Монголбанкинд 2017 онд тушаасан 20 орчим тонн алтны 66.3 хувийг хувин, олс, хүрз, жижиг техникээр “зэвсэглэн” алт олборлох аянд мордсон хүмүүс бүрдүүлсэн гэвэл хилсдэхгүй нь. Албан бус тоогоор манай улсад 40 000 “нинжа” ганц нэгээрээ болон нөхөрлөл хэлбэрээр алт олборлодог гэнэ. Газрынхаа хэвлийд 4000 гаруй тонн алтны нөөцтэй манай улс шар металлынхаа зохих хувийг “авдарлах”, ард иргэдийнхээ амьжиргаанд дэм болгох, олон улсын зах зээлд өрсөлдөх мөрөөдөлтэй.
Үүнээс гадна татвараас зайлсхийдэг, талаар нэг тархсан хувиараа алт олборлогчдыг хазаарлах, дэг журамд оруулах шаардлага бий. Эдгээр асуудалд шийдэл хайсан “Алтны форум” уузалт, хэлэлцүүлгийг УУХҮЯ, Монголбанк, “Bloomberg TV-Mongolia”-аас өчигдөр зохион байгууллаа. Форумын нээлтийн үеэр уул уурхайн салбарыг “солонгоруулах” зорилтын хүрээнд алтны салбарыг жил бүр, тэрбум давсан ам.долларын орлого бүрдүүлдэг, тогтвортой хөгжлийн тулгуур болгон хөгжүүлэхээр зорьж буй, тийм боломж ч бий гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хэлсэн.
Сүүлийн таван жилд ханшийн өсөлтийг хазаарлан, гадаад валютын нөөцийг нэмэх замаар төгрөгийг “чангаруулах”, макро эдийн засгийн тэнцвэрийг хангахад алт чухал үүрэгтэй байжээ. Эл орчныг бүрдүүлэхийн тулд 2012 оноос алтны салбарт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг (АМНАТ) бууруулж, 2.5 хувь болгон, өсөн нэмэгдэх татварыг тэглэсэн. Ингэснээр 2012-2017 онд Төвбанкны алтны нөөц долоо дахин нэмэгдэж, тэр хэрээр гадаад валютын хуримтлал өсжээ. 1990 онд Монголбанкинд аж ахуйн нэгжүүд нэг тонн алт тушааж байсан бол 2017 онд 20 тоннд хүрэв. Тиймээс ч энэ жил дуусгавар болох АМНАТ-ийн хэмжээг үргэлжлүүлэн, тав хүртэл жил хадгалах саналаа холбогдох байгууллагууд Засгийн газарт хүргүүлсэн байна.
Харин АМНАТ-ийг харьцангуй бага хэмээн хэлэлцүүлэгт оролцогч зарим хүн шүүмжиллээ. Дэлхий нийтэд багадаа таван хувь байдаг эл төлбөр манайд 2.5 байгаа нь эдийн засагт өгөөжгүй гэв. Гэсэн ч алтны салбарынхаа түүхэн туршлагаас харахад татварын хэмжээ өсөхөд тушаах алтны хэмжээ буурч, татвар буурахад, алтны хуримтлал нэмэгдэж байсан гэнэ. Тиймээс ч татварын хэмжээ нэмэхээс илүүтэй, тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийг шудрагаар татвар төлөх орчин бүрдүүлэх нь чухал гэдгийг онцлов. Энд анхаарал татсан нэгэн асуудлыг МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав хөндсөн юм.
Тэрбээр “Өнгөрсөн онд л гэхэд Төвбанкинд тушаасан алтны 66 гаруй хувийг 260 орчим хүн бүрдүүлжээ. Тэд АМНАТ төлсөн ч хувь хүний орлогоо мэдүүлж, орлогын албан татвар төлөөгүй байна. 700 орчим сая ам.долларын алт тушаасан гэвэл тэдэнд 70 сая ам.долларын татварын өр үүсжээ. Нэг үгээр хэлбэл, татварын хар дансанд орчихсон. Гэвч иргэдийн ард аж ахуйн нэгжүүд бий. Үүнийг хэрхэн зохицуулах вэ. Аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа хэсэгчлэн, иргэдээр тушаалгах нь одоохондоо ашигтай харагдавч их хэмжээний татварын өр үүсгэж буйг Монголбанк, Татварын албаныхан мэднэ. Үүнийг бодлогоор зохицуулах шаардлагатай” гэлээ. Харин Үндэсний татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Энхжавхлан “Хэн нэгнийг татвараас чөлөөлөх, төлөх ёстой мөнгийг нь хэлэлцэн, зохицуулах талаар ярьж болохгүй. Орлого олсон иргэн бүр зардал, ашгаа тодорхойлон, зохих татвараа төлөх нь зайлшгүй. Алт тушаасан иргэдийн хувьд ч адил” гэв.
Алт олборлох салбарт талбайн нөхөн сэргээлт орхигдож, геологи, хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог багасгасан нь тулгамдсан асуудал гэдгийг ч оролцогчид хэлсэн. Нэг үеэ бодвол нөхөн сэргээлтийн чанар сайжирч, хамрах хүрээ нэмэгдсэн ч халцгай газар, хатаж ширгэсэн гол, горхи хаа сайгүй бийг хэлэх хүн олон. Хамгийн сүүлд 2012 онд гаргасан нэгдсэн судалгаагаар улсын хэмжээнд 4300 орчим га талбайг нөхөн сэргээлгүй орхижээ. Дунджаар нэг га.д 25 орчим сая төгрөгөөр “сэргээн засал” хийдэг тул үлэмж хэмжээний хөрөнгө, хүч шаардлагатайг БОАЖЯ-ныхан мэдээллээ. Тэд сүүлийн хоёр жилд байгаль орчны тандалт, судалгаа идэвхтэй хийсэн бөгөөд энэ оны сүүлчээр нөхөн сэргээх шаардлагатай болон нөхөн сэргээсэн нэрээр оромдоод орхисон бүс нутгийг тодорхойлж, холбогдох аж ахуйн нэгж, хувь хүмүүст нь хариуцлага тооцох, газар нутгийг сэргээлгэх төлөвлөгөөтэй гэнэ.
Мөн хайгуул удаашралтай, тусгай зөвшөөрөл олгох хүрээ хумигдсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулж, аж ахуйн нэгжүүдэд ирээдүйн эдийн засгийн үр өгөөжөө тооцоход хүндрэл учруулж буй аж. Хайгуул нь ашиглалтаасаа 20 орчим жилээр түрүүлж явах ёстой атал энэ талаар дорвитой алхам хийхгүй, төвийн бүсийн алтны тогтоогдсон нөөцийн хэмжээ дууссан гэдгийг ч хэлэх хүн байв. Хувиараа болон нөхөрлөл байгуулж алт олборлогчдын ажлыг аль болох хязгаарлах, талбайнх нь нөхөн сэргээлтийг хийлгэх, хуулийн дагуу татвар, хураамж авч, нэгдсэн зохион байгуулалтад оруулах ажлыг эрчимжүүлэх талаар ч санал солилцов.
Түүнчлэн форумаар “Алтны салбарын өнөөдөр, маргааш, “Асуудал ба шийдэл” сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр хөндсөн асуудлууд, санал, хүсэлтийг нэгтгэн, товхимол болгон, шийдвэр гаргах түвшнийхэн, алтны салбарт ажиллагсад, хэвлэл мэдээллийнхэнд түгээх аж. Ингэснээр салбарын цаашдын бодлого, авч хэрэгжүүлэх ажилд дэм болох гэнэ.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам