Дэлхийн уул уурхайн салбарт хоёрдугаарт эрэмбэлэгддэг, гигант тодотголтой “Rio tinto” групп Баруун Австрали дахь Пилбарагийн уурхайгаас 280 гаруй км төмөр замаар 28 мянган тонн төмрийн хүдрийг машинчгүй галт тэргээр далайн боомтод тээвэрлэн хүргэсэн тухай мэдээлэл өнгөрсөн долдугаар сард цацагдаж, дуулиан болсныг уншигч Та санаж байна уу.
1500 км-ийн зайд орших Перт хотоос тээвэрлэлтийг удирдсан юм. Инновац, технологидоо ихээхэн анхаардаг тус группийн туршлагаас судлах завшаан саяхан тохиолоо. “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Оюутолгой” компани “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд ийм боломж олгосон юм.
Эдийн засгийн эрх чөлөө үзүүлэлтээр энэ онд дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын тавдугаарт бичигдсэн, хөгжил дэвшил нь ахисаар буй Австралийн уул уурхайн салбар, тэр дундаа Оюутолгойн ордын эрдэнэсийг гүнээс нь олборлохоор төлөвлөж буй “Rio tinto”-гийн туршлагаас “сонжъё”.
Австралийн хоёр дахь том муж, байгалийн арвин нөөцтэй, 30 гаруй төрлийн ашигт малтмал олборлож буй Күинслэндийн Брисбэн хот дахь оффистоо биднийг “Rio tinto”-гийн Өсөлт, инновацын группийн харилцаа холбоо хариуцсан ерөнхий менежер Моник Бенстед угтсан юм.
Тэрбээр орчин үед хүн төрөлхтөн уул уурхайн түүхий эдгүйгээр оршин тогтнохгүй нь ойлгомжтой болж буйг тэмдэглээд, “Бид хамгийн түрүүнд ажилчдынхаа амь нас, эрүүл мэндэд онцгойлон анхаардаг. Гэвч жилд уурхайд нэг хүн нас бардаг. Манай групп гарч болзошгүй ослыг хянах систем, технологи ашиглаж байгаа” хэмээн тодотгов.
Аль нэг уурхайд осол гарвал түүнээс групп даяараа суралцан, ажилчдадаа мэдээлэл түгээдэг байна. Дэлхий даяар 60 гаруй уурхайд үйл ажиллагаа явуулдаг тэд барагтай бол алдаа гаргахгүйг зорьдог нь эндээс харагдана. Иймээс ч олон улсын томоохон 23 компанийн ослын үзүүлэлтээс эднийх доогуур байгаа нь аргагүй биз ээ. Төмрийн хүдэр, хөнгөн цагаан, зэс, борат (ухаалаг утас, таблет, телевизийн дэлгэц зэргийг хийхэд ашигладаг), титан, уран, очир эрдэнэ олборлох чиглэлээр ажилладаг тус группийнхэн уурхайг “ухаалаг” болгоход анхаардаг бөгөөд байгаль орчинд аль болох бага нөлөө үзүүлж, үр өгөөжийг нь дээшлүүлэхээр хичээдэг гэнэ.
Дашрамд дурдахад, “Оюутолгой” компани аюулгүй ажиллагаагаараа “Rio tinto” группийг тэргүүлж буйг Моник Бенстед онцолно лээ. Мөн 2017 оны эцсийн байдлаар “Оюутолгой”-н ажиллах хүчний 94 хувь нь монголчууд байсныг өгүүлээд, Австралид уугуул иргэдийг хамгийн олноор ажилд авсан хувийн компанийн нэг нь “Rio tinto” гэж байлаа. Тус группэд ажилладаг нэгэн эрхэм “145 жилийн түүхэндээ “Rio tinto”-гийн нэг төсөлд хамгийн их хөрөнгө оруулсан нь “Оюутолгой”. Боломж гарвал группийн хэн нь ч “Оюутолгой”-той холбоотой ажиллахыг хүсдэг” хэмээсэн билээ. Бас нэгэн тоо дурдахад, 2017 онд “Rio tinto”-гийн нийт хөрөнгө 72 тэрбум ам.долларт хүрсний гурван хувь нь Монгол Улсад ногджээ. Тэгвэл Канадад 21, АНУ-д найм, Өмнөд Америкт тав, Европт дөрөв, Африкт зургаа, Австралид 42, Индонезэд хоёр, Азийн бусад улсад хоёр хувь нь ногдож байж.
