Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлан гаргаснаа Дэлхийн банк өчигдөр танилцууллаа. Гадаад нөхцөл байдал тааламжгүй болж буй ч энэ бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн төлөв эерэг хэвээр байна хэмээн үүнд онцолжээ. Гэхдээ худалдааны дайн, АНУ бодлогын хүүгээ өсгөсөн, ам.долларын ханш чангарсан, шинээр хөгжиж буй орнуудад ажиглагдаж байгаа санхүүгийн зах зээлийн савлагааны нөлөөгөөр бүс нутгийн эдийн засгийн төлөв сүүлийн саруудад тодорхойгүй болоод буйг тэмдэглэв.
Монгол Улсын эдийн засаг энэ онд 5.9, ирэх жил 6.6 хувиар өсөх төлөвтэй гэж тус банкныхан тооцжээ. Энэ нь хувийн хэрэглээний өсөлт, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдэж буйтай холбоотой аж. Гэвч богино, дунд хугацаанд улс төрийн тодорхойгүй байдал бий болох, түүхий эдийн үнэ хэлбэлзэх, хил дээр учирч болзошгүй саад экспортод нөлөөлөх, мөнгө угаахтай холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэхгүй байх эрсдэл учирч болзошгүйг анхаарах ёстойг санууллаа.
Ер нь бүс нутгийн жижиг эдийн засагтай орнуудын өсөлтийн төлөв эерэг буй бөгөөд Монгол, Камбож, Лаос, Мьянмар зэрэг улсынх 2018-2020 онд зургаагаас доошгүй хувь байна хэмээн тооцжээ. Сонирхуулахад, БНХАУ-ын эдийн засаг өнгөрсөн онд хүлээлтээс давж өссөн бол энэ жил бага зэрэг саарч, 6.5 хувиар тэлнэ хэмээн таамагласан гэнэ.
Ц.Ундрал