Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, бүжгийн дасгалжуулагч багш, Гавьяат жүжигчин Ш.Одонтуяатай ярилцлаа. Энэ сарын 30-нд уран бүтээлийн бие даасан анхны тоглолтоо хийх гэж буй түүнээс асуух зүйл олон байлаа.
Их театрын алтан тайзнаа 30 жил бүжиглэсэн, төрийн цол хэргэм ч хүртсэн хэрнээ анх удаа бие даасан тоглолтоо хийх гэж байна. Ахмад бүжигчид “Шагдарын шар” гэж өхөөрдөж ирсэн түүнтэй ийнхүү ярилцлсан юм.
-“Чуулгын Одноо” гэхээр урлагийнхан анддаггүй, бүжигчдийн дунд алдартай та уран бүтээлийн бие даасан тоглолт анх удаа хийх гэж байна гэхээр гайхсан.
-Манай чуулгад нэг зарчим гэх үү, тогтсон дэг байлаа. Алдар гавьяатнуудаа гурав, гурваар нь баг болгож хуваарийн дагуу уран бүтээлийн тоглолтыг нь зохион байгуулж өгдөг байсан юм. Гавьяат, эсвэл Ардын цолтой нэг дуучин, нэг хөгжимчин, нэг бүжигчний тоглолтыг хамтад нь хийдэг байлаа. Ийм маягаар бол тоглосон. Харин “Одноогийн” гэсэн тодотголтой бие даасан тоглолт анх удаа болох гэж байна.
Би ч бас гайгүй. Бидний багш Сэвжидийн Сүхбаатар бие даасан тоглолт гэж хийж үзээгүй хүн шүү дээ. Багшаасаа түрүүлэхийг хүсдэггүй байлаа. Үүн шиг одоо залуучууд миний өмнүүр орж тоглолтоо хийхгүй гээд байх болж. Сүүлийн жилүүдэд “Бид танаас түрүүлж тайлан тавих нь эвгүй юм. Та тоглолт хий л дээ” гэх болсон.
Тэгэхээр би үндсэндээ залуучууддаа “шавар“ болоод байгаа учраас “Удмын хэлхээ” тоглолт зарлаад бэлтгэж байна (хөхрөв).
-“Удмын хэлхээ” гэж яагаад нэрлэв?
-Миний аав Цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчин, Гавьяат жүжигчин З.Шагдар. Ид бүжиглэж байхад нь нөхөд нь “УАЗ-469”-ийн хамар давтал үсэрдэг гэж магтан, алдаршуулж байлаа. Үнэндээ ч үсрэлт сайтай байсан. Аав маань өөд болоод хэдхэн жил болж байна. Миний бага охин одоо Консерваторийн дэргэдэх сургуулийн бүжгийн ангид суралцдаг.
Хуучнаар Хөгжим бүжгийн дунд сургууль гэсэн үг. Тоглолтынхоо төгсгөл хэсэгт охинтойгоо бүжиглэнэ. Аавынхаа эхлүүлсэн замаар охин нь, зээ нь ч амжилттай замнаж байна гэсэн утгаар тоглолтоо нэрлэсэн.
-Таныг “Нарны домог”-ийн Одноо гэдэг. Гэтэл та ерөөсөө нар болж бүжиглэж байгаагүй гэх юм.
-“Нарны домог” бол манай чуулгын алдартай бүтээл, анхны бүжгэн жүжиг. Энэ хавар 30 жилийнх нь ойг тэмдэглэсэн. Би Хөгжим бүжгийн дунд сургууль төгсөх жилээ энэ жүжгийн нээлтийн тоглолт үзээд УАДБЧ-д ажиллахаар шийдсэн юм. Уг нь Цэргийн ансамбль намайг авах гэж байлаа. Аавд “Охин чинь сайн бүжиглэж байгаа юм билээ. Төгсөхөөр нь заавал нааш нь авчирна шүү” гэдэг байсан. Би ч гэсэн тийшээ очих юм байна гэсэн ойлголттой болсон юм даг.
1988 онд бид ангиасаа зургуул энд ажиллахаар ирсэн. “Нарны домог” бол гурван гал, цэцгийн дөрвөн дэлбээ, цэцгийн гол гээд олон үзэгдэлтэй. Би таван баатраас бусад эмэгтэй бүжигчин шаардсан бүхий л дүрийг бүтээжээ. Нар л болоогүй. Наранд өндөр, гар гоётой бүжигчин тоглодог. Би гоё харагдахгүй. Яагаад гэвэл нуруу намдаж, гар богинодно. Ардын баярын хэсгийн булдрууны хэсэгт үзэгчид дуртай. Намайг булдруу болоход “Ямар хөөрхөн юм бэ, дүр, бүжигчин хоёр яасан сайхан зохицоо вэ” гэдэг.
