ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг, ажил хаясан багш нарын төлөөлөлтэй уулзан, үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Төсөвт байгаа боломжоороо бид багш, эмч, ажилчдынхаа цалинг нэмсэн. 2019 оны эхнээс цалинг инфляцтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ. Ажил хаяснаас болж хүүхдүүд хохирох ёсгүй. Хүүхдүүдийнхээ төлөө ажил хаялтаа зогсоож, хэлэлцээрийн ширээнд сууж ярилцъя. Эдийн засаг, төсвийн орлого сайжрахын хэрээр Засгийн газар багш, эмч, ажилчдынхаа цалин, нийгмийн асуудалд анхаарна. Хүүхдээ ч, багш нараа ч хохироохгүй байх шийдлийг хамтдаа хайя” гэж уулзалтын үеэр хэллээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар МҮЭХ-ны мэдэгдлийг хэлэлцсэн, мөн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа бидэнтэй уулзаж ярилцсан. Одоо ЗГХЭГ-ын дарга хүлээж авч уулзан, асуудлыг шийдвэрлэхийн төлөө байгаад бид талархаж байна. Үйлдвэрчний эвлэл багш нарын цалинг нэмэгдүүлэхийн төлөө цаашдаа ч явна. Бид ажил хаялтыг зогсоохгүй гэж зүтгэсэн зүйл байхгүй” гээд ажил хаялтыг нэг өдөр, ганц цагийн өмнө ч болов зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ойлголцолд хүрч, ирэх даваа гарагаас ажил хаялтыг зогсоохыг ЗГХЭГ-ын дарга МҮЭХ-ны удирдлага болон багш нараас хүслээ. Мөн МҮЭХ-ны зүгээс тавьж буй болон багш нарын өмнө тулгамдсан зарим асуудлаар өргөтгөсөн ажлын хэсэг байгуулав.
Дашрамд дурдахад, цалингаа 50 хувиар нэмүүлэхээр тэмцэж буй багш нарын ажил хаях арга хэмжээ дөрөв дэх хоногтоо үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар улс даяар нийт 54 сургууль, 18 цэцэрлэгийн багш, ажилчид ажил хаяжээ. “Багш нар болон Засгийн газар хоорондын “тэмцэл”-ээс болж хүүхдүүд, тэр дундаа I болон төгсөх ангийн сурагчид хохирч байна” гэх эцэг, эх цөөнгүй байгаа юм.
Мөн өчигдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг багш нарын ажил хаялтыг зохион байгуулж буй МҮЭХ-ноос энэ сарын 3-нд ирүүлсэн мэдэгдлийн хариуг өглөө. МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нарт хаягласан хариу бичигт “Ажил хаях шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалттай зөрчилдсөн гэж үзэхээр байна. Нөхцөл байдал, шийдвэрээс үзэхэд хэлэлцээртэй холбогдуулан үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хамтын маргаан үүсгэж, ажил хаях хууль эрх зүйн үндэслэлгүй. Цалин нэмэх асуудлыг шийдвэрлэхдээ Засгийн газар нийгмийн зөвшлийг үл хүндэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван тал улсын нэмэлт хэлэлцээг яаралтай үргэлжлүүлж төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр дараах асуудлыг хэлэлцэх саналтай байна” гэжээ.
А.Амина