“Монголчууд нэгэн үед хүнсээ, хувцсаа өөрсдөө үйлдвэрлэчихдэг тов хийсэн айл байсан, одоо бүтээж бус, нурааж чаддаг болсон” гэж халаглах хүн цөөнгүй байдаг. Энэ нь нэг талаар гашуун үнэн ч, нөгөөтэйгүүр бид сүүлийн үед дотооддоо юм юм хийх гэж оролдож, бүр зарим аж ахуйн нэгж, байгууллага гадаадад бүтээгдэхүүнээ гаргах хэмжээнд өсөж, хөгжиж байгааг үгүйсгэж болохгүй.
Тэдний нэг бол “Могол ноос” ХХК. Монголыг олон улсад таниулахад тодорхой хувь нэмрээ оруулж яваа тус хамт олон өнгөрсөн бямба гарагт “Номин” их дэлгүүрт “Могол” брэндийн бүтээгдэхүүнээ танилцуулсан бөгөөд тэнд борлуулалт хийх болжээ. Монгол хонины нарийн ноосноос ялган авсан ноолуураар утас ээрч, түүгээрээ нэхсэн даавуугаар “Могол” брэндийн пальто, ороолт зэрэг олон нэр, төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйгаараа онцлог гэдгийг энэ үеэр онцоллоо.
Бараг ноолуур шиг торгон, зөөлөн ноосон драпаар хийсэн пальтонуудын загвар тун шинэлэг санагдав. Мөн “Могол”-ын пальтонуудыг 30 хувийн ноолуурын орцтой ноосон даавуугаар, Япон, Итали, БНСУ, Хятад, Хонконгийн тоног төхөөрөмжөөр өргөтгөсөн үйлдвэрт, 200 гаруй хүний хүч хөдөлмөрөөр урладаг юм байна. Бүтээгдэхүүнийх нь гоёлын оёдлууд чамин, өнгөний сонголт арвин, биед эвтэй, ялангуяа суга, мөрний хэсэгт барихгүй хэрнээ хөдөлгөөн “хаахгүй” байгааг хүмүүс онцлов. Үнэ нь ч боломжийн байгаа нь олзуурхууштайг хэллээ.