Хойд хөршийн нүүрсний олборлолт энэ онд нэмэгдэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, олборлолт нь 420 сая тоннд хүрч, 1988 онд ЗХУ-ын үед тогтоосон дээд амжилтыг давж магадгүй байгаа билээ. ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак “Манай улсын экспорт энэ онд 200 сая тонн давахаар байна. Үүний тал нь баруун, үлдэх 100 орчим сая тонн нь зүүн тийш “чиглэнэ” хэмээн өгүүлснийг sxcoal.com цахим хуудсанд мэдээлэв.
Тэрбээр мөн “Дэлхийн нүүрсний зах зээлд эзлэх ОХУ-ын хэмжээ сүүлийн 20 гаруй жилд 3.5 дахин нэмэгдэж, 14 хувьд хүрсэн” гэжээ. Түүнчлэн тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин “Дэлхийн нүүрсний зах зээлд оролцох хувь хэмжээгээ нэмэгдүүлэх болно” хэмээсэн байна. Мөн ОХУ-ын компаниуд өнгөрсөн онд 190 гаруй сая тонн нүүрс экспортолсон нь дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэх үзүүлэлт болсныг онцлоод, “Дэлхийн зах зээл дэх өрсөлдөөн нэмэгдэж байгаа ч дотоодын компаниуд шинэ зах зээлд нэвтэрч, ялангуяа Азийнхад улам хүч түрнэ” гэсэн байна. Эндээс харвал манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний нэг болох нүүрсний зах зээлд хойд хөрш хүчтэй өрсөлдөх нь.