Ирэх онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг Монголбанкнаас танилцууллаа. Уг бодлого нь эдийн засаг болон санхүүгийн системийг тогтворжуулах, санхүүгийн зах зээлийн хөгжлийг нэмэгдүүлэх зорилготой. 2019 онд инфляцыг зорилтот түвшинд хадгалах, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах бодлого баримтлах аж. Тэд мөнгөний бодлогын зах зээлийн системд суурилсан хэрэгслийг ашиглан, 2019 онд инфляцыг найм, дунд хугацаанд буюу дараагийн 1-2 жилд зургаан хувьд “барих” төсөөлөлтэй гэв.
Хэдийгээр манай улсын эдийн засаг зургаан хувиар өсөж, дэлхийн зах зээлд алт, зэс, нүүрс зэрэг эрдэс бүтээгдэхүүний ханш өндөр байгаа ч инфляцыг найман хувиас багаар төсөөлөн, зах зээлд хүлээлт үүсгэх нь эрсдэлтэй аж. Учир нь, хэрэглээний үнийн индекст зах зээлийн зарчмаас гадна тухайн орны байгаль, цаг уурын нөхцөл, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвар, иргэдийнх нь зан төлөв зэрэг олон зүйл нөлөөлдгийг онцлов.
Түүнчлэн төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхээр тусгажээ. Валютын нөөцийн хүрэлцээтэй байдал гэдгийг улсын хэмжээнд тодорхой хугацаанд импортын бараа, үйлчилгээ худалдан авахуйц валют бий, эсэхээр хэмждэг. Одоогоор манай улс “хэтэвчиндээ” 5.2 сарын “хэрэглээний мөнгөтэй” гэв.
Нэг жилд төлдөг гадаад зээлийн төлбөрийн 90 орчим хувийг барагдуулахуйц валюттай байх ёстойг ч Төвбанкныхан мэдээлэв. Эдгээрийг хангаж, нөөцөө нэмэх олон ажил хийж буйн нэг нь тус банк алт худалдан авалтаа өсгөсөн явдал гэлээ. Тэд өнгөрсөн онд 20 тонныг хуримтлуулж, түүхэн дээд амжилт үзүүлсэн бол энэ онд 22 тонноос дээш алт авахаар ажиллаж байна. Гэсэн ч шар металлд хүү бодогддоггүй, ханшийн хэлбэлзэлд өртөх магадлалтай тул нөөцийн хэмжээнд зохист харьцаа баримтлах хэрэгтэй аж.
Мөн мөнгөний бодлоготой хослуулан санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, системийг эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн, зохистой бодлого хэрэгжүүлэх гэнэ. Ингэснээр макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдал алдагдах эрсдэлийг бууруулах, санхүүгийн системийн эмзэг байдлыг багасгах ач холбогдолтой гэлээ. Төвбанкны зүгээс ч ирэх онд эдийн засгийн макро орчны таатай байдал, зах зээлийн суурь нөхцөлд нийцсэн уян хатан бодлого, хөрөнгийн урсгалаас шалтгаалсан эдийн засгийн огцом савлалтаас сэргийлэх талаар нэлээд ажил төлөвлөжээ.
Түүнчлэн банк санхүүгийн салбарын тогтвортой байдал, эрсдэл даах чадварыг хадгалах зорилгоор банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг сайжруулах, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн биелэлтийг ханган ажиллахаа мэдээллээ. Энэ хүрээнд өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөөгүй банкуудад хуулийн дагуу, шат дараатай арга хэмжээ авах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран эрчимжүүлэх нь. Чанаргүй зээлийн хэмжээг бууруулах стратеги ч боловсруулсан гэлээ.
Ирэх онд Төвбанкны бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах, эсэх талаарх иргэний асуултад Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн дарга Б.Баярдаваа “Одоогоор хариулт өгөх боломжгүй. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалах ба гадаад зээлийн эх үүсвэрийн хүүг хэрхэн бууруулснаар хэмжиж болно. Гадаад эх үүсвэрийн хүүг бууруулах, хөрөнгө оруулалт татахад манай улсын зээлжих зэрэглэл, гадаад өр, өрийн эргэн төлөлт, хөрөнгийн хуримтлал, эдийн засгийн тогтвортой байдал зэрэг нь нөлөөлдөг” гэлээ.
Тэрбээр мөн инфляцын төлөвийн талаар “Манай улсын эдийн засаг савлагаа ихтэй, дэлхийн зах зээл дэх эрдэс бүтээгдэхүүний үнэ, экспортоос хамааралтай. Мөн эдийн засгийн зургаан хувийн өсөлтөд үйлдвэрлэл, бүтээмжээс илүүтэй иргэдийн хэрэглээ нэмэгдсэн нь нөлөөлсөн. Учир нь, 2017 оны эхнээс хэрэглээний зээлийн хэмжээ өсөж, энэ оны эхний хагаст дотоодын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувьд хүрчээ. Нэг үгээр хэлбэл, хүмүүс өр тавьж бараа бүтээгдэхүүн аваад буй хэрэг. Үүнийг хязгаарлаж, бизнесийн зээлд ногдох хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор иргэдийн өр, орлогын харьцааг тогтоон, ирэх оноос мөрдүүлэхээр болсон. 2019 онд инфляцыг багаар төсөөлж, буурах мэтээр ярих нь бодит бус. Харин тогтвортой түвшинд барьж, дунд, урт хугацаанд буулгахыг эрмэлзэх хэрэгтэй” гэсэн юм.
Төвбанк иргэдийн ашигладаг төлбөр тооцооны картуудыг ирэх жилээс чиптэй болгох буюу EMV картад шилжүүлэхээр болсон байна. Үүнд хэдий хэр хөрөнгө зарцуулах болон заавал EMV карт ашиглах ёстой, эсэхэд албаныхан “Иргэдийн картуудыг EMV хэлбэрт шилжүүлэхээр болсон. Энэ нь цахим төлбөр тооцооны аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс сэргийлэх зорилготой. Ирэх оны хоёрдугаар улирлаас чиптэй картуудыг хэвлүүлнэ. Хэдий хэр хөрөнгө зарах, иргэд ямар үнээр худалдан авч болохыг одоогоор мэдээлэх боломжгүй. Картных нь хугацаа дууссан, солих шаардлага үүссэн хүмүүсээс эхлэн шинэ карт олгоно” гэлээ.
Монголбанк дангаараа мөнгөний бодлогыг боловсруулж эдийн засагт нөлөөлж, гол тоглогч болдоггүйг иргэд анхаарах хэрэгтэйг энэ үеэр мэргэжилтнүүд хэлж байв. Үүнд Засгийн газрын оролцоо, улсын нэгдсэн төсвийн байдал, гадаад зах зээлийн төлөв, эрэлт, нийлүүлэлтийн түвшин зэрэг нь нөлөөтэй. Дашрамд дурдахад, мөнгөний бодлогын чиглэл, холбогдох санал, хэлэлцүүлгээс гаргасан шийдвэрийн үр дүн 1-2 жилийн дараа харагдах гэнэ.
С.Цэрэндулам