Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай зарим үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн батлах тухай шийдвэрийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдүүлж эхэлсэн. Уг тогтоолоор хөрөнгийн доод хэмжээг тусгай зөвшөөрлөөс нь хамаарч 30 саяас хоёр тэрбум төгрөг байхаар заасан юм.
Үүнтэй холбоотойгоор “Нэйшнл сэкюритис”, “Тэсо инвестмент ҮЦК”, “Монголын үнэт цаасны бирж” зэрэг 10 компани хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэх, хувьцаа эзэмшигчдийнхээ бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зөвшөөрөл авчээ. Ингэснээр дээрх компаниуд тусгай зөвшөөрлөөсөө хамааран хөрөнгийн хэмжээгээ 40 саяас 1.2 тэрбум төгрөг хүртэл нэмсэн болохыг СЗХ-ноос өчигдөр мэдээллээ.
Дашрамд дурдахад, одоогоор манай улсад брокер дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ зэрэг үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагаа эрхэлдэг 89 аж ахуйн нэгж бий.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам