УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг томиллоо. М.Оюунчимэг нарын гишүүний санаачилсан уг төслийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт төгрөгөөр гүйлгээ хийх зохицуулалт бүхий хуулийн хэрэгжилтийг сайжруулах гэнэ. Түүнчлэн банкнаас гадуурх валютын захын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байгааг төсөл санаачлагч дурдсан. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт тавьж, зарим зүйлийг тодруулсан юм. Тухайлбал,
Б.Дэлгэрсайхан: -Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын санхүүгийн гүйлгээг дотоодын банкаар хийх, шаардлагатай бол Төвбанкнаас оролцох байдлаар зохицуулах нь зүйтэй. Их хэмжээний хадгаламжтай цөөн хүн бий. Бүх хадгаламжийн 90- 95 хувийг хэдхэн хүн эзэмшиж байна гэдэг. Ийм хадгаламжид өндөр татвар ногдуулах хэрэгтэй. Ингэвэл хэн ч мөнгө хадгалахыг хүсэхгүй, эргэлтэд оруулах сонирхолтой болно.
Нэгдүгээрт, их хэмжээний хадгаламжтай хүмүүс зүгээр сууж байгаад мөнгө хүүлж байна. Хоёрдугаарт, энэ мөнгө эргэлтэд орохгүй, валютын савлагаагаар дахин мөнгөө өсгөж байна. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай том компаниудын дансыг нээлгэж чадахгүй байж дотоодын хэдэн компаниа бүртгэж, хянаад эхэлбэл хувь хүний болоод компаниудын нууцад хэт хутгалдаж таарна. Ингэвэл валют орж ирэх биш, бүр гадагшлах болох вий. Сурч, эмчлүүлэхээр явж байгаа хүний 10-20 мянган ам.долларыг хянах талаар уг хуульд тусгах нь арай л жижиг асуудлаар оролдож буй хэрэг. Харин экспортыг хянах нь зөв.
Гэхдээ оффшор гэж хэтэрхий улстөржсөнөөс болоод хөрөнгө оруулалт хумигдсан. Гудамжинд байгаа юм шиг аашлаад байвал хөрөнгө оруулах хүмүүс улам л айдастай болно. УИХ-ын гишүүд нь хүртэл “оффшор” гэж хашхичаад байхаар хөрөнгө оруулагчид улам л цаашилна. Ер нь эргэж харах асуудал олон байна. Өнгөрсөн хугацааны хөрөнгө оруулалтын дийлэнх нь оффшор бүсээс орж ирсэн юм шүү. Оффшор бүсэд УИХ-ын гишүүн хөрөнгө эзэмшихийг хязгаарлах нь зөв. Харин бизнес эрхэлж байгаа хүмүүс, аж ахуйн нэгжийг иймэрхүү маягаар айлгаж, сүрдүүлээд байвал валютын урсгал багасна. Иймээс Монголбанкнаас аль нь оффшорт байх, үгүй талаар Засгийн газарт санал болгохгүй бол улстөржсөн гишүүдийн үгээр бүх зүйлийг хааж байгаа шүү.
Б.Лхагвасүрэн (Монголбанкны дэд ерөнхийлөгч): -Таны гаргасан санал ажлын хэсгийн анхны төсөлд байсан. Гэвч Засгийн газраас санал авахад хасагдсан.
М.Оюунчимэг: -Эдийн засаг, зах зээл, гадаад, дотоод нөхцөл байдлаа харж байгаа. Ерөнхийлөгч Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж байсан. Агуулгыг нь энэ төслийн хүрээнд нэмж зохицуулж болно. Гэхдээ Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын санхүүгийн гүйлгээг Төвбанк бус, арилжааны банкаар дамжуулахаар заасан байсан. Арилжааны банк бусдын нууцлалыг алдахгүй байх үүрэгтэй.
Д.Эрдэнэбат: -Банкны гадуурх гүйлгээ гэх мэтээс болоод валютын ханш савлаад байна гэж төсөл санаачлагчийн тайлбарлаж буйтай санал нийлэхгүй байна. Валютын ханшийн зохицуулалтыг хийх нь зөв. Гэхдээ дутуу байгаа зүйлүүдээ л засаж, зохицуулсан нь дээр. Түүнээс биш, иргэдийнхээ халаасандаа авч гарч байгаа хэдэн ам.долларыг нь шалгаж, баахан хүнд суртал үүсгэвэл буруудна. Аж ахуйн нэгжүүдийн гүйлгээнд хатуу хяналт тавих нь ч мөн сайн үр дүн дагуулахгүй. Сангийн яам арилжааны банканд үнэт цаас өгөхөө болиод, өндөр хүүтэйгээс нь татгалзаад, бүгдийг нь авч, буцаагаад Монголбанкны бондыг авч байгаа гэсэн.
