Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд “Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй, АМГТГ-ын Кадастрын хэлтэст холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн сарын 30-нд болж, хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилсон юм. Уг төрийн бус байгууллагаас “Сентерра гоулд” компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг цуцлуулах нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн шүүх 2016 оны нэгдүгээр сарын 29-нд хүлээн авч, дараа сарынх нь 25-нд захиргааны хэрэг үүсгэсэн аж.
Энэ хэрэгт гуравдагч этгээдийг төлөөлж оролцох хүмүүсийг өнгөрсөн сарын 14-нд Ерөнхий сайд захирамж гарган томилсон юм билээ. Тухайлбал, ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Билгүүн, тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон аж.
Дээр дурдсан өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтуяа албан томилолтоор гадаадад явсан тул шүүх хурлыг 14 хоногийн хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргасан юм. Хэргийн оролцогчийн хүсэлтийг шүүх хүлээн авч, хойшлуулах шийдвэр гаргахад дээрх ТББ-ынхан шүүх хурлын танхимд үймээн дэгдээсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн болон хууль сахиулах бусад байгууллагаас энэ явдлыг “Шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн” гэж үзэж буй.
Уг нь хуульд зааснаар шүүх хурал хойшлох нь шүүгчээс тэр бүр шалтгаалдаггүй. Тухайн хэргийн оролцогчид ихэвчлэн хойшлуулах хүсэлт тавьдаг, тийм эрхийг хуулиар олгосон байдаг. Тухайлбал, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.2-т “Нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь шүүх хурлаас өмнө тогтоогдсон тохиолдолд уг нөхцөлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр товлосон хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно”, мөн хуулийн 96.2-т “Шүүх хурлын явцад нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай болсон, эсхүл шүүх хуралд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно”, 96.3 “Шүүх хуралдааны явцад шинэ нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 30 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж заасан байдаг.
Дээрх заалтуудыг үндэслэн “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий нэхэмжлэлтэй захиргааны хэргийн оролцогчид шүүх хурлыг хойшлуулах хүсэлт 32 удаа тавьжээ. Шүүх хурал хойшилсон шалтгаануудыг тоон мэдээлэлд үзүүлэв.
ШҮҮХИЙН ТАНХИМААС