“Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өчигдөр салбарын яаманд боллоо. Энэ оны эхний долоон сарын байдлаар манай улс 26.3 сая тн нүүрс, 9.2 тн алт, 764.4 мянган тонн зэсийн, 3.1 мянган тн молибдений, 1.7 сая тн төмрийн хүдрийн, 40.6 мянган тн хайлуур жоншны, 46.8 мянган цайрын баяжмал, 3.9 сая баррель газрын тос, 8.4 мянган тн катодын зэс үйлдвэрлэжээ.
Дээрх хугацаанд аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 10 их наяд төгрөгт хүрсний (өмнөх оны мөн үеэс 1.8 их наядаар нэмэгдсэн) долоон их наяд нь уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт ногдсоныг салбарын сайд дуулгав. 1-7 дугаар сард боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр болон цайрын баяжмалыг бүгдийг нь, зэсийн баяжмалын 99.8, чулуун нүүрсний 98.9 хувийг урд хөршид, жоншны 53.7 хувийг мөн БНХАУ, 46-г нь ОХУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 100 хувь Их Британид экспортолжээ. Ер нь манай улс дэлхийн 60 оронд бараа нийлүүлснээс БНХАУ-д 92, Их Британид 3.8, ОХУ-д 1.2 хувь нь ногдсон аж.
Энэ онд 8.1 сая баррель (1.1 сая тонн) газрын тос олборлож, экспортлон төсөвт 223.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр манай улс төлөвлөсөн. Тэгвэл өнгөрсөн сарын 15-ны байдлаар 4.2 сая баррель (569 мянган тонн) тос олборлон, 4.11 сая баррель (558 мянган тонн)-ийг нь экспортолсноор дээрх төлөвлөгөөний биелэлт 50.7 хувьтай байгаа гэнэ. Ер нь энэ онд нийт 6.7 сая баррель газрын тос олборлож, экспортлох юм байна. Дашрамд дурдахад, ОХУ-аас манайд энэ сард нийлүүлэх Аи-92 автобензиний хилийн үнэ 721, дизель түлшнийх 673 ам.доллар/тонн болж, өмнөх сарынхаас 8-10 “ногоон”- оор нэмэгдэх болжээ.
Бэлтгэсэн: Ч.Болор