчсөн бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон, стратегийн ач холбогдол бүхий Могойн голын орд газраас УИХ-аар оруулалгүй, сонгон шалгаруулалтгүй, аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон засаг даргын зөвшөөрөлгүй авсан" хэмээлээ.
Мөн тусгай зөвшөөрөлгүй, байгаль орчны үнэлгээгүй, шаардлага хангахгүй компанид сонгон шалгаруулалтгүй хууль зөрчин ийнхүү зөвшөөрөл олгосон нь Сү.Батболд, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнбат, У.Хүрэлсүхийн Засгийн газрууд бүгд хууль зөрчиж оролцсон хэмээн үзэж байгаа юм байна. БНХАУ-тай хамтарсан концесс эзэмшигчдэд төлбөрийн нөхцлийг тогтоох, өөрчлөх, хураах, санхүүжилт босгох, ирээдүйн ашиг орлогыг барьцаалах, хувьцаагаа барьцаалах зэрэг бүх эрх тэдэнд очиж Үндэсний аюулгүй байдал, байгаль экологид маш ноцтой аюул учрахаар нөхцөл үүссэн гэлээ. Иймээс энэхүү төмөр зам тавих концесийн гэрээг цуцлахыг тэд шаардаж байгаа аж. Мөн УИХ дахь Өргөдлийн байнгын хороо, Үндэсний аюулгүй байдалд хандаж байгаагаа ч илэрхийлэв.