2016 оныхтой харьцуулахад дэлхийн зах зээлд нүүрсний үнэ хоёр дахин нэмэгдээд буй. Энэ таатай үеийг Монгол Улс бүрэн ашиглаж чадаж байгаа, эсэх, алдагдсан боломж, цаашдын сорилт зэргийн талаар хэлэлцэх “Coal Mongolia-2018” чуулган өчигдөр эхэллээ. Уг нь манай улсын нүүрсний ордууд дэлхийн “хар алт”-ны хэрэглээний 50 хувийг дангаар “залгидаг” урд хөршийн үйлдвэрүүдтэй ойр байрладаг давуу талтай. Өөрөөр хэлбэл, жилд 200 сая тонн нүүрс хэрэглэдэг Хятадын ган, төмөрлөгийн томоохон үйлдвэрүүдтэй газар зүйн хувьд ойрхон.
Бас сайн чанарын, хатуу, коксжих нүүрсний нөөцтэй. Үүнээс гадна тус улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор түүхий нүүрснээс татгалзан, ган, төмөрлөгийн томоохон үйлдвэрүүдээ зах, хязгаар муж руугаа шилжүүлж буй. Тэр нь Өвөрмонголын Бугат хот болон ойр орчмынх нь нутаг дэвсгэр учраас манайд ашигтай. Энэ мэтчилэн таатай боломжийг хэрхэн ашиглах, үнийн өсөлт хэр удаан үргэлжлэх, худалдан авалт буурвал хэрхэх зэргийн талаар чуулганы оролцогчид хэлэлцэв. Ер нь энэ удаагийн чуулганаар оносон, ялснаасаа илүүтэй зорилтоо илүү ярьсан гэхэд болно.
Чуулганыг нээх үеэрээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Хөрөнгө оруулагчдын зүгээс манай орны улс төрийн тогтворгүй байдал, хууль, эрх зүйн тэгш бус орчин, шийдвэр гаргах түвшнийхний туйлбаргүй бодлого зэргийг нэлээд шүүмжилдэг. Бид алдаагаа давтахгүй байх, хөрөнгө оруулагчдыг татах, салбарын үйл ажиллагааг ил тод болгохыг зорьж байна.
Үүний хүрээнд Тавантолгойн бүлэг ордод тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн засаглал, бүтэц, стандартуудыг өөрчлөх, сайжруулах талаар олон улсын мэргэшсэн зөвлөхүүдтэй хамтран ажиллах хэлэлцээрт хүрлээ. Мөн төвлөрүүлсэн, ирээдүйд олох хөрөнгийг төмөр болон авто зам, цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр барих, дэд бүтцийн төсөлд зарцуулж, ордын үнэ цэнийг өсгөхөөр ажиллана. Ингэснээр уул уурхайн дэд бүтэц сайжирч, нүүрсний зах зээл өргөжин, түншүүдэд таатай боломж бүрдэнэ. Түүнчлэн Тавантолгойн ордоос олборлох нүүрсний хэмжээг нэмэх, өртгийг бууруулахаар ажиллаж байна” хэмээн тодотголоо.
Тэгвэл “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Өнгөрсөн жил Монгол Улсын экспортын нийт орлогын 70 хувийг нүүрс, зэс бүрдүүлсэн. Энэ хоёрыг унагавал эдийн засгаа унагана. Бид нүүрсээ завсрын зуучлагчаар дамжуулахгүйгээр бүтээгдэхүүнийхээ чанарыг хадгалахыг зорьдог. Тавантолгойн нүүрс гээд олон юм холиод, чанарыг нь муутгах тохиолдол гардаг.
Боомтын нэвтрэх хүчин чадлаас шалтгаалж тээврийн өртөг нэмэгдэн, тонн тутмаас 10 ам.доллар алдаж байна. Манай компани гэхэд үүнээс жилд 40 сая долларын алдагдал хүлээж байгаа. Төмөр зам тавина гэж 10 жил ярилаа. Энэ хугацаанд 10 тэрбум ам.доллар алдсан тооцоо бий. Төмөр замаа больё гэхэд ойрын хугацаанд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэсэн юм.