Жүжгийн 30 жилийн ойн тоглолтоор үзэгчид намайг булдруу болох байх гэж бодсон гэнэ. “Алунгоо гоё дүр, гэхдээ чи булдруу болсон бол илүү гоё байх байлаа” гээд байсан. Тэгэхээр би энэ дүрээр үзэгчдийн сэтгэлд хүрсэн юм болов уу даа. Ер нь бүжгийн урлагийнхан бол зохиолын дуучид, хошин урлагийнхантай харьцуулахад шүтэн бишрэгч олонтой байдаггүй. Нэг тогоонд чанагддаг хамтран зүтгэгчид, салбарынхан бие биеэ сайн мэднэ. Гэхдээ хүмүүс намайг танихгүй байх гэж бодохоор бас ч гэж мэдээд байх юм билээ.
-Тэгэлгүй яах вэ. Таныг олон жил чуулгынхаа нүүр царай болж ирсэн гэж ойлгодог. Та театрын тайзан дээр олон ч дүр бүтээсэн. Гол ажлуудаасаа танилцуулаач.
-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүтээсэн дүрүүдийн заримыг мартжээ. Монголын анхны бүжгийн жүжиг “Нарны домог”-ийн тухай ярьчихлаа. “Монгол бөхийн дуулал” бүжгийн жүжгийн жижиг бөх, “Бөртэ чоно”-ын Гоо марал, Монголын анхны модерн бүжгийн жүжиг “Мэргэнд буусан чоно”-ын Янжин хатан, Монголын бахархал “Их хүлгэн туульс” гурвалсан бүжгийн жүжгийн гол дүр Уургач бүсгүй, 2010 онд бүтээсэн “Нүүдэл” бүжгийн жүжгийн гоцлол дүр зэргийг нэрлэж болно.
Хүмүүсийн дуртай “Жороон жороо”, “Салхич шувуу”, “Бие чинь болъё”, “Алтайн чимэг”, “Самар хатан” гээд сайхан бүжгүүд бий.
-Энэ бүхнээсээ тоглолтдоо дээжилж оруулах уу?
-Тоглолтын хөтөлбөрөө нэлээд бодож гаргасан. Ид гялалзаж байх үеийн буюу 42, 47 кг жинтэй байхдаа бүжиглэж байснаа одоо барахгүй. Уран бүтээлийн дунд үеийн бүжгүүдээсээ дээжилж байгаа ч, ихэвчлэн шинээр дэглэсэн бүтээлүүд үзүүлэх юм. Хүн бүрийн үзэхийг хүсэж байгаа бүтээлүүдийг багтаах боломжгүй. “Жороон жороо”, “Салхич шувуу”, “Бие чинь болъё”, “Алтайн чимэг”, “Самар хатан” зэрэг бол зайлшгүй байна. Ардын бүжгээр мэргэшсэн ч гэлээ орчин үеийн бүжигт хүч сорьж явсан болохоор зарим нэг модерн бүжиг багтаасан. Өөрийн дэглэсэн бүжгүүдээс ч харуулах юм.
“Удмын хэлхээ” тоглолт гурван хэсэгтэй. Тус бүрийг нь манай алдартай бүжиг дэглээчид найруулж өгнө. Хүн ер нь аав, ээжийгээ байхад өөрөө хэн болох талаараа боддоггүй юм байна. Удам угсаа минь юу билээ гээд бодохоор асуух хүн ч үгүй сууж байдаг. Аав минь буриад ястан, тэгэхээр би буриад. Нөхөр маань баяд. Тийм болохоор бидний охид баяд.
Ураг төрлийн ийм нарийн хэлхээ холбооны тухай аавыгаа байхгүй болоход бодож байгаа юм даа. Оройтсон байж болох ч, би хүүхдүүддээ ядаж өөрийгөө таниулахыг хүсэж, энэ тухайгаа тоглолтоороо харуулахыг зорилоо. Миний хэн болохыг мэдэх, амьдралыг минь сонирхож байгаа үзэгчдэдээ ихэвчлэн шинэ бүтээлээ барина. Хүмүүс намайг хүндэтгэж ирэх гэж байхад би тэдэндээ дээд зэргээр үйлчлэх ёстой.
-Тоглолтын хэсгүүд хоорондоо ялгаатай юу?
-Тоглолтын эхний хэсэгт аавынхаа тухай өгүүлнэ. Аавынхаа төрж өссөн буриад ястнуудын өлгий нутгаар аялж буй мэтээр тоглолтоо эхлүүлнэ. Энэ хэсгийг манай ҮУИТ-ын ерөнхий найруулагч, Гавьяат жүжигчин А.Даваахүү, манай чуулгын бүжиг дэглээч Хашхүү нар найруулж байгаа. Би өөрөө гоцолж, чуулгынхаа эрэгтэй 16 бүжигчинтэй хамтарна. Чуулгын маань дуучид ч хүч нэмнэ. Хоёр дахь хэсэгт ээжийнхээ тухай танилцуулна.