Үүний хүрээнд дөрвөн их наяд төгрөг гарсан байна. Өөрөөр хэлбэл, Монголбанк дөрвөн их наяд төгрөг хэвлэсэн гэсэн үг. Үүгээр хэрэглээг хөхиүлэн дэмжиж, импортыг өдөөж байгаа. Энэ дөрвөн их наяд төгрөг цаашид найман их наяд болох юм уу. Засгийн газар импортын худалдан авалтад хяналт тавьж, зохицуулах үүрэгтэй. Валютын ханшийн савлагаанд дэлхий буруутай гэж яривал хэн ч итгэхгүй шүү. Зүгээр л өөрсдийгөө хамгаалах арга. Гол нь импорт 40 хувиар өсчихсөн байна. Тэгвэл импортыг өсгөх хүчин зүйл нь Засгийн газар өөрөө болоод байна. Хяналт тавьж чадсангүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, Монголбанк хоёр мөнгөний бодлогын ямар ч уялдаа холбоогүй ажиллаж байгаагаас валютын ханш савлаж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой.
Б.Баттөмөр: -Би хуулийн төслийг өргөн барьсан дөрвөн гишүүний нэг. Энэ хуулийг тал талаас нь сайн хэлэлцэж, хийдэлгүй батлах шаардлагатай. 2012-2016 онд ам.доллартой харьцах төгрөгийн ханш 780-аар суларсан гэсэн мэдээ байна. 2016-2018 оны аравдугаар сар хүртэл 400-500 төгрөгөөр сулраад байх шиг байна. Төгрөг байнга ингэж суларч байгаа нь монгол хүн, Монгол Улс үнэ цэнгүй болж байгаа гэсэн үг. Албан бус долларжилтын талаар судалгаа байна уу.
Б.Лхагвасүрэн: -Сүүлийн нэг сарын хугацаанд 100 төгрөгөөр буурсан. Он гарсаар төгрөгийн ханш 5.6 хувиар суларсан. Угаасаа гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, урсгалыг харвал эдийн засаг 2018 онд нэлээд идэвхжиж буй. Энэ хэрээр импортоор тоног төхөөрөмж, үйлдвэрийн түүхий эд, эргэлтийн хөрөнгө нэлээд орж ирж байгаа. Улмаар импорт оны эхний найман сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 40 хувиар өссөн үзүүлэлт.
Б.Ундармаа: -Хуулийн төслийг дэмжиж байна. Үүнтэй хамт Эрдэнэсийн сангийн тухай хуулийн төслийг оруулж ирэх нь тустай. Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд валютын биржийн үйлчилгээ эрхэлнэ гэж байгаа. Хэдэн валютын бирж байгуулагдах вэ?
Б.Лхагвасүрэн: -Манайх гадаад валютаар хийж байгаа гэрээнүүдийг цахимаар бүртгэхээр тусгасан. Энэ нь гадаад валютын статистик секторыг хийхэд хэрэгтэй. Гэхдээ валютын хэмжээг заагаагүй. Валютаар хийж байгаа ямар гэрээ, хэдэн жилээр хийж байгааг тооцоолж, тухайн валют хэзээ эргэж гарахаар байгааг төсөөлөхийн тулд ингэж бүртгэнэ.
Ж.Бат-Эрдэнэ: -Энэ хууль бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх ёстой. Төрийн зохицуулалт хэр орсон бэ?
Б.Лхагвасүрэн: -Монголбанкны болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх үүргийг тус тусад нь зааж өгсөн. Тиймээс нэлээд дэлгэрэнгүй зохицуулалттай болно. Валютын орох, гарах урсгалыг зохицуулсан тодорхой заалт байхгүй. Экспортын орлогыг яаж Монголдоо оруулах вэ гэдгийг илүүтэй анхаарч байгаа. Ханш бол нэг төрлийн бүтээгдэхүүн. Бирж нэгэнт тогтсон ханшаа өөрөө зарлаад явчихна. Иргэд Монголбанк ханш зарладаг гэж ойлгодог. Монголбанк ханш зарлаж байгаа боловч бирж болон түүнээс гадуур тогтсон ханшийг харгалздаг болж байгаа. Төгрөгөөр гүйлгээ хийх талаар уг төсөлд тусгайлсан бүлэг бий. Валют солих цэгийн үйлчилгээг Санхүүгийн зохицуулах хороо хянадаг гэв.
Эл хуралдааны үеэр гишүүн Д.Тэрбишдагва Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагчийн хувиар мэдээлэл өгсөн бөгөөд санал, дүгнэлт үндсэндээ бэлэн болж буйг дуулгасан юм.