Өдгөө зургаан тивийн 35 улсад 47 000 ажилтантай үйл ажиллагаа явуулж буй “Rio tinto” группийн хувьд инновац бол хийж буй бүхнийх нь “зүрх” гэнэ. Инновацад их мөнгө “хаядаг” тэд нүүрстөрөгч ялгаруулахгүйгээр хөнгөн цагаан хайлуулах технологи нэвтрүүлэхээр АНУ-ын “Alcoа”-тай хамтран “Elysis” компани байгуулжээ. Энэ нь дэлхийд анхдагч гэдгээрээ онцлог юм.
Ер нь “Rio tinto” автоматжуулалтад анхаарч буй агаад дээр дурдсан Пилбарагийн уурхайд хүнд даацын бүх автомашиныг Пертээс удирдан, бүтээгдэхүүнээ жолоочгүйгээр тээвэрлэж буй. Пилбарад төмрийн хүдрийн 16 уурхайтай, өөрийн гэсэн төмөр замын эзэмшилтэй тус групп нийт ашгийнхаа 50-иас дээш хувийг уг таваараас олдог аж. Технологи хөгжихийн хэрээр ажлын байр хумигдах вий гэсэн айдас олон хүнд төрсөн нь мэдээж. Тэгвэл хүнд даацын автомашины 90 жолооч ажилгүй болсон ч Техник удирдлагын төвд 600 хүний ажлын байр бий болсон тухай Моник Бенстед дуулгалаа. Түүнчлэн дрон нисгэгч, дата шинжээч, кибер хамгаалагчийн (цахим болох тусам сүлжээнд нэвтрэх халдлага нэмэгдэж буй учраас) орон тоо бий болсныг хэлсэн юм.
ТЕХНОЛОГИЙН ЭРИН УУЛ УУРХАЙД ТУСГАЛАА ОЛСООР
“Rio tinto” групп 21 уурхайд RTV систем нэвтрүүлсэн нь шийдвэрийг цаг алдалгүй гаргах боломж олгож буй юм байна. Уг системийн тусламжтайгаар өөр улсад байгаа уурхайг ч дэлхийн хаанаас ч гар утсаараа алган дээр тавьсан юм шиг харах боломж бүрджээ. Энэ талаар автоматжуулалтын багийн ерөнхий зөвлөх Крэйг Хампрэй “Анх гурван хэмжээст тоглоомоос санаа авч, хэрэглэхэд амар, нарийвчлалтай мэдээлэл авах боломжтой энэ системийг бүтээсэн” гэв.
Үүнийг ашиглаад уурхайн талбайн хаана машин явж байгаа, хэдэн тонн бензинтэй, хэр хэмжээний хүдэр ачсан зэргийг мэдэх боломжтой юм билээ. Бас тухайн машин механизм 12 цагийн турш юу “хийсэн”, эсвэл хаана өрөмдсөн зэргийг тандаж болох нь. Үүнээс гадна уурхайн аль хэсэгт машин удаан явж байна, бү тээмжээ дээшлүүлэхийн тулд шинэ зам гаргах уу гэдгийг ч мэдэх боломж бүрджээ.
Аюулгүй ажиллагаагаа бодоод жолооч нар аль нэг зам, эргэлт дээр удаан явж байгааг мэдээд шийдвэр гаргана гэсэн үг. Хүдрийн биетийн талаарх мэдээллийг авч, тэсэлгээг хэрхэн, хэр хэмжээний бодис ашиглан хийхээ ч шийдэх боломж олгох бөгөөд өмнө нь хаана өрөмдсөн нь харагдах юм билээ. Үүний тулд бүх тээврийн хэрэгсэлд GPS суурилуулсан бөгөөд аль нь засвар, үйлчилгээнд орж байгаа нь ч харагдах юм. “Оюутолгой” компанийнхан систем рүү датагаа өгч байдаг тул дээрх мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой гэнэ.
Уг системийг сайжруулахаар “Rio tinto”-гийн 30 хүн баруун, зүүн Австрали, АНУ-д ажилладаг байна. Системийг 10 жилийн өмнөөс хөгжүүлж эхэлсэн бол “Оюутолгой”-д хоёр жилийн өмнөөс ашиглаж буй аж. Үр бүтээмжийг дээшлүүлэхэд нөлөөтэй энэ системийг ашиглан одоогоор ил уурхайнуудыг “тольдож” буй бол цаашид гүний уурхайд нэвтрүүлэхээр ажиллаж буй.