Миний ээжийг Д.Ээлэхмаа гэдэг, Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул. Ээждээ зориулж Дарьганга нутгийн сайхныг магтан дуулан бүжиглэнэ. Манай театрын ерөнхий бүжиг дэглээч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар энэ хэсэгт зориулж шинээр бүжгүүд дэглэж байна. Баяраа маань өөрөө найруулна. Энд би дан эмэгтэй бүжигчидтэйгээ хамтарна.
Тоглолтынхоо гуравдугаар хэсгийг ханьдаа зориулж байгаа юм. Миний нөхөр улсын заан О.Одгэрэл Увс аймгийн Хяргас сумын уугуул. Эх орны баруун хязгаар тэр сайхан уул, ус, зон олныг хайрлан, бахдан бүжиглэнэ. “Хөсөгтөн” хамтлагийн хөгжимд өөрийнхөө хамгийн хайртай бүтээл “Алтайн чимэг”-ээ бүжиглэж эхлүүлэх юм.
-Маш сайхан тоглолт болох нь ээ. Таныг ярихад нүдэнд харагдаад байна. Бүжиг дэглээчид ч сонирхолтойгоор ажиллаж байгаа болов уу.
-Тийм гэж бодож байна. Бүжиг дэглээч юу хүсээд байгааг сайн ойлгож, дэглэсэн бүжгийг нь амилуулахсан гэж хичээж ажиллах сайхан.
-Ардын бүжигчин та монгол үндэстнийхээ бүжгийн урлагийн гайхамшгийг дэлхийн олон оронд тоглож таниулсан байх. Мэргэжлийн уралдаануудад оролцох боломж хэр байв?
-Тоглолтоор олон оронд очсон. 1988, 1990 онд БНХАУ-ын Шанхай хотод болсон “Азийн урлагийн наадам”, 1999 оны Бээжингийн “Азийн ардын урлагийн наадам”-д оролцож байлаа. 2000 онд БНАСАУ-ын Пёньян хотод болсон “Хаврын баяр” урлагийн наадамд гоцлол болон олны танил бүжгийн төрлөөр оролцож мөнгөн цом хүртсэн.
2001 онд мөн “Хаврын баяр”-т гоцлол бүжгийн төрлөөр оролцож гран при шагнал авсан. 2005 онд “Алтан хараацай” олон улсын гоцлол бүжигчдийн анхдугаар уралдааны гран при шагналтан болсон. “Зууны манлай бүжиг дэглээч” Ц.Сэвжидийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн II уралдаанд гоцлол бүжгээр хоёрол болон цөөхүүл бүжгээр бас (тэргүүн) байр эзэлсэн. 2007 онд Тува улсад болсон “Азийн зүрх” бүжгийн уралдаанд урилгаар оролцсон.
-Та айлын ганц охин юм билээ. Аав, ээж хоёр тань охиноо урлагийн хүн биш, эмч болгоно гэдэг байсан гэсэн. Та хэр их зөрж байж бүжигчин болсон бэ?
-“Хөгжим бүжиг” гэдэг бол тухайн үеийн хүүхэд залуусын мөрөөдлийн сургууль байсан болохоор “Би заавал энэ гоё сургуульд орох ёстой” гээд нууцаар шалгалт өгч тэнцээд орсон. Ээж эхэндээ дургүй байснаа, сүүлийн шатны шалгаруулалтуудад хамт явсан. Бүх шалгалтыг давж ирээд аавдаа хэлэхэд юу ч гээгүй. За ч гээгүй, боль ч гэж хэлээгүй.
Тэгж би бүжгийн ангийн сурагч болж байлаа. Тухайн үед би тууштай, зоригтой байж чадсандаа баярлаж байна. Ааваасаа айгаад, ээжийнхээ хэлснийг дагасан бол бүжигчин болж чадахгүй байх байсан. Тайзан дээр дүүлж явахын жаргалыг мэдэхгүй байх байлаа.
-Тайзан дээр нисэх мэт дүүлж явахын жаргалыг юутай зүйрлэж болох вэ?
-Юутай ч зүйрлэх аргагүй. Энэ бол ер бусын амьдрал.
-Таны бага охин өөрөө дурлаж бүжигчин болохоор суралцаж байна уу. Эсвэл та зүтгүүлчихсэн үү?
-Өөрөө зорьж энэ сургуульд орсон. Охин маань “Түмэн эх” чуулгын шанзчин Чулуунцэцэг багшаар заалгаж шанз тоглодог болж байгаа. Хөгжмийн сайн боловсролтой бүжигчин болох байх гэж найдаж сууна.