Зам, барилга барихад зайлшгүй хэрэгцээтэй элс, хайрга, дайрга байгальд зүй зохис, шинж чанар үүсгэн, экологийн үүрэгтэй оршдог. Дээрх түгээмэл тархацтай ашигт малтмалууд (ТТАМ) сүүлийн хэдэн жилд байгалийн ач холбогдлоосоо илүүтэй бүтээн байгуулалтад “оролцож” буй. 2010 оноос ТТАМ-ын хайгуул, олборлолтын нөхцөл хэвийн бус болж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй нь мэдрэгдэж эхэлсэн. Ингэснээр олборлогч компаниуд, холбогдох төрийн албад, төрийн бус байгууллагуудын хооронд ширүүн маргаан үүссэн юм. Энд ч элс, хайрга ачсан том машинууд сүлжиж, тэнд ч олборлогчдыг эсэргүүцэн, олон нийт жагсаж байв. Байдал одоо ямар байгаа бол.
Нийслэлийн хэмжээнд одоогоор 78 аж ахуйн нэгж Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх, Хан-Уул дүүрэгт ТТАМ олборлож байгаа нь 2016 оныхоос хоёр дахин багассан дүн юм байна. Компаниуд хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай авч, хоёр хүртэл жил сунгах нөхцөлтэй үйл ажиллагаагаа эхлүүлдэг. Ашиглалтын зөв
шөөрлийг хайгуулын үр дүнд үндэслэн, холбогдох байгууллагуудын саналаар нийслэл, аймгуудын Засаг дарга олгодог гэнэ. 2017 онд нийслэлийн хэмжээнд ашиглалтын болон хайгуулын зөвшөөрөл ганцыг ч шинээр олгоогүй, харин ч 95 аж ахуйн нэгжийнхийг цуцалсан гэдгийг нийслэлийн Байгаль орчны газрынхан хэлэв. Авсан талбайгаа гурван жил ашиглаагүй, эрх бүхий байгууллагуудын өгсөн үүргийг биелүүлээгүй, усны хамгаалалтын бүсээс олборлолт хийсэн зэрэг шалтгаанаар зөвшөөрлийг нь цуцалжээ.
Иймээс дээрх аж ахуйн нэгжүүд, нийслэлийн Байгаль орчны газрын хооронд нэлээд маргаан үүсэж, хэрэг шүүхэд шилжээд байгаа аж. Өнгөрсөн долоо, наймдугаар сард бараг өдөр бүр шүүх хурал болсныг нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн дурдлаа. Маргааны дийлэнх нь ашигт малтмалын илэрц бүхий газрыг худалдан борлуулсантай холбоотой. (Хайгуул болон ашиглалтын зөвшөөрөл авсан иргэн худалдах эрхтэй юм байна) Өмнөх эзэмшигчийн хоёр жил гаруй ашиглаагүй талбайг худалдан авч, дөнгөж ажлаа эхлүүлмэгц гурав дахь жилтэйгээ золгон, талбайгаа ашиглаагүй шалтгаанаар улсад өгөх болдог юм байна.
Өчнөөн хөрөнгө, хүч зарцуулан ажлаа эхлүүлсэн аж ахуйн нэгж гомдол тоочин НЗДТГ-аар “эргэлдэж” эхлэх нь тэр. Ийм маргаантай нэлээд аж ахуйн нэгж байгаа аж. Юутай ч хоёрдагч эздийн эрх ашгийг хохироохгүйгээр асуудлыг шийдэхээр ажиллаж байна гэлээ. Шаардлага биелүүлсэн аж ахуйн нэгжүүдийн эрхийг эхнээс нь сэргээж буй гэв. Мөн 2016 онд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Улаанбаатарын усны хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоожээ.
Ингэснээр тус бүсэд үйл ажиллагаа явуулж байсан зарим компанийн үйл ажиллагааг зогсоон, зөвшөөрлийг нь цуцалжээ. Компаниуд ч эх үүсвэр бүхий газраас холдон, түүнийг тойруулан хайгуул, ашиглалт явуулах эрхээ эдлэхээр, үйл ажиллагаагаа сэргээлгэхээр шүүхэд хандсан байна. Иймээс нийслэлд яг хэдэн га талбайд ТТАМ олборлож буй талаар нэгдсэн мэдээлэл байхгүй гэхэд болох нь.
Одоогоор 23.8 мянган га бий гэх ч шүүхийн шийдвэрээр компаниудын эзэмшлийн талбайн хэмжээ өөрчлөгдсөөр буй аж. Нийслэлийн Байгаль орчны газрын ахлах мэргэжилтэн Я.Цэвээнханд “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг холбогдох байгууллагатай хамтран хайрга, дайрга, элс олборлогчидтой боломжоороо тэмцэн, үйл ажиллаагааг нь хянадаг. Одоогоор үйл ажиллагаагаа сэргээлгэх, талбайн хэмжээндээ өөрчлөлт оруулах, усны эх
үүсвэр бүхий газрыг тойруулан, олборлолт явуулах хүсэлтээ цөөнгүй компани ирүүлсэн. Энэ сарын 18-нд нэлээд олон аж ахуйн нэгжийг хамруулсан шүүх хурал болно. Эндээс хэдэн компанийн зөвшөөрлийг сэргээх, хэдтэй нь эвлэрэх, хэдэд нь шинэ үүрэг өгч, хяналт тавих нөхцөлөөр үйл ажиллагааг нь эхлүүлэхийг шийднэ. Он гарсаар энэ салбарт ноцтой зөрчил гараагүй” хэмээв.