ӨМНӨ БА ДАРАА
Австралид уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн компани үйл ажиллагаа явуулах хүсэлтэй бол уугуул иргэдтэй зайлшгүй хэлцэл хийн, зөвшөөрлийг нь авах ёстой байдаг. Хэдий тухайн газар нутагт үйл ажиллагаа явуулахыг иргэд зөвшөөрсөн ч яг эхлэхээр нь эсэргүүцэх тохиолдол гардаг байна. Бокситын “Amrun” төслийг хэрэгжүүлэхдээ “Rio tinto” уугуул иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, зөвшөөрлөө ч авч. Гэтэл барилга байгууламж барьж эхлэхэд Тони гэгч эр уйлж гарчээ. Газар нутагт нь ямар бүтээн байгуулалт өрнөх тухай төсөөлөлгүй байсан учраас тэр.
Газрын зураг үзүүлж, энэ хэсэгт зам барина гэж амаараа тайлбарлахад зөвшөөрсөн ч бүрэн төсөөлөлгүй байсан түүн шиг хүн цөөнгүй биз. Тэгвэл виртуал бодит байдалд тулгуурлан (virtual reality) хүмүүст хаана газар ухах, ямар байгууламж барих, уурхайг хаасны дараа хэрхэн нөхөн сэргээх зэргийг үзүүлснээр амар ойлголцох болсон талаар “Rio tinto”-гийн харилцаа холбооны мэргэжилтэн Кристи Брайнт өгүүлэв. Before & after гэдэг шиг уурхайн амьдралын явцын бүх шат дарааллыг ийм ийм болно гэж үзүүлснээр үл ойлголцлоос сэргийлж чадсан хэрэг.
АЖИЛТНЫХАА КАРЬЕРТ АНХААРДАГ
“Rio tinto”-гийн “Техникийн төгөлдөршил” төслийг хариуцаж буй Жаклин Лодж “Технологи хөгжих тусам хүмүүсийнхээ ур чадварыг сайжруулах хэрэгтэй гэсэн байр суурийг бид баримталдаг. Технологийг ашиглаж чадахгүй бол утгагүй шүү дээ” хэмээн ярилаа. Ерөөс тэд аливаа төслийн хэрэг
жилтэд анхаардаг шигээ хүний нөөцдөө санаа тавьдаг нь илт. Өөрөөр хэлбэл, техникийн эрсдэлийг аль болох багасган, гүйцэтгэлээ сайжруулахын зэрэгцээ хүмүүсийнхээ ур чадварыг сайжруулан, сургалтад хамруулж, бас өндөр чадвартай хүмүүсийг компанидаа ажилд авдаг байна.
Энэ жилийн тухайд тэд техникийн ур чадвартай удирдлагуудаа зөв мэдээллээр хангахад анхаарах чиглэл баримталж буй гэсэн. Үүний хүрээнд техник сонирхогчдын баг бүрдүүлж, чаддагийгаа бусдадаа зааж сургах санаачилга гаргасан агаад групптээ ашигладаг дотоодын сүлжээтэй, түүгээрээ дамжуулж мэдээллээ солилцдог байна.
Техникт сонирхолтой хүмүүс бусад мэргэжилтэнтэй харьцуулахад карьертаа төдийлөн санаа тавьдаггүй байж мэднэ. Таван жилийн дараа гэдэг ч юм уу ажлаасаа уйдаж, сонирхол нь буурч, магадгүй өөр компани руу орох магадлалтай учраас үүнээс сэргийлэхийн тулд карьерын төлөвлөгөөг нь хийж, тусалдаг гэсэн нь анхаарал татаж байв. Товчхондоо, карьерт нь өмнөөс нь санаа зовдог байх нь шүү дээ.
Дэлхий даяар уул уурхайн компани олшрохын хэрээр ажилчдаа булаацалдах хандлага ажиглагдаж буй. Тэгвэл их, дээд сургууль төгсөж буй оюутнуудыг “Facebook” гэдэг ч юм уу, бусад компаниас илүүтэй “соронздох”-ын тулд “Шинэ төгсөгч” хөтөлбөр хэрэгжүүлж, “цус сэлбэдэг” байна, “Rio tinto”. Ингэхдээ их, дээд сургуулиудтай хамтарч ажилладаг аж. Дашрамд дурдахад, хэрэв ажилчдын хэн нэг нь ямар нэг зүйлийг буруу, эсвэл хүний эрх зөрчигдөж байна гэж үзвэл “Speak out” системээр дамжуулан мэдээлдэг гэнэ.
САЛБАРАА ЗӨВ ТАНИУЛДАГ
Күинслэндийн Нөөц баялгийн зөвлөл (Queensland resources council)-ийн Эдийн засаг, дэд бүтцийн бодлогын газрын захирал Эндрю Баржерийн өгүүлснээр эднийх ашгийн төлөө бус, бие даасан байгууллага аж. Гишүүн компаниудыгаа Засгийн газар, олон нийтэд төлөөлөн, салбараа зөвөөр таниулж, үр өгөөжийг нь ойлгуулан, мэдээллээр ханган ажилладаг байна.