Манай орны нүүрсний геологийн таамаг нөөц 170 орчим тэрбум тонн бөгөөд дэлхийд эхний 10-т ордог юм байна. Иймээс ч бүтээгдэхүүний олборлолт, экспортоо нэмэгдүүлэн, дэлхийн нүүрсний зах зээлд том тоглогч болохыг зорьж буй. Өнгөрсөн жил Монгол Улс 29.5 сая тонн нүүрс олборлон, 25 саяыг нь экспортолсон дүн бий. Энэ оны эцэс гэхэд дээрх тоо 40 саяд хүрэх төлөвтэй аж.
Гэвч өнөө л дэд бүтэцгүйн зовлонг тоочсон хэвээр байгааг оролцогчид сануулж байлаа. Ямартай ч салбарын сайдын хэлснээр Тавантолгойн ордын дэд бүтэц, усан хангамжийн асуудлыг сайжруулж, цахилгаан станц барих, баяжуулах үйлдвэрийг байгуулах талаар эрчимтэй ажил эхлүүлжээ. Бас Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгойгоос Ханги-Мандалын боомт руу тавих төмөр замын ажлыг төлөвлөж, төсөл, хөтөлбөрийг нь ч баталжээ. Түүнчлэн нэг бус чиглэлд хатуу хучилттай зам барьж, Гашуунсухайт боомт руу чиглэсэн замын даацыг (65 тонн байгааг 100-д хүргэх) нэмж, засвар үйлчилгээ хийхээр ажиллаж буй гэнэ.
Нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, экспортыг нэмэгдүүлж, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, дэлхийн зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг ахиулах зорилгоор “Гложекс консалтинг”, “Эрдэнэс Монгол”, Монгол нүүрс ассоциац, Хятадын “Fenwei energy information services” компани хамтран зохион байгуулж буй “Coal Mongolia-2018” чуулга уулзалт өнөөдөр өндөрлөнө. “Технологийн дэвшилд хамтдаа” уриатай, найм дахь удаагийн энэхүү чуулганы хоёр дахь өдөр оролцогчид нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, ложистик, нүүрс баяжуулах технологи зэргийн талаар хэлэлцэх юм.
Нүүрсний нөөцийнх нь хэмжээ найман тэрбум тоннд хүрч, дэлхийд тэргүүлэх боломжтой болсон талаарх таатай мэдээг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг чуулганы үеэр дуулгасан. Түүний байр суурийг сонирхлоо.
-Манай компанийн зөвшөөрөгдсөн нийт талбайд нэг сая тууш метр хайгуулын ажил хийснээр нөөцийг бүрэн тодорхойлно. Одоогоор 260 гаруй мянган шоо метр талбайд хайгуул хийгээд байна. Хайгуулын судалгаагаар нөөцийн хэмжээ олон улсад хүлээн зөвшөөрсөн стандартаар 7.6-8 тэрбум тонн боллоо. Энэ бол дэлхийд байхгүй өндөр дүн.
“Эрдэнэс Тавантолгой” нээлттэй хувьцаат компани болохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Таван ажлын хэсэг өдөр, шөнөгүй ажиллаж байгаа. Энэ ажлыг 180 хоногт багтаан хийхээс 65 нь өнгөрөөд байна. Нийт найман үе шаттай ажил хэрэгжүүлэхээс 50-иас илүүг нь гүйцэтгэсэн. Аль биржид хувьцаагаа арилжих, андеррайтерын компани сонгох зэрэг шийдвэрийг ойрын хугацаанд гаргана.
“Эрдэнэс Тавантолгой” компани санхүүгийн хувьд хөл дээрээ зогссон. Мөн хүний нөөцийн тухайд чадварлаг инженер, санхүүч, хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүдтэй болсон. Ер нь IPO-г амжилттай хийнэ гэсэн итгэлтэй байгаа. Бид Тавантолгой, Ханги-Мандалын чиглэлд тавих авто замыг өөрийн хөрөнгөөр барих хүсэлт гаргалаа. Ингэснээр тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэнэ.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам