Монгол Улсын Шадар сайд, чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Ө.Энхтүвшин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод ажиллалаа.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Замын-Үүд, Эрээнийг түшиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээг түргэтгэх тухай санамж бичиг байгуулсны дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах бэлтгэл үйл явц эрчимжиж байгаа юм.
Энэ хүрээнд Шадар сайд Замын-Үүдийн чөлөөт бүсээс 1 км орчмын зайд байрлах, 900 га талбай бүхий Эрээний чөлөөт бүсэд хийгдэж байгаа бүтээн байгуулалттай танилцав.
Өнгөрсөн хавраас Эрээний чөлөөт бүсийн төвийн хэсэгт газар дор дэд бүтцийн сүлжээ байгуулах ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар дулаан, цахилгаан, холбоо, цэвэр, бохир усны шугамын орчин үеийн шийдэл бүхий цогц ажлыг гүйцэтгэсэн төдийгүй ойрын хугацаанд 7-н үйлдвэрийн барилгыг угсарч дуусгах ажээ. 2019 он гэхэд энэ хэсэгт 800 сая юань буюу 126 сая орчим ам.долларын өртөг бүхий ажил хийгдэнэ гэж Эрээн хотын удирдлагууд ярилаа.
Шадар сайд мөн өдөр Эрээн хотын хилийн иргэдийн худалдааны бүсийн үйл ажиллагаатай танилцсан.
Энэ төвд Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид Хятадын холбогдох байгууллагууд хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн бараа бүтээгдэхүүнээ худалдаалж эхэлжээ. Эндээс Хятадын иргэд өдөрт 8000 юань хүртэлх үнийн дүн бүхий барааг татваргүйгээр худалдан авч болдог байна.