ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар аймаг, орон нутгийн удирдлагуудтай цаг үеийн асуудлаар цахим хурал хийж, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээллээ. Мөн ургац хураалт, мал мах болон хадлан тэжээл бэлтгэх ажлыг шуурхайлахыг анхааруулж, төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах талаар үүрэг даалгавар өглөө.
Тэрбээр “Улс орны хөгжлийн тулгуур баганын нэг бол төрийн алба. Тийм учраас төрийн алба мэргэшсэн, тогтвортой байхын зэрэгцээ хариуцлагатай, сахилгатай байх нь чухал” гэв.
Төрийн албаны зөвлөлийн өнгөрсөн оны үйл ажиллагааны тайланд тусгаснаар төрийн захиргааны байгууллагуудын дэргэд ёс зүйн 618 хороо ажиллаж байна. Эдгээр хорооноос ирүүлсэн мэдээг нэгтгэн үзвэл 2017 онд ёс зүйн 334зөрчил бүртгэгдэж, хянан шийдвэрлэгдсэн нь 2016 оныхоос 141-ээр өссөн тоо аж. Мөн нэр бүхий байгууллагуудын хийсэн судалгаанаас үзвэл, төрд итгэх итгэл буурч байна.
Санал асуулгад оролцогчдын 75 хувь нь нийгэмд шударга бус байдал газар авч, сахилга хариуцлага алдагдсан, төр хариуцлагатай бус байна гэж хариулжээ. Энэ бүхэн нь төрд ажиллаж байгаа хүмүүс хариуцлага алдаж, ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж буйтай холбоотой гэдгийг Г.Занданшатар тэмдэглэлээ.
“Төрийн албан хаагчид иргэдэд хөнгөн шуурхай, хүнд сурталгүй, тэгш шударга үйлчлэх зарчмыг төрийн бүх шатанд хэрэгжүүлэх учиртай, ингэж байж иргэдийн итгэлийг олж авна, төрд итгэх иргэдийн итгэл сэргэнэ. Төрийн түшмэл нь ёс суртахуунтай, зарчимтай, шударга, нэр хүндтэй байх аваас төр нэр хүндтэй, төрд итгэх иргэдийн итгэл батжина.
Ийм учраас төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хуульчлан тогтоож, хариуцлагыг өндөржүүлэхийн зэрэгцээ албан тушаалтан өөрөө хариуцлага хүлээдэг соёлыг төлөвшүүлэх, хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Засгийн газраас хуулийн төсөл санаачлан боловсруулж, энэ онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг тэрбээр дуулгасан.
Мөн Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, зохион байгуулсан ажил, арга хэмжээний явц, үр дүн, Ерөнхий сайд, Шадар сайд нараас ажлын хариуцлага, дэг журмыг чангатгах чиглэлээр төрийн бүх шатны байгууллагад өгсөн үүрэг чиглэл, хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль эрх зүйн актуудын хэрэгжилтийг шалгах, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар энэ сарын 3-15-нд эрх бүхий төрийн байгууллагын хамтарсан шалгалт хийж буйг ЗГХЭГ-ын дарга мэдэгдлээ.
А.Амина