ЗГХЭГ өнгөрсөн хугацаанд ажилчдын цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж, ажлын байран дахь ёс зүй зэрэгт үнэлгээ хийсэн. Мөн өнгөрсөн баасан гарагт ЗГХЭГ-ын албан хаагчдын ажлын өрөөнд Төрийн тусгай хамгаалалтын газраас үзлэг явуулж, ЗГХЭГ-аас томилсон шалгалтын ажлын хэсэг “Засгийн газрын автобааз” УТҮГ-т гэнэтийн шалгалт хийв.
Тус газар нь Засгийн газрын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд байгууллагын дотоод хяналт шалгалтаа чангатгаж ажилласан байна. Он гарсаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн долоон хүнийг халж, зөрчил гаргасан есөн ажилтанд сахилгын арга хэмжээ авсан байжээ.
Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү бодлогыг ЗГХЭГ ёсчлон биелүүлж, харьяа агентлаг, яамд болон төрийн бусад байгууллагадаа үлгэрлэн ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, нийт албан хаагчдадаа үүрэг болгов. Мөн Төрийн ордны харуул хамгаалалт, нэвтрэх хэсгийн шалгалтыг улам чангатгаж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бусад УИХ-ын гишүүн болон бүх хүний бичиг баримтыг тогтмол нягталж, гар тээшийг рентген төхөөрөмжөөр шалган, архи согтууруулах ундаа, хориотой бараа бүтээгдэхүүн авч яваа, эсэхэд хатуу хяналт тавьж байна.
Мөн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Засаг дарга, нийслэлийн ЗДТГ-ын газар, хэлтсийн дарга, дүүрэг, хорооны Засаг дарга нар, харьяа агентлагуудын удирдлагатай уулзаж Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг танилцуулж, үүрэг даалгавар өгөв.
ЗГХЭГ-аас явуулсан шалгалтаар Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах Засгийн газрын 01 тоот албан даалгаврын хэрэгжилт нийслэлийн ЗДТГ-т хангалтгүй байгаа нь илэрсэн юм. Иймд богино хугацаанд зөрчил дутагдалаа арилгаж, шат шатанд хариуцлага, дэг журмаа чангатган, албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэхийг сайд Г.Занданшатар хатуу анхаарууллаа.
Тэрбээр “Сая гаруй хүнд үйлчилж буй нийслэл дэх бүх шатны төрийн албан хаагчид сахилга, хариуцлага дэг журмыг сахиж ажиллаж байгаа, эсэхэд цаашид тогтмол үзлэг шалгалт хийх болно. Мөн үүрэг гүйцэтгэгч, гэрээт ажилчид, түр орлон гүйцэтгэгчдийг Төрийн албаны зөвлөлтэй хамтран шалгаруулж, ирэх сарын 1-ний дотор жинхэлж, цэгцлэх хэрэгтэй. Энэ онд багтаан нийслэлийн бүх шатны төрийн албан хаагчдын дунд мэргэжлийн аттестатчилал явуулна” гэв.