Тодруулбал, уул уурхайн салбарын ажилчдын дундаж цалин, аль мужийн аль хэсэгт амьдардаг, компаниуд ямар ханган нийлүүлэгчтэй хамтран ажилладаг, хэдий хэмжээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авдаг зэрэг мэдээллийг нь олон компаниас цуглуулдаг байна.
Улмаар салбарын хэмжээнд ийм ийм газар төчнөөн тооны хүн ажиллаж байна гэх зэргээр мэдээлдэг аж. Ер нь Австралид ил тод байдлыг хангахыг чухалчилдаг нь алхам тутамд анзаарагдаж байв. Нэг хүн хашааныхаа газраас алт оллоо гэхэд хэдий газар нь тэр хүний эзэмшлийнх ч “шар металл” нь Күинслэндийн өмч учраас мэдэгдэх ёстой байх вэ дээ.
Монголын сэтгүүлчдийн зочилсон “Rio tintо” ч дээрх байгууллагын гишүүн юм. Эндрю Баржер “Күинслэнд мужийн нийт экспортын 70 хувь нь уул уурхайн түүхий эдэд ногддог. Бас боловсролын салбар нь чухал нөлөөтэй” хэмээн тодотгосон. Мөн эрдэс баялгийн экспортын хэмжээгээ бууруулахгүйн тулд боомтын шинэ гарц нээснийг дуулгаж байлаа.
Түүний хэлснээр өдгөө Күинслэнд мужийн нийт эрчим хүчний хэрэглээний дийлэнхийг нүүрснээс, 13 хувийг нь сэргээгдэх эх үүсвэрээс гарган авч буй. Тэгвэл мужийн Засгийн газрын зүгээс сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх хувийг 2030 он гэхэд 50-д хүргэж, үүнээс 20 жилийн дараа хүлэмжийн хийн ялгарлаа 0 хувьд хүргэхээр зорьж буй гээд бод доо.
Хариуцлагатай уул уурхайнхаа ачаар хөгжил нь цойлж буй Австралид манайхтай төстэй “үзэгдэл” байдгийг ч Эндрю Баржер нуусангүй. Тухайлбал, таваарын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор роялтийн орлого нь нэг тэрбум доллароор нэмэгдэхэд юунд зарцуулахаа төлөвлөөгүй байсан аж. Тус улсад Норвегийнх шиг Баялгийн сан байхгүй бөгөөд уул уурхайгаас орж ирж буй орлого нь Күинслэнд мужийн төсөвт “цутгадаг” байна.
Түүнчлэн нэг Засгийн газар нь ураны төслийг урагшлуулна гэж байтал удаах нь гарч ирээд аюулгүй байдлаа харгалзаад хэрэгжүүлээгүй нь дээр гэж үзсэнийг ч хэлж байлаа. Гэхдээ тус улсын компаниуд “бяр”-тай болж, ил тод байдал (“Rio tinto” гэхэд 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй бүх улс оронд төлсөн татвараа мэдээлдэг болжээ), хариуцлагад анхаарч, хатуу ч гэсэн хуулиа чанд дагаж мөрддөг, улс нь зөв бодлого хэрэгжүүлж, тээвэрлэлтийн зардлаа бууруулахаар өрсөлддөг гээд олон давуу талтайнхаа ашиг тусыг хүртэж буй.
Энэ дашрамд сануулахад, манай улс Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл 267 км төмөр замаа барьж чадалгүй ярьсаар бараг 10 дахь жилтэйгээ золгож буй. Саяхан нэг хүн твиттертээ “Тавантолгойн зам дээр нүүрс ачсан машинуудыг “Аррle map”-ээр авсан зураг. Монголчууд ингэж хүй нэгдэлдээ гацаж байхад Австралид нүүрс тээврийн төмөр зам нь жолоочгүй болтлоо хөгжчихөөд байна” гэж шогширсон харагдана лээ. Дээрхээс урт төмөр замаар төмрийн хүдрээ машинчгүй галт тэргээр тээвэрлэсэн талаар өмнө нь дурдсаныг уншигч Та анзаарсан байх. Энэ мэтээр компаниуд алсын хараа, стратегиа тодорхойлж, дэд бүтэц, технологидоо анхаарч байхад манай улсад ахиц алга гэж санагдсаныг нуух юун.
Үргэлжлэл бий.