Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхайн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлжээ. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” компанийн дэмжлэгтэйгээр тус уурхай 61 тоннын даацтай, дөрвөн ширхэг авто самосвалаар машин механизмаа шинэчилсэн байна. Манай улсын төвийн бүсийн эрчим хүч, дулааны 70 гаруй хувийг үйлдвэрлэдэг “ДЦС-4”-ийн нүүрсний хэрэглээний 51 хувийг тус уурхайгаас хангадаг билээ.
“Шивээ-Овоо” компанийн ТУЗ-ийн дарга О.Одбаяр “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ хуралдаж, “Шивээ-Овоо”-д хөрөнгө оруулахаар шийдвэрлэсний дагуу “САТ 773Е” загварын нүүрс тээвэрлэлтийн авто самосвал хүлээлгэн өглөө. Цаашид “Шивээ-Овоо”-гийн өрийг барагдуулж, техник, технологийг шинэчилнэ. Гэхдээ эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл бий. Үүнийг менежментийн аргаар шийдвэрлэхээр зорьж буй бөгөөд 2020 он гэхэд уурхайг хэвийн үйл ажиллагаанд шилжүүлэхээр ажиллаж байна” гэв. Одоогоор тус уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 64 хувьтай байгаа бөгөөд аравдугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөж буй аж.