Гэсэн ч нийслэлд ТТАМ олборлодог компаниудын 60 орчим хувь нь үйл ажиллагаа явуулдаг Хан-Уул дүүрэгт байдал хүнд байгааг хэлэх хүн цөөнгүй байна. Шувуун фабрикаас хоёр орчим км зайтай Бөхөг, Түргэний голын сав газраас ашигт малтмал олборлодог “Бетон арматур”, “Итгэл түшиг”, “Шинэ сүндэр” компани хамгаалалтын бүсэд дураараа авирлаж байна гэлээ. “Итгэл түшиг” компанийнх нь үйл ажиллагааг долдугаар сард зогсоожээ. “Бетон Арматур”-ынханыг нэг сая төгрөгөөр торгоод л өнгөрсөн гэв. Энэ талаар Хан-Уул дүүргийн XIII хорооны иргэн, “Шинэ суурьшил” төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Үүрийнжин “Компаниудын хийж буй нөхөн сэргээлтийн ажил чанаргүй, нүд хуурсан байдаг.
Ашигт малтмалаа авч дуусаагүй, дахин ашиглах шалтгаанаар ухсан нүх, цүнхэл олныг үлдээдэг. Ашигт малтмал олборлогчдын хөлд сүйдэн ширгэчихээд байсан Бөхөгийн голын усны түвшин энэ жил нэмэгдсэнийг нөхөн сэргээлтийн ажлын үр дүн мэтээр ярьж яваа нь буруу. Бороо ихтэй байснаас усны түвшин харьцангуй ихэссэн. Мөн хайрга, элс зөөдөг том машинуудын хөлд манай хорооны нутаг талхлагдан, цагаан шороонд дарагдлаа. Оршин суугчдын олонх нь харшил, ханиаднаас салахгүй байна. Бид дээрх компаниудтай тэмцсэн хэвээр байх болно” гэлээ.
Харин Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын уул уурхайн байцаагч Д.Ганболд “Хайрга, дайрга олборлох ажил хуулийн дагуу, хэвийн явагдаж байна. Нөхөн сэргээлт хийхгүй байх, нүх ухаад орхидог асуудал нэг үеэ бодвол багассан. Энэ жил компаниудын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх талбайн хэмжээг таван хувиар нэмэх үүрэг өгч, биелэлтийг нь хянаж байгаа. Уурхайн ажлын талбай сэндийлсэн газар, ухсан нүх харагддаг.
Гэвч тухай бүрт нь холбогдох арга хэмжээ авч, улирлын ажил дууссаны дараа буюу 10-11 дүгээр сард нүхийг нь бөглөн, мод, ургамал тарьж эхэлдэг. Үнэхээр ашиглалт дуусаагүй байвал өөр талбайд худаг гаргах, хөв цөөрөм байгуулах гэх мэт дүйцүүлэх ажил хийлгүүлдэг. Талбайн ашиглалт бүрэн дуусахад ном журмын дагуу арчилгаа хийсэн талбайг л бид хүлээн авна. Компаниуд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсаар байтал ямар нэгэн иргэн, төрийн бус байгууллагын гомдлоор ажилд нь оролцон, саад болдог байдалд дүгнэлт хийн, халах хэрэгтэй болов уу. Өнгөрсөн онд зөвшөөрлийг нь цуцалсан 95 аж ахуйн нэгжийн 64 нь Хан-Уул дүүрэгт байсан. Нэг үгээр хэлбэл, манайд энэ төрлийн үйлчилгээ явуулдаг байгууллагын тоо цөөрч, зөрчил багассан гэж ойлгож болно” гэлээ.
ТТАМ олборлогчид нөөц ашигласны төлбөрт өчүүхэн мөнгө төлдөг гэх хүмүүс бий. Үүнийг цухас тодруулбал, нийслэлд ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хайгуул хийх зөвшөөрөлд жил бүр зургаа, ашиглалтынхад 40 сая төгрөг төлдөг гэнэ. Харин зөвшөөрлөө хүчинтэй байлгахын тулд дээрх төлбөрөөс гадна тэмдэгтийн хураамжийг га тутамд төлдөг юм байна. Энэ нь эхний жил 100, хоёр дахь жилд 200, гурав дахь жилд нь 300, 4-5 жил ашиглавал 400 төгрөг байдаг аж. 50 га эзэмшдэг компани жилд 5000-20 000 төгрөг төлж буй нь бага гэдгийг хэлэх хүмүүс бий хэмээн нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн хэллээ.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам